АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Хиллари Клинтоныг дахин шалгаж эхэлсэн талаар мэдээлж байна. Энэ удаад тэд ‘Clinton Foundation’ буяны сангийн үйл ажиллагаанд мөрдлөгө явуулж байгаа гэв.
Учир нь, тус байгууллагад хувь хүн, томоохон корпораци, гадаадын төр, засгийн газрууд хандив өргөдөг байсан аж. Мөн Хиллари Клинтон төрийн департаментыг удирдаж байх үед АНУ түүний сангийн гол хандивлагч нь байсан эсэхийг шалгаж байгаа гэлээ.
Үүсээд буй нөхцөл байдалд одоогоор улс төрийн төлөөлөгчид болон Clinton Foundation-ийн төлөөлөгчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Сануулахад, 2015-2016 онуудад Клинтон Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгах үйл ажиллагааны анхаарлын төвд орсон. Тэрбээр төрийн нарийн бичгийн дарга байхдаа албаны захиаг хувийн майл хаягаараа дамжуулан авдаг байсан гэх хэрэгт унасан юм.
Гэсэн ч мөрдөх товчоо Хилларигийн талаарх баримт нотолгоо олоогүй. Улмаар тус хэргийн мөрдөх ажиллагааг зогсоосон ч дахин сэргэж, Хилларигийн сонгуулийн кампанит ажилд нь сөргөөр нөлөөлсөн билээ. Клинтоны гэр бүлийн сан (Clinton Foundation) 1997 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон үүсгэн байгуулсан бөгөөд олон нийтэд үйлчлэх буяны байгууллага гэж улсын бүртгэлд бүртгүүлэн, татвараас чөлөөлөгдсөн билээ. 2014 онд тус байгууллага нь нийт хөрөнгийнхөө гуравны нэгийг буяны үйл ажиллагаанд зарцуулсан байна.
А.АНИР