
Тэгвэл саяхан Жүржийн хувьсгалыг хийхэд гар бие оролцсон Юлия Тимошенког эрх баригчид баривчилсан. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байгаагийн хамгийн сонирхол татмаар нь “ОХУ-тай зөвшөөрөлгүй дур мэдэн байгалийн хийн гэрээ байгуулсан” гэж байгаа. Хэрэв түүний энэ гэрээ нь үнэхээр хууль зөрчсөн л бол дор хаяж таван жил шоронд хоригдох нь тодорхой болоод байгаа талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлэв.
Ю.Тимошенког угийн л “В.Путины утсан хүүхэлдэй” хэмээн хэвлэлүүдэд бичдэг. Энэ нь түүний хувьд төдийлөн өгөөгүй байсан ч одоо л хорыг нь амсаж байгаа бололтой. ОХУ-аас “Наад асуудал чинь манайд хамаагүй” гээд өөрөөсөө зайлуулчихна. Харин BBC агентлагаас явуулсан Ю.Тимошенкогийн асуудлаар хэлэлцүүлгийн үеэр “Эх орны төлөө амь бие зориулсан хатагтай Юлия Тимошенко л хэцүү байдалд ороод байгаа билээ. Мэдээж түүнийг дэмжигч хэсэг хугцаанд жагсаал цуглаан хийж таарна. Тэр болгонд Украйны сөрөг хүчнийхэн болон эрх баригчид аясаар нь хөдлөхгүй л болов уу” гэжээ.
Өчигдөр Пентагоноос АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ю.Тимошенког суллахыг Украйны эрх баригчдад сануулсан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн өнцгөөс авч үзэж байна. Их Британий “Reuters” агентлагийн мэдээлснээр “ОХУ-тай байгалийн хийн гэрээг зөвшөөрөлгүй байгуулсан байхад хаа байсан АНУ Ю.Тимошенког суллахыг шаардсан нь нэлээд сонирхол татаж байна гэжээ. Мөн CNN агентлагт “Ю.Тимошенкогийн гараар яг хэн могой бариулаад байна вэ” гэх утга бүхий нийтлэл гарсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Энд нөгөө л “Орос школ”-ийн арга барил үнэртэх шиг.
Саудын Арабын газрын тосны салбар хариуцсан мэргэжилтэн Шахмут Эль-Фаради “ОХУ Украйнаар дамжуулан Европ тивд байгалийн хий нийлүүлдэг билээ. Тэд газрын тос, байгалийн хийн салбарт ноёрхохын тулд улайран дайрч байгаа нь аймшигтай. Украйн улсын Ерөнхий сайд “Ю.Тимошенкогийн арыг даана гэж” байгаад цагаа тулхаар зөнд нь хаяж байгаа нь утгагүй хэрэг” хэмээн Аль-Жазийраа агентлагт шүүмжилсэн ярилцлага өгчээ.
Ю.Тимошенког ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин яагаад хамгаалахгүй байгаа нь асуудал тодорхой болсон учир уу, аль эсвэл түүний гараар могой бариулаад одоо “Уучлаарай” гээд сууж байгаа хэрэг үү. Тэгээд дэлхий нийтэд ОХУ Гүржийн асуудалд анхаарлаа хандуулаад Украйн улсын байгалийн хийн гэрээний талаар дорвитой мэдэгдэл, хариу өгөхгүй байгаа нь Ю.Тимошенког дэмжигчдийг бухимдуулж байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин
