"Засгийн газар хүч түрж, хууль бус шийдвэр гаргалаа"

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

"Засгийн газар хүч түрж, хууль бус шийдвэр гаргалаа"

"Засгийн газар хүч түрж, хууль бус шийдвэр гаргалаа"

"Монголын зэс" корпорацийн төлөөлөгчид “Монгол ньюс” мэдээллийн төвд Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар өнөөдөр /2018.01.05/ мэдээлэл хийлээ. Тэд энэ худалдан авалтад төрийн нэг ч төгрөг байгаагүй гэдгийг онцолсон юм. 


“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн М.Мөнхбаатар:

"Монголын зэс" корпораци Засгийн газартай ямар нэг хэлцэл хийгээгүй. Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа нь “Засгийн газрын 100 хоног”-той нь холбоотой.  Нөгөө талаар Засгийн газар  Дээд шүүхийн шийдвэрийг давсан шийдвэр гаргаж байгаад бид харамсч байна. Нэг намын хоёр Засгийн газар өөр хоорондоо адилгүй шийдвэр гаргаж ирсэн. Энд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Компани бол Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авалт хийсэн. Тэр утгаараа УИХ-ын тогтоолтой санал нийлэхгүй гэдэг тайлбараа ч Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд шүүхийн шийдвэр гарч, ТУЗ-ын гишүүдийг эгүүлэн томилох нөхцөл бүрдсэн. Гэтэл УДШ-ийн шийдвэр гараад гурван долоо хоногийн дараа манай компанийн зүгээс  Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байж л  арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Оны дараа "Эрдэнэт"-ийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг шийдсэн. "Эрдэнэт"-ийн ТУЗ хуралдаад нэг ч хоноогүй байхад УДШ-ийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болголоо. Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн бусад гарц боломжийг хааж байна.

Монголын зэс корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт"-ийн 49 хувь эзэмшлийн асуудлаар маргаантай байсан. Засгийн газар 100 хоногт шахагдаж энэ шийдвэрийг гаргалаа. Манай компанитай хэлцэл хийгээгүй. Хэлцэл гэдэг бол хоёр талын хүлээн зөвшөөрсөн нөхцөлд явагддаг асуудал. Гэтэл Засгийн газрын зүгээс хүч түрж, хэлцэл хийсэн гэх ташаа мэдээлэл өгч, хууль бус шийдвэр гаргаж байгаад харамсч байна.  УИХ-өөс өнгөрсөн онд хууль бус тогтоол гаргасан. Энэ маргаан жил гаруй үргэлжилсний эцэст Улсын дээд шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоосон.

Улстөрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа энэ үйлдэл Монгол Улсад хортой тусна. Эцсийн дүндээ шийдвэр гаргагчид хохирлыг үүрдэггүй, ард түмэн үүрдэг. Цаашид ихээхэн хэмжээний хохирлын дүн яригдах байх. 
 

 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Танай компанийн төлөөлөл Засгийн газрын төлөөлөлтэй хэдэн удаа уулзсан бэ?

-Хоёр гурван удаа уулзсан. Эхний уулзалт  танилцуулах, дараагийн уулзалт бичиг баримт солилцсон. Өнөөдрийг хүртэл хэлцэл хийгдээгүй зөвхөн мэдээлэл солилцох асуудал өрнөж байсан. 

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Өнгөрсөн хугацаанд дотоодын шүүх энэ асуудлыг шийдсэн. Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн гэдгийг тогтоосон. Дахин дахин хууль  зөрчиж байгаа эрх баригчдын үйлдэл олон улсын түвшинд яригдах нөхцөл бүрдсэн. Суутган тооцох замаар тооцоо хийнэ гэдгийг бид ойлгохгүй байна. Засгийн газрын гишүүд өөрсдөө ч сайн ойлгохгүй байсан. Энэ ойлгомжгүй асуудлыг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. 

-Ц.Пүрэвтүвшин захирал залуу хүн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах эх үүсвэрийг хэрхэн олсон бэ?

-Мөнгөний эх үүсвэрийг өмнө нь олон ярьсан. Шүүхийн шатанд ч тайлбарласан. Хэрэв хууль бусаар мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсэн гэж үзэж байсан юм бол Засгийн газар гомдол гаргаад явах эрхтэй шүү дээ. Засгийн газар олон нийтийн анхаарлыг татах гэсэн үйлдэл нь шат шатанд харагдаж байна. 

-ОХУ-ын "Ростех"-тэй хийсэн наймаа зөрчигдсөн тохиолдолд буцаад ОХУ авахаар гэрээнд тусгагдсан гэж үнэн үү. Үүнийг яаж шийдэхээр гэрээ байгуулсан бэ?

-Манай гэрээ хэлцэл, ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг ‘Ростех’ ээс худалдаж авсан асуудал бүгд Английн хуулиар явсан. Хэрэв гэрээ хэлцэл зөрчигдсөн тохиолдолд Олон улсын арбитрын шүүхээр явахаар заагдсан байгаа. Гэрээнд заасан нөхцөл зөрчигдөх юм бол эргээд Оросын өмч болно. Эцэст нь Монголын ард түмэн хохирно. Бид оны өмнө ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн, сургууль цэцэрлэг барихаар төлөвлөж байсан. Энэ бүх ажил зогссон гэж ойлгож болно. 

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа 5 сая ам.долларын авлига өгсөн гэсэн яриа байсан. Энэ үнэн үү?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд 5 сая ам.долларын асуудал өчигдөр ярьсан байна лээ. Энэ бол дэнчин байсан. Дэнчин, авлига хоёр өөр. Гэрээ хэлцэл хийх явцад ОХУ, Казакстаны компаниуд өрсөлдөж байсан. Тэгэхээр энэ таван сая ам.доллар бол дэнчин байсан гэдгийг хэлье.

Бичлэг үзэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж