Хамгийн ер бусын хотууд

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Хамгийн ер бусын хотууд

Хамгийн ер бусын хотууд

Хорвоо дэлхийн бүхий л хотууд өөр өөрийн гэсэн онцлогтой, давтагдашгүй. Гэхдээ нийтлэг жишгээс хол давсан, итгэмээргүй, ер бусын сонирхолтой хотууд ч бас бий. Тэдгээр өвөрмөц сонин хотуудаас заримыг нь танилцуулъя.


ҮХЭЖ БОЛОХГҮЙ ХОТ

Норвегийн Свалбард мужийн Лонгиербюен хот бол дэлхийн хамгийн хойд хэсгийн хүн суурьшсан газар юм. Хойд туйлтай хамгийн ойр оршдог гэсэн үг. Энэ хот мөн “үхэж болохгүй хот” гэх албан бус нэртэй. Хотод мэдээж оршуулгын газар байдаг, гэхдээ 70 гаруй жил огт ажиллаагүй. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалж нас барсан хүмүүсийн цогцос задарч, араатан, зэрлэг амьтдыг хот руу татахаас сэргийлэх зорилготой гэнэ. Тиймээс бие нь муудаж, үхэл амьдралын заагт ирсэн хүмүүсийг онгоцоор Норвегийн төв рүү шилжүүлдэг ажээ.


ХОЁР УЛСЫН ЗААГТ

Хоёр улсын хилийн зааг завсарт орших өч төчнөөн л хот байдаг. Гэхдээ Бисинген ам Хохрайн хот тэднээс ялгаатай. Швейцарийн хилийн заагт орших Германы хот бөгөөд эдийн засгийн хувьд Швейцарийн хот, харин засаг захиргааны хувьд Германы нэг хэсэг юм.

Сонирхолтой нь, тус хотын үндсэн мөнгөн тэмдэгт нь швейцарь франк. Бас хоёр шуудангийн кодтой. Нэг нь швейцарь, нөгөө нь герман. Түүнчлэн хотын оршин суугчид Швейцарийн, бас Германы утасны дугаар аль алийг нь ашигладаг. Дээр нь “Бисинген” хөлбөмбөгийн клуб бол Швейцарийн лигт тоглодог Германы цорын ганц баг юм.


ХЯТАД ДАХЬ АВСТРИ ХОТ

Хятадууд юуг ч байсан дуурайлгаж, эх хувилбараас нь гажуулалгүй хийж чаддагаараа алдартай. Бүр бүхэл бүтэн хотыг ч дуурайлган хийсэн нь бий. Хилийн дээс алхалгүй аялах боломжийг нэмэгдүүлж, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тэд Австрийн Халлштатт хотыг яв цав дуурайлган хийжээ.

Хамгийн эхлээд гол сүмийг барьж, үргэлжлүүлээд гудамж, зам талбай гээд бүгдийг жинхэнээс нь ялгаагүй бүтээсэн байна. Гэхдээ Хятадад Халлштатт дахь үл хөдлөх хөрөнгө Австрийнхаас илүү үнэтэй байдаг гэнэ.


ҮНЭГҮЙ ХОТ

АНУ-ын Калифорни мужид нэгэн өвөрмөц хот бий. Слаб нэртэй тус хотод орон гэргүй, тэтгэвэртээ суусан, харж хандах хүнгүй, очих газаргүй хүмүүс амьдардаг. Тэд гоожуурын ус, тог цахилгаан, тодорхой хаяг байхгүй машины чингэлэг, овоохой зэрэг хоног төөрүүлнэ. Олон нийт, төр засгийн үйлчилгээ байхгүй, гэхдээ бас түрээс, татвар ч гэж үгүй. Слабчууд амьдардаг хотоо “АНУ-ын хамгийн сүүлчийн үнэгүй хот” гэж нэрлэдэг гэнэ.


АГУЙН ХОТ

Тунисийн өмнөд хэсгийн Матмата хотод одоо ч газар доорх сууцнуудад хүмүүс амьдардаг. 1970-аад оноос газрын хөрсөн дээр байшингууд барьж эхэлсэн ч уугуул оршин суугчид газрын гүн рүү ухаж барьсан уламжлалт сууцандаа амьдрахыг илүүд үздэг гэнэ.


БҮГД НЭГЭН ДЭЭВЭР ДОР

АНУ-ын Аляск мужийн Уиттьер хотын бүх оршин суугч бүгдээрээ хуучин цэргийн байгууламж байсан 14 давхар барилгад аж төрдөг. Тэрхүү ганц байшинд мөн дэлгүүр, цагдаагийн газар, эмнэлэг, сүм гээд бүгд байрладаг гэнэ.

Жилийн бараг бүхий л үед тачигнасан жавар хацар хайрч, хүйтэн салхи жиндүүлж байдаг учир цахилгаан, дулааныг хэмнэх зорилготой аж. Тэгээд ч Уиттьер хот ердөө 220 оршин суугчтай гэнэ.


ЦЭНХЭР ХОТ

Хана, хаалга, шат гээд Мароккогийн Шефшавен хотын бүхий л барилга, талбай цэнхэр өнгөтэй. Урьд өмнө тэнд амьдарч байсан еврейчүүд анх байшингаа цэнхэр өнгөөр будсанаас үүдэлтэй гэх домог яриа байдаг. Учир нь еврейчүүд цэнхэр өнгийг шүтэн, бэлгэддэг аж.

Одоо тус хотод еврейчүүд байхгүй ч уламжлал нь хадгалагдан үлджээ.


ХАДАН ДОТОРХ ХОТ

Испанийн Сетениль-де-лас-Бодегас хот дэлхийн сая сая жуулчдын сонирхлыг татдаг. Учир нь хот бүхэлдээ асар том хадан дотор баригджээ.

Тэнгэрийн оронд толгой дээр хад харагдах гудамж, талбай тэнд бий. Яг л толгой дээрээс унаад ирэх гэж байгаа мэт боловч хэдэн зууны туршид оршин тогтносоор ирсэн юм.


ҮХЭГСДИЙН ХОТ

АНУ-ын Калифорни мужийн Колма хотод 17 оршуулгын газар байдаг. Тэдгээр оршуулгын газар дахь шарилын тоо хотын оршин суугчдаас 1000 дахин их. Учир нь мужийн эрх баригчид ойролцоох Сан Франциско хотын оршуулгын газруудыг нүүлгэх шийдвэр гаргаж, улмаар Колма хотод шилжүүлжээ. Хуучин тус хотод булшны нүх ухагч, цэцэгчин, оршуулгын арга хэмжээ зохион байгуулагч хүмүүс голдуу аж төрдөг байв. Сүүлд 1980-аад оноос өөр бусад хүмүүс суурьших болжээ. Хотын уриа нь “Колма хотод амьд явна гэдэг агуу хэрэг шүү”.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж