Улаан асрын зүүд (13-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (13-р бүлэг)

Улаан асрын зүүд (13-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Арвангуравдугаар бүлэг

ЧИНЬ КӨ ЧИН НӨГЧСӨНИЙ ДАРАА ЛУН ЖИНЬ ВЭЙ1 ӨРГӨМЖЛӨГДӨЖ, ВАН ШИ ФӨН, НИН ГУОФҮГИЙН АЖИЛД ТУСЛАЛЦАВ

Өгүүлэх нь: Жя Лянь, Дай Юйг, Ян Жөүд хүргэж очсоноос хойш Фөн Жэгийн сэтгэл дотор урамгүй болж орой болгон Пин Эртэй баахан ярьж хөөрч инээлдвэл л даруй унтана. Энэ шөнө Пин Эрийн хамт хөнжлөө үнэрт хүжээр утуулаад хэвтэхдээ, аянд явсан хүмүүс ямар газар байгааг хуруу даран бодсоор санамсаргүй шөнө дөл болгов. Пин Эр дуг нойрон дундаа байхад Фөн Же зүүрмэглэх мэт болж байтал, Чинь авхай гаднаас орж ирээд инээмсэглэн:

-Авга эх сайхан унтаж байна уу. Би өнөөдөр харина. Чи намайг хүргэхгүй юм уу. Авга эх тантай сэтгэл нийлж явсан учир танаас салж ядахдаа, уулзаж салах ёс хийхээр ирлээ. Нэг сэтгэлийн явдал бас гүйцээгүй. Танаас өөр хүнд хэлээд тус болохгүй гэж хэлэв. Фөн Же зүүрмэглэн,

-Ямар сэтгэлийн хэрэг вэ, надад шууд хэлчихээч гэсэнд Чинь авхай

-Авга эх минь ээ, та бол оо энгэсэгтэний доторх баатар бөгөөд тэдгээр бүс бүсэлж жинс зүүсэн эрчүүд хүртэл чамд хүрэхгүй байтлаа “Саран тэргэлшвэл жижигсэнэ. Ус дүүрвэл асгарна” гэсэн цэцэн үгийг яагаад мэдэхгүй байхав. Бас өндөрт гарвал унах нь чанга ч гэж ярьдаг. Одоо манай гэр хөгжин бадарсаар зуун он шахжээ. Гэнэт нэг өдөр жаргал хэтэрч зовлон ирвэл” “Шанси мод унавал сармагчин цөмөөр бутарна” гэдэгчлэн нэгэн үед эрдэм төгс эрхэм угсаа гэгдсэн нь талаар болох бишүү гэж хэлэв. Фөн Же энэ үгийг сонсоод, өвчүү цээжний гүнд баяр хөөргүй болж улмаар айж “Энэ чинь их үнэн үг байна. Гэвч яавал энэ зовлонгоос хэлтрэх вэ” гэж асуув. Чинь авхай хүйтнээр инээж:

-Авга эх минь, юутай тэнэг юм бэ. “Бууралтын дараа мандал ирнэ” гэсэн үг бий шүү. Дэгжрэл ба доройтол гэгч эртнээс эргэх наран, ээлжлэх төр мэт тул хүн яаж чадна. Гэвч одоо мандаж байгаа үед хожмын доройтсон цагийн үйл хэргийг бодолхийлбэл, үүрд бүрэн бүтэн явж болно. Одоо явдал бүхэн цөм тохиров. Ганц хоёр зүйл л тохироогүй. Хэрэв энэ явдлыг энэ мэтээр гүйцэтгэвэл хожмын зовлонг арилгаж болно гэв. Фөн Же,

-Ямар явдал вэ гэсэнд Чинь авхай,

-Одоо дээдсийн онгоныг хэдийгээр дөрвөн цагт тахин тавиглаж байвч ганц тогтсон зардал сүйтгэлгүй. Хоёрдугаарт, хэдийгээр гэрийн сургууль байгуулсан боловч бас тогтсон сүйтгэл мөнгөгүй. Миний бодохоор одоо энэ хөгжин бадарч байгаа үед эдгээр сүйтгэл мөнгө дутагдахгүй. Гэвч доройтон буурсан үед энэ хоёр зүйлийн сүйтгэл хаанаас гарах вэ. Иймийн тул миний бодож байгаагаар одоогийн баян эрхэм байхыг завдаж, дээдсийн онгоны ойр хавиар илүүхэн байшин хашаа, газар тариаланг худалдан авч тахиж тавиглах ба сургуулийн зардлыг цөм үүнээс гарган гэрийн сургуулийг ч энд байгуулбал зохино. Бүх төрлийн ахас захаасаа цуглуулан бүгдээрээ нэг дүрэм журам тогтоож, хожим энэ жилийн амуу тариа, зоос мөнгө, тахиж тавиглах ба сургуулийн зардал зэргийн ажлыг төрлийн олноор аймаг хуваан ээлжлэн захирч болно. Ийнхүү үйлдвэл, өрсөлдөн маргах зүйлгүй бөгөөд бас зарж худалдах явдал ч үгүй. Хожим хэдий ялд унавч хувийн юмсыг алБаньд хураахаас биш, энэ онгон тахилгын хөрөнгө хогшлыг хураахгүй бишүү. Тэр үед хэдий доройтон ядууравч үр хүүхэд мөн энд ирж бичиг сурч тариа таривч тахиж тавиглахыг тасалдуулахгүй байж болно. Хэрэв эдүгээгийн баян эрхмийг тасрашгүй мөнх хэмээн үзэж хожмын учрыг омтгойлбол дээд арга биш болно. Одоо удахгүй бас нэгэн их баярт явдал болж үнэхээр бадарсан гал дээр тос дусааж дэлгэсэн хоргой дээр цэцэг тавьсан мэт хөгжинө. Гэтэл энэ бүхэн цөм нүд ирмэхийн зуур хөгжил бадрал, нэгэн цагийн цэнгэл жаргал болой. “Цэнгэлт хурим эцэстээ тархана” гэсэн цэцэн үгийг мартаж болохгүй. Эртнээс бодолхийлэхгүй бол хожим гэмшивч хожимдоно гэв. Фөн Же яаран,

-Ямар баяр вэ гэж асуусанд Чинь авхай,

-Тэнгэрийн нууцыг задруулж үл болно. Гагцхүү би авга эхтэй нэгэн цагт сэтгэл таарсан тул нэг хоёрын зэрэг салах үг үлдээе. Сайн бодож яваарай гээд

Гурван хавар өнгөрсөн хойно хамаг цэцэг зулгарна

Хувь, хувийн явах замаа тус тусдаа эрнэ… гэж уншив.

Фөн Же дахиад юм асуух гэтэл хоёрдугаар хаалган дээр бэлэвсэрлийн дохио дөрвөнтөө дуугарав. Тэрбээр цочин сэрвэл, хүн ирж: “Зүүн ордны Рун Да найнай өнгөрөв” гэж мэдэгдэв. Фөн Же цочин хамаг биеийн нь хүйтэн хөлс чийхарч хэсэг зуур мэлрээд сая хувцсаа өмсөн Ван Фүрэнийд очив. Бүхэл гэр хотлоороо уйтгарлан зовж гашуудан уярна. Ахмад хүмүүс нь түүний ач элбэрэлтэйг бодно. Үе тэнгийнхэн нь элэгсэг найртайг нь дурсана. Доод үеийнхэн нь түүний энэрэл хайртайг сэтгэнэ. Хөгшин, залуу бүх зарц шивэгчин ядуу доодсыг энэрэн өрөвдөж, настан, нялхсыг хүндлэн энхрийлдэг ачийг нь бодож, гашуудан уйлцгаав.

Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: ойрын өдөр Линь ДайЮйг харьснаас хойш Бао Юй өнчрөн ганцаардаж хүнтэй ярьж хөөрөх ч үгүй, тоглож наадах ч үгүй, үдэш болмогц урамгүйхэн хэвтээд өгнө. Одоо Чинь авхайн үгүй болсныг сонсоод цочин, сэрүүт санд мэнд үсрэн бостол зүрх рүү нь хутгаар чичсэн мэт болж ооёо ёо гэж хашгиран бөөн цусаар бөөлжив. Ши Рэнь нар сандран ирж түшиж аваад, яах билээ та минь. Жя Мүд хэлэх үү, эмч залах уу гэсэнд Бао Юй: “За гайгүй, гайгүй. Бүү сандар. Цочсон гал зүрх рүү харваж, цусны замыг бөглөснөөс боллоо” гээд босож хувцсаа солиод Жя Мүтай уулзаад даруй явах гэв. Ши Рэнь түүний энэ байдлыг хараад сэтгэл зовох боловч бас айж тэгсэн хэр нь хориглох чадалгүйгээ мэдээд арга буюу түүний санаагаар болгов. Жя Мү түүнийг явах гэхэд нь:

-Саяхан амь тавьсан хүний дэргэд уур амьсгаа муу. Бас шөнийн жавар их тул явалгүй байгаад маргааш очиход оройтохгүй гэж хэлэв. Бао Юй юунай сонсох ажээ. Тийн учир Жя Мү тэрэг бэлтгүүлээд хэдэн хүн дагуулж явуулав. Шууд Нин Гөфүгийн хаалганд хүрэхэд ордны хаалга цэлийтэл нээгдтэл, замын хоёр талын дэн өдөр мэт гэрэлтүүлэн улс нааш цааш тасралтгүй холхиж үзэгдэн дотор хайлалдах уйлалдах дуун гарч хад уулнаа хангинан цууриатна. Бао Юй санд мэнд тэрэгнээс бууж чандар тавьсан газар гүйн хүрч, гашуудан уйлсаар Ёу хатантай золгов. Энэ үед хатны ходоодны хууч хөдлөөд орон дээр хэвтэж байв. Тэндээс гараад Жя Жэньтэй уулзав. Энэ зуур Жя Дайрү, Дай Шю, Жя Чи, Жя Жэн, Жя Цун, Жя Чинь, Жя Дүнь, Жя Фин, Жя Гуань, Жя Лань, Жя Фень, Жя Фан нар цөм ирсэн байв. Жя Жэнь уйлан хайлан Дай Жю нарын зүг хандаж:

-Бүх айлынхан, их бага, хол ойрын ураг садан цөмөөрөө миний энэ бэрийг хөвгүүнээс арван хувь давуу гэгчийг мэднэ. Одоо хөөрхий тэр минь, үгүй болоод их хүү минь, үргүй хоцорлоо гээд уйлаан үүсгэв. Хүмүүс түүнийг ятгаж: “Хүн нь нэгэнт үгүй болсон тул уйлаад уйлаад тус болохгүй. Харин хойтын явдлыг нь бэлтгэх л чухал” гэж сануулахад Жя Жэнь алга хавсран: “Хойтын явдалд би чадал чинээгээр чармайна аа” гэж хэлэв.

Ийн ярилцаж байтал Чинь Банье, Чинь Жун Ёу хатны төрлийн хэдэн хүн, бас эгч дүү нар нь хүрч ирэв. Жя Жэнь даруй Жя Чюн, Жя Чэнь, Жя Линь, Жя Чян нарыг явуулж тэнгэрийг сүсэглэх яамны зурхайчийг залуулж өдөр үзүүлье гэв. Тэндээс долоон долоо дөчин ес хоног чандрыг тахиж, гурван өдрийн дараа гашуудал эхлэх мэдээ хүргэнэ гэж тогтов. Энэ дөчин есөн хоногт зуун найман хувраг залж, ихэд нигүүлсэгчид талийгчийн алдал нүглийг наманчлуулж, сүнс мөрийг нь заалгана. Бас Тянь Шян Лю асарт нэг номын тагт зохиож, ерэн есөн шагшаабадыг залж, арван есөн хоногийн ерөөл хуруулж, ланчиг өртлөөсий нь арилгуулна. Дараагаар чандрыг Хуй Бань Юань хүрээлэнд тавьж бас тавин дээд хувраг, тавин дээд бумба залж тагтны өмнө долоон өдөр өглөг буян үйлдэнэ.

Жа Жин их ач бэрийн таалал төгссөнийг сонссон боловч тэр өөрөө ч удалгүй бясалгалаа гүйцэж тэнгэрт дэвших гэж байгаа тул юунд бас гэртээ харьж улаан тоосонд хутгалдаж ёсоо эвдэхэд хүрүүлэх аж. Иймээс төдий л хайхарсангүй. Бүх ажлыг Жя Жэнь эрхлэв. Тэрбээр авсны мод олох гэж их юм болов. Олон самбар мод үзээд тоосонгүй. Энэ үед гашуудалд ирсэн Шюэ Пань, сайн мод эрж байгааг мэдээд:

-Манай модны пүүст нэг зүйлийн мод байна. Түүнийг Тэ Ван шан ууланд ургасан бөгөөд авс хийвэл түмэн онд илжрэхгүй гэдэг юм. Үүнийг манай аав байхдаа авчирсан юм. Уг нь шударга журамт мянган наст Чинь ван авсан бөгөөд хожим тэр зэрэг эвдэрсэн учир хэрэглэсэнгүй. Одоо манай пүүст хадгалаастай байгаа. Авах тэнхээтэй хүн ч алга. Та хэрэглэвэл авчирч үз л дээ гэв.

Жя Жэнь сонсоод машид баярлан авчруулаад үзвэл, хажуу ба ёроолын мод нь найман ямх зузаан, ширхэг нь бин лан мэт, үнэр нь заар зандан адил. Гараар тогшиж үзвэл хаш чулууны дуун гарсанд бүгд гайхав. Жя Жэнь инээж:

-Үнэ хэд гэх вэ гэсэнд Шюэ Пань:

-Энэ бол мянган лан мөнгөөр олж чадахгүй мод. Гэхдээ үнэ Банье гэж ярих юу байхав. Хийсэн хөлсөнд нь хэдэн лан мөнгө шагнавал болно гэсэнд Жя Жэнь ихэд талархаж даруй хөрөө хөдөлгөн авсыг угсарч эхлэв. Тэгтэл Жя Жэн:

-Энэ эдийг ерийн хүн эдлэхэд баахан зохисгүй юмаа. Харин ч өгүүрсээр хийвэл болохгүй юү гэж ятгах өнгөөр асуув. Түүнийг Жя Жэнь юунд сонсох вэ. Ийм байтал Чинь авхайн инж охин Рүй Лань багтран гүйж шатны тулгуур мөргөж үхэв гэсэн үг сонсдов. Энэ хачин явдлыг цөмөөр гайхан шагшрав. Үүнд Жя Жэнь даруй ач охины ёслолоор авсалж чандрыг Хуй Фан Юаны Дэн Шяньд тавив. Бас нэг инж Бао Жу гэгч нь, Чинь авхай хүүхэдгүй учир дуртайяа журмын охин болж пэнс хагалан чандар удирдах2 тушаал гүйцэтгэх гэсэнд Жя Жэнь машид баярлан үүнээс хойш Бао Жуг цөм “Бага авхай” хэмээн дуудах хэрэгтэй гэв. Тэр Бао Жу чандрын өмнө охины ёсоор гашуудан уйлна.

Ийнхүү төрөл төрөгсөд болон хол ойрын олон хүн, хуучин журам ёсоор бэлбэсэрлийг гүйцэтгэв. Үүнд Жя Жэнь бас дотроо: “Жя Рун сая нэг сургуулийн үүдний суралцагч3 төдий тул үүнийг чандрын дарцаг дээр бичээд ямар олиг байх вэ. Бэлбэсэрлийн жагсаал ч ихгүй” гэж бодоод асар тааламжгүй байв. Ийн байтал яг түрүү долоо хоногийн дөрөв дэх өдөрт Да Мин гүн ордны захирагч дотоод тайган Дай Чуань урьдаар тахих бэлгээ хүргүүлээд сүүлд нь их сүйхэнд сууж харанга дэлдэн замын улсыг зайлуулан биеэр тайллагад хүрч ирэв. Жя Жэнь яаран очиж угтан аваад дээд өрөөнд залж цай барив. Энэ үеэр Жя Жэнь арга бодож завшааныг далимдуулан Жя Рун дээ нэгэн зэрэг худалдан авах санаагаа хэлэв. Дай Чуань санааг нь мэдээд инээж:

-Бодвол бэлэвсрэлийн ёслолд баахан өнгөтэй гэсэн санаа юү гэсэнд Жя Жэнь:

-Өвгөн сайд юу андах вэ гэвэл цаадах нь:

-Явдал сайхан таарчихлаа. Нэг сайхан орон тоо сул бий.

Одоо хааны гурван зуун шадар дагагсдад хоёр хүн дутагдаж байгаа. Өчигдөр наран мандалт Хоү түшмэлийн гуравдугаар дүү нь бэлэн мөнгө мянга таван зуун ланг манайд аваачиж өгөөд надаас гуйсан юм. Бид цөм хуучин найз гэдгийг та юун андах вэ. Түүний өвөг эцгийн нүүрийг бодож хүлээсэн юмаа. Одоо бас нэг ор үлдсэн. Юнь Шинфүгийн цэргийн захирагч тарган Фөн, хүүдээ гуйж ирсэнд би дуугараагүй. Одоо танай хүүхэд авах гэвэл, хурдхан шиг нэг товч намтар бичээд ир гэсэнд, Жя Жэнь яаран улаан цаасан дээр намтар бичүүлээд ирэв. Дай Чуань ван харвал, Жян Наний Ин Тянфүгийн Жя Нин Шяны суралцагч Жя Рун нас хорь. Элэнц эцэг Жя Дайхуа угтаа нийслэлийн цэргийн захирагч түшмэл үе залгамжилсан тэргүүн зэргийн хувилгаан жанжны тушаалд байв. Өвөг Жя Жин улаан луу жилийн орогсод. Эцэг Жя Жэнь үе залгамжилсан гутгаар зэргийн цог бадралт жанжны тушаалд амой гэжээ.

Дай Чуань, шадар бараа бологчдоо өгөөд:

-Хариад сангийн явдлын сайд4 Лу Жаод өгч нэг хуудас тавдугаар дэсийн хааны шадар бараа бологч Лүн Жиньвэй түшмэлийн бичгийг өгч бас нэг баримт олгон дээр нь энэ намтрыг бичих болов уу гэж гуйж амой. Маргааш би мөнгийг нь, хүргэж очъё хэмээн хэлж өгөгтүн гэв. Түүний бараа бологч Жа гээд тосон авав.

Дай Чуаньтай салах ёс хийхэд, Жя Жэнь дуудан саатуулж чадалгүй ордны хаалгаар гартал үдээд сүйхэндээ суухад нь:

-Мөнгийг би яаманд хүргэх үү. Эсвэл таны ордонд хүргэх үү гэж асуусанд цаадах нь:

-Яаманд хүргэвэл чамд гарз болно. Тиймээс мянган лан мөнгөө нарийн сайхан хэмжээд манайд хүргэж болно гэв. Жя Жэнь талархан баярлаад “Бэлэвсрэл дууссаны дараа биеэр хөвгүүнээ дагуулаад ордонд хүрч мөргөнөө” гээд салав.

Энэ хэр бас “зам зайл” хэмээн дуугарсанд харин шударга төвшин Хэү түшмэл Ши Дэнгийн хатан, ач охин Ши Шян юнийг дагуулан ирж байв. Ван Фүрэнь, Шин Фүрэнь, Фөн Же нар угтан авч гол байшинд оруулав. Тэгтэл үзэсгэлэнт Хэү түшмэл амгалант Хэү түшмэл, насан хутагт Бэй түшмэл ирж гурвуул гэрийн тахилгын бэлгийг чандрын өмнө дэлгэв. Төдөлгүй бас гурван хүн сүйхнээс буухад Жя Жэнь угтаж аваад их танхимд оруулав. Энэ мэтээр ах дүү, ураг садныхны ирэхийг нэг бүрчлэн тоолохуйяа бэрх. Энэ дөчин есөн хоногт Нин Гөфүгийн гудамжинд бэлэвсрэлийн цагаан хувцас цас мэт цайрч баяд ноёдын гоёмсог дээл малгай цэцэг мэт мяралзан маргааш нь Жя Жэнь, Жинь Рун ий ёслолын хувцсыг солиулж баримт бичгийг авчируулав. Тийнхүү чандрын өмнөх тахил тавиг зэрэг зүйлсийг тавдугаар зэргийн ёсоор жагсаан, чандрын пайз дээр “Зарлигаар өргөмжлөгдсөн Жя овогтны Чинь авхайн чандар” хэмээн бичив. Хуй Фань Юаний гудамжийг шахсан хаалгыг цэлийтэл нээн, хоёр талаар нь бэлэвсрэлийн хөгжимчдийг байрлуулан тогтмол цагт хөгжим дуугаргаж, хос хос жагсаалын мөрийг хутгаар хэрчсэн мэт тэгш сайхан жагсаав. “Улаан дэвсгэр дээр алтан үсгээр шигтгэсэн хоёр том пайзыг хаалганы гадна босгож дээр нь том үсгээр “Дотоод ордныг сэргийлэн хамгаалах дотоод хотын шадар хиа Лун Жиньвэй” гэж бичээд эсрэг талд өндөр гэгч номын тагт босгон хувраг бумба нар тэнд сууж, хавтсан дээр “Үе залгамжилсан Нин Гуогунгийн ахмад оч бэр дотоод ордныг сэргийлэн хамгаалах дотоод хотын шадар хиа Лун Жиньвэй, Жя овогтны Чинь авхайг оршуулах гашуудал, дөрвөн их тивийн төв дунд тэнгэрийн таалалт мөнх амгалан улсын хоосон чанарыг бясалгах шашин суртахууныг эрхлэгч гол тойн Вань бумбын суртахууны богд Юань Ши овогтны5 Жэн Ижию6 суртахууны эрхлэгч Е нар хичээнгүйлэн бацаг барьж, тэнгэрийн зүг бурханд мөргөМү: “, “Арван найман гаваль шүтээн7 зэрэг бурхан сахиулсан богдын энэрлийг түгээмэл хайрлан бурханы сүрээр хол ойрыг дарангуйлан дөчин есөн хоногт гамшиг нүглийг арилган ариутгах амирлангуй номын газар8” гэх мэтээр бичсэнийг тэр болгон тэмдэглэхийн аргагүй ажээ. Тэр бүхнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Жэнь хэдийгээр санасандаа хүрсэн боловч Ёу хатны хуучин өвчин хөдөлж хэрэг явдалд оролцож чадахгүй учир олон хатны ирж буцахад ёс алдаж, амьтанд шоолуулах вэ гэж зовнино. Яг ийн зовж байтал дэргэд нь байсан Бао Юй: “Хамаг юмыг сайхан зохион байгуулсан мөртөө их ах та юунд зовоод байгаа юм бэ” гэж асуусанд Жя Жэнь гэрийн хүн оролцоогүй болохоор тэр гэж учраа хэлэв.

Бао Юй инээж: “Энэ юу нь хэцүү байх вэ. Энэ нэг сар дотор осолдохгүй нэг хүнийг танд санал болгоё” гэсэнд Жя Жэнь: “Хэн бэ, тэр чинь” гэсэнд цаадах нь чихэнд нь шивнэв. Жя Жэнь: “Болно, болно” гээд түүнийг хөтлөн дээш гарав.

*  *  *

Өнөөдөр гашуудлын гол өдөр биш болохоор ах дүү, төрлийнхөн төдий л ирсэнгүй. Ирснийг нь Шин Фүрэнь, Ван Фүрэнь, Фөн Же болон бусад эмэгтэйчүүд дайлж байлаа. Гадаа “Даяа ирлээ” гэх сонсогдтол, дотор байсан зарц шивэгчингүүд цөм ухран гарахад ганцхан Фөн Же л ажиг ч үгүй сууж байгаад угтаж босов. Энэ үед ядарч зүдэрсэн Жя Жэнь таяг тулсаар орж ирлээ. Түүнийг хараад Шин ФүРэнь: “Бие чинь муу байгаа үед хэдий ажил их ч гэсэн амсхийх чөлөө л гарвал амарч бай. Энд ирж яах гэсэн юм бэ” гэсэнд цаадах нь амар эрж сөгдөх гэв. Бао Юй яаран очиж түшиж аваад суудалд суулгах гэсэнд суулгүйгээр “Хоёр авга эх, их охин дүүг нэг юманд гуйхаар ирэв” гэвэл Шин ФүРэнь: “Ямар юм болоов” гэж асуув. Жя Жэнь:

-Авга эх таны мэдэж байгаагаар, одоо ач бэр чинь нөгчиж, ах хөвгүүний авгай нь бас өвдөөд гэрийн доторхыг эмхлэх хүн үгүй боллоо. Тиймээс их охин дүүг нэг сар зовоож эндэх ажлыг хариуцуулмаар байна. Тэгвэл сэтгэл амар байхсан… гэтэл Шин Фүрэнь:

-Ердөө л энэ үү? Их охин дүү чинь, одоо хоёрдугаар авга эхийнд чинь байгаа болохоор түүндээ хэлж үзээ гээд инээв. Тэгтэл Ван Фүрэнь:

-Тэр чинь хүүхдээрээ л байгаа шүү дээ. Ийм ажил уг нь хийж үзээгүй болохоор чадах юм уу. Ээ мэдэхгүй. Өөр хүн эрвэл дээр бишүү гэж асуув. Жя Жэнь:

-За би та нарын санааг мэдлээ. Охин дүүг ядраачих вэ гэж байгаа юм уу. Ийм ажил хариуцан хийж чадахгүй гэж байгаа бол буруу шүү. Их охин дүү багаасаа тоглож наадахдаа хүртэл зоригтой шуурхай хүүхэд байсан юм. Одоо бол бүр энд тэнд яваад, тэртээ бүх ордны хэргийг хариуцаж хийсээр сүрхий дадлагатай болсон. Би хэдэн өдөр бодоод их охин дүүгээс өөр хүн, онож олсонгүй. Авга та ач хөвгүүн болон ач бэрээ ойшоож бодохгүй юмаа гэхэд, нөгчсөнийг эрхбиш бодох болов уу л гэж бодсон юм гээд нулимс унагав.

Ван Фүрэнь, Фөн Жег гашуудлын явдал өнгөрөөж үзээгүй тул хамаарч чадахгүй, хүний элэг доог болуузай гэсэн бөгөөд тэгтэл Жя Жэний ийн гунигтай гуйхыг хараад дотроо баахан эг маг болж Фөн Жэгийн царайг харна. Энэ Фөн Же бол ерөөсөө хэрэгт дуртай, чадлаа гайхуулах дуртай хүн болохоор Жя Жэний ийнхүү гуйхыг сонсуут дотроо зөвшөөрөхийн хамт Ван Фүрэнь ч санаатай байгааг мэдээд даруй түүнд хандаж,

-Их ах энэ мэт хүчлэн гуйж байхад Тайтай зөвшөөрөх байлгүй гэв. Тэгтэл цаадах нь:

-Чи чадах юм уу гэж сэмээрхэн асуув. Фөн Же,

-Чадаж ядаад байх юу байгаа юм бэ. Гаднах явдлыг их ах сайхан бэлтгэсэн. Одоо бол зөвхөн гэр доторхыг л янзлах байгаа. Мэдэхгүй юм таарвал Тайтайгаас асуугаад л болоо гэсэнд Ван Фүрэнь зөв юм хэллээ гэж бодоод дуугарсангүй. Жя Жэнь: “Фөн Же зөвшөөрч байна” гэж бодоод инээж:

-За тийм бол юу ч атугай их охин дүүг зовоох хэрэг болжээ. Би энд урьдаар их охин дүүд ёсолъё. Ажил дууссан хойно, танай ордонд ирж талархал хүргэнээ… гээд ёслоход нь Фөн Же хариу ёслов.

Жя Жэнь тэр дороо Нин Гөфүгийн тэмдэгт пайзыг авчруулан Бао Юйгээр Фөн Жэд өгүүлээд:

-Охин дүү минь, та өөрөө эзэн мэдэж сэтгээрэй. Юу хэрэгтэйг очоод авч болно. Надаас асуух хэрэггүй. Ганцхан хүсэх нь, нэр нүүрийг эрхэмд тавихаас биш, зоос мөнгө арвилахыг бодох хэрэггүй. Бас байшингийнханд, орон гэртээ бай гэж шаардаарай. Тэдний дургүйцэхээс айх хэрэггүй. Надад өөр санаа зовох зүйлгүй гэж түүнд анхааруулж хэлэв. Фөн Же тэр даруй пайзыг авалгүй Ван Фүрэнийг харав. Цаадах нь:

-Их ах, ингэж хүсэж байгаа болохоор чи үгийг нь дагах ёстой. Харин өөрөө толгой мэдээд байж болохгүй юмтааралдвал ах, бэргэн хоёроосоо асууж бай гэж анхааруулав. Бао Юй мөнөөх пайзыг Фөн Жед шууд бариулав. Жя Жэнь:

-Охин дүү минь энд сууна уу. Эсхүл өдөр бүр ирж байна уу. Өдөр болгон явах ч зүдэргээтэй юм даа. Би энд нэг байр суллая. Дүү минь, энд хэдэн өдрөөр суувал харин амар гэхэд нь, Фөн Же:

-Хэрэггүй. Тэндээ бас очиж байхгүй бол горьгүй. Өдөр бүр ирж очсон нь дээр гэв. Жя Жэнь: “За тэр болно” гэж зөвшөөрөв.

Төдөлгүй гийчид тарав. Ван Фүрэнь: “Чи одоо юу хийх вэ” гэсэнд цаадах нь: “Тайтай та харь, Би эндэх явдлыг урьдаар нэг зүгийг нь олоод харинаа” гэв. Тэгээд Ван Фүрэнь, Шин Фүрэнь хоёр гарч одсоныг өгүүлэхгүйгээр өгүүлэх нь:

Фөн Же арын гурван өргөө, хажуугийн залгаа байшингаар ороод ийн бодов. Нэгд, хүн хар олон, юм алга болно. Хоёрт, хэрэг явдлыг тусгай хариуцах хүнгүй болохоор бие бие рүүгээ түлхэлцэнэ. Гуравт, Зардал хэтэрхий их, дураар зарж далимдуулан авна. Дөрөвт, ажлын хүнд хөнгөнийг ойлгохгүй, зовлон жаргал тэгшгүй. Тавд, гэрийн зарц дур тааваар байх гэнэ. Нэр нүүртэй нь захиа зарлигийг дагахгүй, нэргүй нь хөдөлж чадахгүй. Энэ таван зүйл бол чухамдаа, Нин Гөфүгийнхэнд заншил болжээ. Ингэж ойлгосноо Фөн Же хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй. Чухам яасныг нь хойтох бүлэгт үзэгтүн!


Тайлбар:

  1. Лүн Жиньвэй-Хааны шадар цэрэг

  2. Пэнс хагалах-Хуучны заншилд чандрыг хөдөлгөхийн өмнө үр хүүхэд нь, чандрын өмнө пэнс түмпэн хагалсны дараа гашуудлын жагсаал хөдөлж явна.

  3. Суралцагч-Хуучин үед улсын хөвгүүдийн сургуулиас гарч хагас дутуу орхигчдыг цөмийг суралцагч гэнэ.

  4. Сангийн явдлын сайд-Бүх улсын газар тариалан, айл өрх, гааль татвар, эдийн засгийг хамаарах яамны сайд.

  5. Юань Ши овогтон-Бумбын суртахууны хамгийн эрхэм сахиусан нь Юань Ши Тиянзунь юм.

  6. Жэн Ижю-Бумбын суртахууны нэг салбар. Гэрээс гарахгүйгээр бумба болох.

  7. Гаваль шүтээн-Сүм хийдийг сахигч бурхан

  8. Амарлингуй номын газар-Мухар сүсгээр бол талийгаачийн сүнсийг төрөл олгож гэтэлгэх газрыг хэлнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж