Трампын засаг захиргаа хилийн харуул хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн 33 тэрбум ам.долларын мастер төлөвлөгөө боловсруулжээ. Үүнээс 18 тэрбумыг Трампын эртнээс ярьж ирсэн Мексикийн хилийн дагуу ханан хэрэм босгох ажилд зарцуулахаар төлөвлөсөн гэж CNN мэдээллээ.
Үлдсэн 15 тэрбум ам.долларыг хилийн хамгаалалтын технологи, боловсон хүчин болон бэлтгэл ажилд зарцуулах гэнэ.
Хилийн хамгаалалтыг сайжруулах тухай төлөвлөгөөнд тусгаснаар 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 1155 км урт үргэлжлэх ханан хэрэм барихад зарцуулна. Үүнээс 505 км урт ханыг шинээр суурь босгож, барина, харин 650 км урт ханыг хуучин байсныг засаж, сайжруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 2018 онд 1.6 тэрбум ам.доллараар 96 км, 2019 оны санхүүгийн жилд мөн дээрх хэмжээний зардлаар 104 км зэргээр 10 жилийн хугацаанд барьж дуусгана гэж тооцоолжээ.
Трампын засаг захиргааны боловсруулсан уг төлөвлөгөөг Конгресс хараахан хэлэлцэж эхлээгүй байна.
С.ЦЭЛМЭГ