Саудын Араб төрийн албан хаагчдад татвар нэмэгдсэний тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Саудын Араб төрийн албан хаагчдад татвар нэмэгдсэний тэтгэмж олгоно

Саудын Араб төрийн албан хаагчдад татвар нэмэгдсэний тэтгэмж олгоно

Шинээр нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын систем хэрэгжүүлж эхэлсэн, мөн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Саудын Арабын засаг захиргаа төрийн албан хаагчдадаа сар бүр тэтгэмж олгохоор болсон байна. Ирэх нэг жилийн хугацаанд төрийн албан хаагчдад сар бүр 260 ам.доллараас доошгүй хэмжээний тэтгэмж олгохыг Саудын хаан Салман тушаажээ.

Түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагаар үйлчлүүлсэн бол татвараас чөлөөлөгдөхөөс гадна өөрийн үндсэн гэртээ зориулж авсан худалдан авалтад татвар оноохгүй байхаар шийджээ.

Саудад хөдөлмөр эрхлэгчдийн гуравны хоёр хувь нь олон нийтийн секторт ажилладаг. Төрийн албан хаагчдын цалин төсвийн зардлын 45 орчим хувийг эзэлдэг байна.

Тус улсад шатахууны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэнээс гадна 2018 оноос эхлэн дийлэнх төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд 5 хувийн НӨАТ ногдуулж эхэлсэн. Түүхий нефтийн зах зээл тогтворгүй байгаа учир дан ганц газрын тосноос хараат байдлыг залруулахаар тус улс анх удаа НӨАТ-ын систем нэвтрүүлсэн юм.

Саудын адилаар Арабын нэгдсэн Эмират мөн шинэ оны эхнээс 5 хувийн татвар ногдуулж эхэлжээ. Арабын нэгдсэн Эмират НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлснээр эхний жилд буюу 2018 онд 12 тэрбум дирхам буюу 3.3 тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон байна.

Олон улсын валютын сангийн зүгээс булангийн орнуудыг эдийн засгаа солонгоруулж, газрын тосны бүтээгдэхүүнээс хараат байдлаас гарахыг аль эртнээс сануулж, шаардаж ирсэн юм. Саудын Араб төсвийн нийт орлогын 90 гаруй хувийг зөвхөн газрын тосны салбараас бүрдүүлдэг, харин Арабын нэгдсэн Эмиратад энэ байдал 80 хувьтай тэнцэнэ.

Дээрх хоёр улсын хувьд төсвийн орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг бага багаар нэвтрүүлж байгаа юм. Саудын Арабт тамхи болон хийжүүлсэн ундаанд татвар ногдуулдаг. Харин Арабын нэгдсэн Эмиратад замын болон аялал жуулчлалын татвар хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ одоогоор орлогын албан татварыг аль ч улс нь нэвтрүүлээгүй байгаа юм.

Персийн булангийн орнуудаас Бахрейн, Кувейт, Оман, Катар улсууд ч мөн НӨАТ-ын системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа, гэхдээ хэрэгжилтийг 2019 он хүртэл хойшлуулжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж