“Гэр бүлийн гишүүд газар эзэмших эрхээ шилжүүлбэл татвар авахгүй”

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн гишүүд газар эзэмших эрхээ шилжүүлбэл татвар авахгүй”

“Гэр бүлийн гишүүд газар эзэмших эрхээ шилжүүлбэл татвар авахгүй”

УИХ хурлаас 2017 оны төсвийг тодотгохдоо хувь хүн газар эзэмших, ашиглах эрхээ бэлэглэсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг оруулж баталсан. Энэ талаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуулаас тодрууллаа.

Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуул


-Хувь хүн газар эзэмших, ашиглах эрхээ бэлэглэсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулах зохицуулалт 2018 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн нэмэлт зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

-Улсын их хурлаас 2017 оны  арваннэгдүгээр сард Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн холбогдох зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд хувь хүн, хуулийн этгээдүүд эзэмшиж, ашиглаж байгаа газар, тодорхой эрхээ  бусдад төлбөртэй болон төлбөргүй шилжүүлсэн  тохиолдолд 10 болон 30 хувийн татвар ногдуулна. Харин өмчилсөн газраа зарвал урьдын адил хоёр хувийн татвараа л төлнө.   Мөн тухайн албан татварыг ногдуулах үнэлгээг тодорхойлох аргачлал батлагдсан байгаа.  Хувь хүний орлогын албан татварын хуульд бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого гэж үзэж, татвар ногдуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хуулийн зохицуулалт нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ер нь  татварын хуульд “Бэлэглэлийн гэрээний орлогоос албан татвар ногдуулах” зохицуулалт байхгүй.

-Татварын ерөнхий газар зах зээлийн ханшаар тухайн газрыг үнэлж, татвар авна гэсэн. Энэ үнэлгээг хэрхэн тогтоох вэ?

-Хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор татвар ногдуулах суурь буюу үнэлгээг хэрхэн яаж тогтоох вэ гэсэн Сангийн сайдын тогтоол гарсан. Тэр тогтоолд гэрээний үнийн дүн буюу зах зээлийн үнэлгээгээр газрыг тэгж үнэлж тогтооно гээд дэлгэрэнгүй тусгасан байгаа. Өмнө нь хүмүүс бэлэглэх ч юм уу, зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдан борлуулж, бодит биш үнэлгээнд татвар ногдуулж байсан. Тэрийг бодитой болгохын тулд хуульд нэмэлт зохицуулалтыг хийж өгсөн.

Сангийн сайдын журмаар батлагдаад суурь үнийн тогтоож буй нь зөвхөн эзэмших, ашиглах эрх бүхий газрын худалдаатай л холбоотой. Олон нийтийн сүлжээнд буруу ойлголт яваад байна. Дахиад залруулж хэлэхэд, иргэн өмчилсөн хөрөнгөө зарж байгаа бол Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар болох хоёр хувийг төлөх хэвээрээ. Харин газраа эзэмших, ашиглах эрхийг өөр хүнд төлбөртэй буюу төлбөргүйгээр шилжүүлж байгаа бол 30 хувийн татвар ногдуулж байгаа. Өмнө нь үнэлгээ тогтоох боломжгүй л байсан учраас аргачлал баталж зохицуулж өгсөн.

-Тэгвэл гэр бүлийн гишүүд газраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд татвар авах уу?

-Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дүгээр заалтад “Гэр бүлийн гишүүн хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн байвал энэ орлогод хамруулна гэсэн заалтыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө гэж тусгасан. Тийм учраас гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлэхэд татвараас чөлөөлнө гэсэн үг.

-Сошиалд үл хөдлөх хөрөнгө зарж, борлуулахад 25 хувийн татвар ногдуулна гэж буруу зөрүү ойлголт яваад байна?

-Ер нь сошиалаар үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө машинаа зарахад 25 хувийн татвар ногдуулна гэсэн  ташаа мэдээлэл гарч байна. Тэр хөрөнгө чинь таны өмч учраас хөрөнгө борлуулсны орлогын албан татвараа л төлнө. Хөдлөх хөрөнгө /машин/ байвал нийт зарсан дүнгээсээ худалдаж авахтай холбоотой өмнө нь авсан дүнгээ хасаад зөрүү дүнгээсээ 10 хувийн татвараа төлнө. Үл хөдлөх хөрөнгө байвал хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвараа төлнө. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж