У.Хүрэлсүх: Худлаа ярьж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Худлаа ярьж чадахгүй

У.Хүрэлсүх: Худлаа ярьж чадахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл хийсний дараа холбогдох сайд нарын хамтаар гишүүдийн асуултад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төллөө гээд та бүхэн яриад байна. Гэхдээ олон улсын зах зээлээс босгосон энэ мөнгөөр үйлдвэр баригдаж, зам тавигдаж, үр ашгаа өгч байгаа шүү. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Сөрөг хүчнийхээ тавьж байгаа шүүмжлэлийг хүлээж авна. Бүх зүйлийг МАН-ын Засгийн газар хүлээж аваад хийсэн зүйл биш. Хариуцлагаас нэг нь зугтаж, нөгөө нь дайрч, давшиж болохгүй. Бид гаргасан алдаа, байгуулсан гавьяагаа хамтдаа үүрэх ёстой. Энэ их өр шир хаанаас эхэлснийг бүгд мэднэ. 2016 онд эдийн засгийн өсөлт -1.4 хувьтай байсан. Өнөөдөр 5.8 хувийн эдийн засгийн өсөлттэй байна. Чингис бондын 500 сая ам.долларыг өнөөдөр төлж барагдууллаа. Цаана нь нэг тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Улс орны эдийн засгийн нөхцөл алгуураар өсөж байна. Гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төсвийн алдагдал 9 хувьд очсон.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүнд эдийн засгийг хүлээж авсан. Шар махтайгаа хатаж байж, улсаа дампууруулах уу, үгүй юу гэдэг сонголттой тулж,  дефольт зарлахыг олон улсын байгууллагууд шаардаж, шахаж  байсан үед зөв шийдвэр гаргасан. Бид улсаа дампууруулахгүйн төлөө олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ нь зөв байсан.

Бондын мөнгийг байшин барилга буцааж төлөгдөх боломжгүй төсөл рүү хийсэн. Энэн дээр маргах шаардлагагүй. Тодорхой тооцоо судалгааг гаргаж байна. Чингис бондоос зээл авсан компаниуд өрөө төлж чадаагүй байна. Улс орныг шинжлэх ухаанч бус байдлаар удирдсаны сөрөг үр дүн хямрал болсон.

Долоон татварын тухай байнга ярьж байна. Энэ татварыг УИХ 2016 онд баталсан. Татварын асуудлаар би Сангийн яаманд очиж, ярилцсан. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл ирнэ. Тэр үед нь ярилцана.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-100 мянган айл ипотекийн зээлд хамрагдсан байдаг. Цаашдаа яах вэ. Хятадын 2 тэрбум юанын буцалтгүй тусламжийг үр ашигтай зарцуулах боломжтой. Энийг ямар хэлбэрээр ашиглах вэ? 

Түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, халамжийн орон сууц Сингапурт хэрэгждэг. Ингэж байж дахин төлөвлөлтийн ажлыг амжилттай хийсэн. Манайх энэ аргуудыг ашиглах ёстой?

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

Ипотекийн зээлд 92 мянган айл хамрагдаж, орон сууцтай болсон. Энэ онд төсвөөс 111 тэрбум, төв банкнаас 192 тэрбумыг гаргаад 33 мянган айл орон сууцтай болсон. Арилжааны банкууд өөрсдөө 2000 гаруй айлд орон сууцны зээл олгосон.

Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас ипотекийн зээлийг төв банкаар хэрэгжүүлэхийг хориглосон. Хятадын 350 сая юаныг Дэнжийн мянгад 1008 айлын орон сууцны иж бүрэн цогцолбор барихад зарцуулна.

Орон сууцнаас гадна 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 960 хүүхдийн багтаамжтай сургууль, авто машин гражтай байх юм. Энэ байранд газраа чөлөөлсөн айлыг түр суурьшуулна. Байр нь ашиглалтад орохоор түрээсийн байраа чөлөөлж өгнө.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Ерөнхий сайд энэ дээр реакци үзүүлэх хэрэггүй, шоу болгох хэрэггүй. Эмзэглэх хэрэггүй. Улс орныг дампууруулсан тухай та бүхэн Засгийн газар авснаас эхлээд хоёр жилийн хугацаанд ярилаа. Уул уурхайн түүхий эдээ зардаг, нүүрс нь үнэгүй болсон үетэй бид тулсан. Аргаа бараад л бид гадаад зах зээлээс бонд босгосон. Бүгдээрээ л улсаа авч үлдсэн. Азаар та нарын үед дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн.

Та нар харин азтай, азаа зөв ашигла. Эдийн засгийг улстөржүүлж болохгүй. Ипотекийг Засгийн газар руу шилжүүлсэн гэсэн. Засгийн газар зээл өгөх юм уу. Сайн хашаа хөтөлбөрийг зогсоосон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд зогссон. Яаж хэрэгжүүлэх юм гаргалгаа байна уу. бидний хөтөлбөрийг зогсоож болно, илүү сайн гаргалгаатай байж зогсоох ёстой. Цаашдаа зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл үүснэ. Яаж хийх юм. Аж ахуйн нэгжүүдээ хаанаас дэмжих юм бэ гэдэгт хариулт чухал байна.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр шатахууны үнэ буурсан. Өнөөдөр та бүхэн өсгөх тухай яриад сууж байна. Өнөөдөр татваруудаа хамгаалаад суугаад байх юм уу. Эдийн засаг өсөж байгаа бол иргэд татварын дарамтад орох учиргүй.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Ипотекийн зээлд 4.2 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 2.3 их наяд нь орон сууцаар баталгаажуулсан бонд. Бондыг хоёр дахь зээлд гаргах асуудлыг судалж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Бодит байдлыг бодитоор нь хэлэх нь үнэнд нийцнэ. Ард түмэндээ амласан, худлаа ярихгүй, хууль бус юм хийхгүй гэж.

Эдийн засаг өссөн нь үнэн, гэхдээ өр зээлд буцааж төлж байна.

Энэ онд 1.3 их наядыг зээлд төлнө, хамгийн хүндрэлтэй он. Эдийн засгийн өсөлт айл бүрийн халаасанд орж чадахгүй байгаа нь үнэн, олсноо өр зээлээ төлөхөд зарцуулж байна.

Өнгөрсөн онд төсвийн орлого 500 сая төгрөгөөр төсөв давж биелсэн, гэвч тэр нь өр зээл дарахад чиглэнэ.

Олон улсын валютын сан руу дайраад хэрэггүй, бид урьж авчирсан. Тус сан жилийн 0.2 хувийн хүүтэй зээл өгч байна, ийм бага хүүтэй зээл дэлхийд байгаа юу. Хэрэв энэ зээлийг олж авч чадаагүй бол арилжааны зээл авах байсан. Гэхдээ хүү нь өндөр. Энийгээ л хэлж байгаа. Муу сайнаа дуудалцах гэсэнгүй, байгаагаа л ярина, цаашдаа ч ярина.

Засгийн газрын цаг дуусаад байна. УИХ үргэлжлүүлж, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч байнгын хороо хуралдаж байгаа тул хуралдаанаа түр завсарлуулаад байна. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж