УИХ-ыг тараахаа мэдэгдсэн ч, Онц байдал зарлахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тараахаа мэдэгдсэн ч, Онц байдал зарлахгүй

УИХ-ыг тараахаа мэдэгдсэн ч, Онц байдал зарлахгүй

-ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ-

Шинэ оны эхний долоо хоногт улс төрийн амьдрал бужигнаантай байна.

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санаачлагыг гаргахаа мэдэгдсэн бол эрх баригч намын гишүүд зөрүүлээд “Ерөнхийлөгчтэйгээ, Ерөнхий сайдтайгаа бүгдээрээ огцоръё” гэх хариу барив.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг Засгийн газар гаргасан нь “Монголын зэс” корпорацын зүгээс Олон улсын арбитрт хандахаас аргагүйд хүргэв.

Ардчилсан намын эрх барьж байхдаа босгосон Чингис бондын өрийг бонд гарган төлж байгаагаа Засгийн газар дахин сануулсан нь цөөнхийнхний шүүмжлэлтэй туллаа.  Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийг ч давхар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ

УИХ энэ долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаараа Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч гэнэт зочилж, гишүүдийн ирцэд муу дүн тавив.

Түүгээр үл барам УИХ агаарын бохирдлыг бууруулахад шийдвэртэй алхам хийж чадахгүй бол сар шинийн дараагаас УИХ-ыг тараах санаачилга гаргах болно гэж мэдэгдсэн нь гишүүдийн шүүмжлэлтэй тулав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах эрх байхгүй. Попдох хэрэггүй” гэж, хуулийн хүрээнд ярихыг анхааруулав.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхийлөгчид УИХ-ыг тараах эрх байхгүй. Гэхдээ агаарын бохирдлоор хариуцлага хүлээе гэвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд бүгд огцоръё” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь огцрохдоо тулбал дан ганц УИХ тарахгүй төрийн тэргүүнийг ч давхар “чирч явах” сануулгыг өгөөд амжлаа.

Мөн УИХ-ын даргын зүгээс агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний хүрээнд Онц байдал зарлах боломжгүйг сануулав.

Шинэ оны өмнө Ерөнхийлөгч агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн онц байдал зарлах саналыг УИХ-д ирүүлсэн. Дээрх саналыг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хууль эрх зүйн орчны хүрээнд судалхад Онц байдлын тухай хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүй болохыг танилцуулжээ. Иймээс УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүдийг Засгийн газар шат, шатандаа онц байдлын хэмжээнд хэрэгжүүлж, ажиллахыг спикер үүрэг болгосон юм.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авав

Энэ долоо хоногийн пүрэв гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргав.

Уг шийдвэр нь УИХ-аас баталсан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч байна. Ингэснээр “Монголын зэс” корпорацын эзэмшиж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр суутган тооцох замаар мэдэлдээ шилжүүлж авна. Нийт дүнгээрээ энэ нь 1.3 их наяд төгрөгтэй дүйж байгаа.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Монголын зэс” корпораци Засгийн газрын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгдээд олон улсын Арбитрын шүүхэд хандахаа анхааруулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Монголын зэс” корпораци олон улсын Арбитрт хандсан нөхцөлд хуйвалдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд шилжүүлж авсныг нотлох баримтуудыг хангалттай дэлгэнэ” гэж мэдэгдсэн юм. Ингэхдээ УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаагүй байхад 2016 оны дөрөвдүгээр сард Оросын тал руу 5 сая ам.долларын төлбөр шилжүүлсэн нь хуйвалдаан хэзээний эхэлсэн байсныг илтгэх хангалттай нотолгоо гэсэн бол “Монголын зэс” корпорацын зүгээс “Энэ бол хууль зөрчсөн үйлдэл биш. Дэнчингийн мөнгө байсан” гэдэг тайлбарыг хийгээд буй.

Тиймээс талууд маргаанаа олон улсын Арбитр дээр хагалах болж байна.

Чингис бондын 500 сая долларыг төлөв

Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа буюу 2012 оны сүүлээр олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 сая ам.долларын Чингис бондыг босгосон. Энэхүү зээлийн эхний төлбөр болох  500 сая ам.долларын өрийг өнгөрсөн баасан гаригт төлөв.

Бондын өрийг бонд босгож барагдуулж байгаа юм. Энэ ажлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрохоосоо өмнө гүйцэтгэж амжсан бөгөөд харин шилжүүлгийг нь шинэ Засгийн газрын тэргүүн хийлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх бондын өрийг бонд гаргаж, төлж байгааг сануулаад, Ардчилсан нам Засгийн эрх барихдаа Монголд хүнийрхүү сэтгэлээр хандсан нь эргээд эдийн засагт муу үр дагвар дагуулж, өрийг өрөөр дарахаас аргагүйд хүрснийг онцолсон нь цөөнхийн эсэргүүцэлтэй тулав.

Сөрөг хүчний зүгээс эрх баригч хүчнийг татварын нэмэгдлээ эргэн харж, бууруулахыг шаардаж байна.

Харин Засгийн газрын тэргүүн “МАН Засгийн эрх барьснаар эдийн засагт нааштай үр дүн гарч, татварын орлого өссөн ч гадаад болон дотоод дахь өр, зээлээ эргэн дарахад тэр бүгд зарцуулагдсанаар эдийн засгийн өсөлт ард иргэдийн халаас руу орж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж