Энэ долоо хоногт News агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн онцлох ярилцлагуудыг дахин хүргэж байна.
Б.ГАЛБАДРАХ: ЛИЦЕНЗЭД 30 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА
Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэх шийдвэрийг УИХ-аас өнгөрсөн онд гаргасан. Эдгээр татваруудаас дөрөв нь хэрэгжиж байгаа бол үлдсэн гурав нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлүүд багтаж байна. Нэмэгдэж буй татваруудын талаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрахаас тодрууллаа.
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд нэмэгдсэн татваруудыг эргэн сануулахгүй юу?
-2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-аар татварын хуульд өөрчлөлт оруулсан. Ингээд 2017 онд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хос тэжээлт авто машины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 хувь болгох, олон жил явсан авто машины онцгой албан татварыг нэмэгдүүлж өгсөн.
-Харин энэ оноос ямар төрлийн татвар нэмэгдэж байна вэ?
-Хувь хүний цалин түүнтэй адилтгах орлогоос шатлалтай татвар авдаг боллоо. Гэхдээ энэ нь нийт цалин авдаг иргэдийн 5,4 хувьд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлөөд, гар дээр 1,5 сая төгрөгөөс дээш цалин авдаг бол илүү гарсан хэсэгт 15 хувийн татвар төлнө. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 2,5-3,5 сая төгрөгийн цалин авдаг иргэнээс 20 хувийн татвар, 3,5 сая төгрөгөөс дээш цалин гар дээр авдаг иргэнээс 25 хувийн татвар авах юм.
Жишээ нь НДШ төлөөд, гар дээр 2,2 сая төгрөгийн цалин авдаг хүнд 32 мянган төгрөгийн татвар нэмэгдэнэ гэсэн үг.
Харин хүн амын орлогын албан татвараа 10 хувиар төлж байгаа иргэд нэг жилд 84 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд нэмж, 120 мянган төгрөг болгосон. Ингэснээр нийт цалин авдаг иргэдийн 94,6 хувь нь татварын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа.
Б.ЛХАГВАЖАВ: У.ХҮРЭЛСҮХЭЭС ОЛОН ЗҮЙЛ БИТГИЙ ХҮС
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав
-Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол зарим татварын нэмэгдэл. Сангийн сайд бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад Хувь хүний орлогын албан татварын шатлал өөр байдаг гэж тайлбарласан. Харин олон нийт шударгаар татвар төлдөг хэсэгтээ ачааны хүндийг үүрүүлж байна гэж бухимдаж байгаа. Та бол Танхимын ерөнхийлөгч. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө “News” агентлагийн уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. Өнөөдөр нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа асуудал гэнэт гараад ирчихсэн зүйл биш л дээ. Аль өнгөрсөн оны хавар л долоон төрлийн татвар нэмэгдэх шийдвэр гарч байхад манай танхим эсэргүүцээд хэвлэлийн хурал зарлаж байсан юм. Тэгэхэд төр засаг ч, олон нийт ч хэн ч биднийг үгийг тоож сонсоогүй л дээ. Уг нь бид өнөөдөр асуудал болоод байгаа татварын нэмэгдэл чинь ард түмэнд дарамт болно шүү гэдгийг л сануулсан хэрэг. Харамсалтай нь, манайхан яг татвар авах үед нь гэнэт сэрж, бухимдаад байна.
2015 онд УИХ-аар НӨАТ-ын хуулийг өөрчилсөн. НӨАТ-ын хоёр хувийг эцсийн хэрэглэгчдэд буцаан олгодог болсон. Үүний үр дүнд 2016 онд татварын орлого 500 тэрбумаар давж биелсэн. Өнгөрсөн 2017 онд татварын орлого нэг их наяд 300 тэрбумаар давсан. Татварын орлого давж биелээд байхад яагаад иргэдээс авах татварыг улам нэмээд байгаа юм бэ гэдэг асуудлыг нь танхим тавьсан юм. Манай татварын орлого жил бүр нэмэгдэнэ гэдгийг үнэндээ Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ч мэдээгүй. ОУВС-гийнхан ч мэдээгүй.
-ОУВС нь байг гэхэд Сангийн яамныхан ядаж гадарламаар л юм?
-ОУВС-гийн мэргэжилтнүүд бол зөвхөн макро онол дээр ажилладаг. Манай микро системийн онцлогийг мэдэхгүй. Тиймээс Сангийн яам, ОУВС хоёр бол зөвхөн номын загвараар хоёр талаасаа тулчихсан. 2016 онд манай эдийн засаг хасахтай гарсан. Тэгэхээр нөгөөдүүл ахиад танайх хасахтай гарах юм байна гээд татваруудыг нэмэх шийдвэр гаргачихсан юм. Манай ил тодын системийг ойлгоогүй, НӨАТ-ын системийг судлаагүй зөвхөн номын онолоор л явчихсан юм шүү дээ. Хувь хүний орлогын албан татвараас 50 тэрбумыг олно гэж Сангийн яам төсөөлж байгаа юм билээ. Гээд бод доо, 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар манай бүх татварын орлого давж биелсэн. Татварын нэмэгдлээр хурааж авах гэж байгаа мөнгөнөөс нь бараг 50-60 дахин илүү орлого олох боломжийг бид эдийн засагт 2015 олоод өгчихсөн ш тээ.
Ч.ХҮРЭЛБААТАР: "МОНГОЛЫН ЗЭС"-Д ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ЗҮЙЛ БИЙ
Засгийн газар пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэн, УИХ-аас өмнө нь гаргасан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодррууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байгаа 49 хувийг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу харилцан суутгах замаар барагдуулж авна. ‘Монголын зэс’ ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувьд 400.27 сая ам.долларын төлбөр хийсэн байдаг. Энэ төлбөрийг хийхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банкнаас зээл авсан, мөн Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд зээл олгосон. Үүнийг нь суутган тооцох. Дээр нь Сэлэнгэ аймагт хийсэн концессын гэрээний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож, түүний хөрөнгийг суутгалд оруулж тооцох, ‘Эрдэнэт’ -ийн ногдол ашиг 49 хувийг эзэмшигч “Монголын зэс”-рүү шилжсэнийг суутган тооцох зэрэг шийдвэрийг гаргасан. Ингэснээрээ нийт дүнгээрээ 1 их наяд гаруй төгрөгийг харилцан суутгах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах, бүртгэх шийдвэрийг холбогдох агентлагуудад даалгалаа’ гэж мэдэгдсэн юм.
-Сангийн сайд аа, та сул гишүүн байхдаа УИХ-ын 23 дугаар тогтоолыг эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын шийдвэр таны бодлогын эсрэг гарлаа. Хоёрт, “Монголын зэс” корпорацын мөнгө улсынх байсан гэдэг нь шүүхээр тогтоогдсон юм уу?
-Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хоёр сарын хугацаанд 49 хувийг эзэмшигч талтай хэлцэл хийсэн. Хэлцлийн үндсэн дээр асуудлаа Засгийн газарт оруулж танилцуулж байгаа. Засгийн газрын шийдвэр олонхид үндэслэж гардаг. Засгийн газрын гишүүний санал эсрэг байх шийдвэр хурлаар яригддаггүй ээ гэдгийг хэлье.
-Төлбөрийг харилцан суутгах замаар шийдвэрлэнэ гэлээ. Энэ асуудлаа “Монголын зэс”-тэй зөвшилцсөн үү?
-Энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг 2017 оны аравдугаар сарын 26-нд байгуулагдсан. Ажлын хэсэг дөрвөн удаагийн уулзалт хийсэн.
УИХ-ын 23 дугаар тогтоолын 3 дахь заалтад заасны дагуу ийм суутгал хийх саналтай байгаагаа хэлсэн. Тэд нарын хувьд санал нийлэхгүй байгаа зүйл бий гэдгийг хэлье.
“ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛБЭЛ ТАТВАР АВАХГҮЙ”
УИХ хурлаас 2017 оны төсвийг тодотгохдоо хувь хүн газар эзэмших, ашиглах эрхээ бэлэглэсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг оруулж баталсан. Энэ талаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуулаас тодрууллаа.
-Хувь хүн газар эзэмших, ашиглах эрхээ бэлэглэсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулах зохицуулалт 2018 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн нэмэлт зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Улсын их хурлаас 2017 оны арваннэгдүгээр сард Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн холбогдох зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд хувь хүн, хуулийн этгээдүүд эзэмшиж, ашиглаж байгаа газар, тодорхой эрхээ бусдад төлбөртэй болон төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд 10-30 хувийн татвар ногдуулна. Харин өмчилсөн газраа зарвал урьдын адил хоёр хувийн татвараа л төлнө. Мөн тухайн албан татварыг ногдуулах үнэлгээг тодорхойлох аргачлал батлагдсан байгаа. Хувь хүний орлогын албан татварын хуульд бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого гэж үзэж, татвар ногдуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хуулийн зохицуулалт нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ер нь татварын хуульд “Бэлэглэлийн гэрээний орлогоос албан татвар ногдуулах” зохицуулалт байхгүй.
-Татварын ерөнхий газар зах зээлийн ханшаар тухайн газрыг үнэлж, татвар авна гэсэн. Энэ үнэлгээг хэрхэн тогтоох вэ?
-Хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор татвар ногдуулах суурь буюу үнэлгээг хэрхэн яаж тогтоох вэ гэсэн Сангийн сайдын тогтоол гарсан. Тэр тогтоолд гэрээний үнийн дүн буюу зах зээлийн үнэлгээгээр газрыг тэгж үнэлж тогтооно гээд дэлгэрэнгүй тусгасан байгаа. Өмнө нь хүмүүс бэлэглэх ч юм уу, зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдан борлуулж, бодит биш үнэлгээнд татвар ногдуулж байсан. Тэрийг бодитой болгохын тулд хуульд нэмэлт зохицуулалтыг хийж өгсөн.