Монголын улс төр өчигдөр /2018.01.05/ утаагаар “амьсгалсан” өдөр байлаа.
УИХ Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааныг яаралтай хуралдуулж, дараа нь дахин УИХ “утааны эсрэг” авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 80.4 хувь нь дэмжин баталсан юм.
Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн үдээс хойш нь Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийж, мөн л утааны тухай ярилаа.
Хэдийгээр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшинд агаарын бохирдол, утаа гэсэн сэдвийг тойрон эргэлдэж байгаа нь сайн хэрэг ч бодит байдалд нийцэх шийдвэр, гарах үр дүн чухал.
Монгол Улс утаанаасаа салахын тулд юу хийх вэ? Монголын нэг номерын эмзэг сэдэв болсон энэ асуудлыг шийдэхийн тулд улстөрчдийн зүгээс ямар арга бодож олсныг, тогтоолын төсөлд юу тусгасныг, Ерөнхийлөгч юу ярьж, Ерөнхий сайд юу амласныг тоймлон хүргэе.
НЭГ: Агаарын бохирдлыг бууруулахтай холбооотой
УИХ-ын тогтоолын төсөлд юу тусгав
Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дараах тодорхой арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Онцлох заалтуудыг түүвэрлэв.
Зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авах,
Сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх,
Аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах,
Чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих,
Нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох,
Шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх, агаар орчныг бохирдуулж байгаа асуудалд хариуцлагын тогтолцоог цогц тодорхой тусгасан шинэ хуулийн төсөл, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж, өргөн мэдүүлэх,
Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх,
Төрийн зарим байгууллагууд болон төрийн өмчит их, дээд сургуулийг шилжүүлэх, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийх,
Төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх,
ХОЁР: УИХ-ЫН ДАРГА ЮУ ЯРИВ
- Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн онц байдал зарлах саналыг УИХ-д ирүүлсэн. Ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн орчныг судлаад, Онц байдлын тухай хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүй гэж үзлээ.
- УИХ, Засгийн газар болон орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг онц байдал, гамшгийн хэмжээнд үзэж ажиллаж байгаа.
- Хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Батлагдсан тогтоолоор агаарын бохирдлын талаарх хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ төрлийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог чангатгасан зохицуулалт бүхий холбогдох төслүүдийг 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хэрэгтэй.
- Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг үргэлжлүүлэн хянаж шалгах шаардлагатай.
- Гаргасан шийдлээ ойр ойрхон өөрчилдөг байдлаас үүдэн урьд өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ямар ч үр дүнд хүрдэггүй.
- Иргэдийн амьжиргааны түвшинтэй холбож, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг ядуурлыг бууруулах асуудалтай холбож уямаар байна.
- Иргэд гэр орноо дулаалах тоног төхөөрөмж, материалыг авах орлого, санхүүгийн боломжтой болж байж агаар, орчны бохирдлыг шийднэ.
- Амьжиргаа хүнд байгаа иргэдийн хувьд агаар орчны бохирдолд анхаарч чадахгүй, өдөр тутмын амьдралын асуудал нь нэгдүгээр зэргийн асуудал байгаа. Үүнээс үүдэлтэй агаарын бохирдол нэмэгдэж байна.
- Нүүрснээс шингэн болон шахмал түлш үйлдвэрлэх ажлуудыг үргэлжлүүлэн, эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарч, ажиллах шаардлагатай.
- Ажлын хэсэг баталсан хуваарийнхаа дагуу нэгдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн их байгаа газруудад мэргэжлийн байгууллагынхантай хамт ажиллана.
- Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд аймгийн төвүүд, төвлөрсөн суурьшлын бүсүүдийн хэмжээнд агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тодорхойлон Улсын Их Хуралд холбогдох материал, мэдээллийг танилцуулсан.
ГУРАВ: ЕРӨНХИЙЛӨГЧ УТААНЫ ЭСРЭГ ЮУ ХЭЛЭВ
- Утаа бол Монгол оронд, бидэнд тулгараад байгаа гай, гамшиг. Үүнээс өөр гай, гамшиг бидэнд байхгүй.
- Намайг 2004 онд анх УИХ-ын гишүүн болоход энэ тухай ярьж л байсан. Өнөөдөр 2018 онд бид утааны асуудлаа яриад л сууж байна.
- Төрийн ордонд гаргасан үзэсгэлэн худлаа шүү, тэндээс авах юм юу ч байхгүй. Дахиад л нөгөө шахаа орж ирж байгаа. Өнөөдөр бид утаагүй зуух, янз бүрийн шахаа, 147 тэрбум төгрөг, 100-гаад сая ам.долларын эзнийг хариуцлагатайгаар олж гаргаж ирээд, тодорхой шийтгэл өгөх хэрэгтэй.
- Их сургуулиудаа, дотуур байраа, оюутнуудаа хотоос гаргая аа. Зарим яамдыг гаргая, Засаг захиргааны нэгжүүдээ гаргая, зарим урлаг, соёлын байгууллага, музей, бусад газруудаа гаргая. Ингээд шийдчих юм бол хөдөлгөөн хийгдэнэ.
- Дулаалга, дулаан алддаггүй материал чинь орлоготой холбоотой. Дээр үед яагаад болоод байдаг байсан юм бэ гэхээр айлууд гэрээ дулаалчихдаг байсан юм. Ажилгүй иргэд байгаагүй.
- Энэ утааны асуудал хариуцсан гээд байгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй гээд байгаа хүмүүс буруу ярьж байна. Юу яасан генератор, дулаан алдуулдаггүй өрх, дэвсгэр вэ?
- Өнөөдөр гэр хорооллын утаа 80 хувийг эзэлдэг гээд байхад л автомашины утааны хувь яриад яваад байх юм. Үнэхээр утааны асуудлаа шийдэж чадахгүй юм бол УИХ гэж байгаад ч хэрэггүй.
- Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. Их Хурлыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга.
ДӨРӨВ: ЕРӨНХИЙ САЙД ЮУ АМЛАВ
- УИХ-аас 2017 оны 3 дугаар сард батлан гаргасан “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв байгуулна.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг байршилд дэд төв байгуулна.
“Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Аймаг бүрт "1000 айлын орон сууц" төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ.
- Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд зүүн хойд бүсийн усан санг Тасганы усан сан, 3,4 дүгээр хорооллын усан сан, 21 дүгээр хорооллын усан сантай холбох гол шугамыг шинээр байгуулна.
- Орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газар дээрээ оршин суух хүсэлтэй, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоогүй дундын болон захын бүсийн зарим гэр хорооллын иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв”-ийг барьж байгуулах шаардлагатай.
- Ипотекийн зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192.0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Б.БАЯСАХ