Баруун талдаа хүрдтэй машины гэрэлд наалт наана

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Баруун талдаа хүрдтэй машины гэрэлд наалт наана

Баруун талдаа хүрдтэй машины гэрэлд наалт наана

Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын  53 хувь нь  буруу талдаа буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байдаг аж. Гэтэл манай улсын авто замын хөдөлгөөн нь баруун гарын дүрмээр зохицуулагддаг. Тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлалаас хамаарч гэрлийн тусгал нь өөр байдгийг замын цагдаа нар хэлж байна. Мөн жолоочид стандарт бус ксенон, лед гэрэлтүүлгийг тээврийн хэрэгсэлдээ суурилуулдаг. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн тусгалд өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөх нөхцөлийг  бүрдүүлдэг байна.  Тиймээс энэ оны нэгдүгээр сараас эхлэн авто машины гэрлийн тусгалыг өөрчлөх наалт наахаар болсон байна. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Гэрлийн тусгалыг өөрчлөх наалт наалгуулна гэлээ. Жолооч нарт ямар ашигтай гэж?

-Монгол Улсад 1990 оноос өмнө зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашигладаг байсан. 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон юм. Авто тээврийн үндэсний төвөөс 2017 оны есдүгээр сараас эхлээд, буруу хүрдний байрлалтай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх наалт гаргаад өнгөрсөн хугацаанд наалтаа туршиж үзэх, тээврийн хэрэгслүүдэд байршуулах зэрэг сургалтуудыг зохион явуулсан. Харин энэ оноос эхлээд жолооны хүрд нь баруун байрлалтай авто машинуудын тусгалыг өөрчлөх наалтыг наах юм. Нэгдүгээр сараас эхлээд авто машинууд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орох үед нь гэрлийн тусгалыг өөрчлөх наалтыг наана. Сүүлийн жилүүдэд Японоос болон бусад улсаас орж ирж байгаа дийлэнх автомашины хүрд баруун талдаа байрлалтай учраас тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руугаа хэвийсэн тусгалтай байдаг. Харин зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь баруун тал руугаа илүү хэвийсэн байдалтай байгаа. Энэ нь баруун талд байгаа замын тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийг илүү гэрэлтүүлэх тусгалтай. Тэгэхээр манайх шиг баруун гарын дүрмээр зорчдог замын хөдөлгөөнд буруу хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрэл нь сөрөг урсгалаар зорчиж байгаа жолоочийн нүдийг гялбуулдаг. Ялангуяа орон нутгийн замд хоёр урсгалаар өөд өөдөөсөө ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч руу гэрэл нь шууд тусч, үзэгдэх орчин хязгаарлах, нүд гялбуулах зэргээр нөлөөлдөг.

-Гэрлийн тусгалыг өөрчлөх наалт хэдэн төгрөгөөр нааж байгаа вэ?

-2000 орчим төгрөгөөр зарагдах байх. Энэхүү наалтыг хэрэглэхэд ямар нэгэн хүндрэл байхгүй, машины гэрлийн гадна талд наачихад л болно.

-2017 оны байдлаар гарсан зам тээврийн ослын хэдэн хувь нь орон нутагт гарсан бэ?

-2017 онд тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалт журмын эсрэг нийтдээ 1698 бүртгэгдсэн байна. Ослын улмаас 507 хүн нас барж, 1258 хүн гэмтсэн. Зам тээврийн осол гэмтлийн 78 орчим хувь нь орон нутгийн замд шөнийн цагт бүртгэгджээ. Энэ нь машины гэрэлтүүлгийг буруу сонгосонтой холбоотой юм. Нийслэлд машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх, дүрэм зорчих хэлбэрээр осол гардаг. Харин орон нутагт хурд хэтрүүлэх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, эсрэг урсгал сөрөх зэргээр зам тээврийн ослын дийлэнх бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол нь 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, хоёр хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, харин үлдсэн нэг хувь нь замын нөхцөл байдал буюу замын тэмдэг тэмдэглэгээ буруу байршуулсан зэргээс болдог гэх тоо баримт бий.

-Жолооч гэрлээ өөрөө сольчихдог. Энэ нь гэрэлтүүлэгт хэрхэн нөлөөлдөг вэ?

-Үйлдвэрээс гарч байгаа машинууд стандартынхаа дагуу зөв гэрэлтэй байдаг. Харин задаргаа орсон машинуудын гэрэл стандарт бус байх тохиолдол бий. Машинд зөв гэрлийг сонгосон үед байгаа шууд онож шулуун тусдаг, харин буруу гэрэл хийвэл, гэрлийн хугарал үүсээд энэ нь агаарт сарниад сайн гэрэлтүүлдэггүй. Жолооч нар үзэгдэх орчин сайн гэж бодоод лед, ксенон гэрэлтүүлгийг их суурилуулах болсон байна. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн бүрхүүлд тохирохгүй гэрэлтүүлгийг тавьснаар байгаа онож гэрэлтүүлдэггүй. Их хурц гэрэлтэй учир өөдөөс ирж байгаа жолоочийг гялбуулж улмаар осол гарах аюултай. Тээврийн хэрэгслийн гэрлийн бүрхүүл дээр ямар гэрэл суурилуулах вэ гэдгийг нь тодорхой тэмдэглэгээгээр тэмдэглэсэн байдаг. Ихэнх тээврийн хэрэгслийг галоген буюу стандарт гэрэлтүүлэгтэй үйлдвэрлэдэг. Нөгөө талаараа жолооч нар машины гэрлийн арчилгааг сайн хийгээгүй учраас гэрлийн тусгах байдал бүдэг байх тохиолдол бий. Ийм үед машины гэрлийг сайн арчиж, өнгөлөх хэрэгтэй. Тэгвэл гэрлийн тусгал илүү сайжирна. Арчлалт сайн хийгээгүйн улмаас гэрэл муудах нөхцөл бүрддэг гэж болно.

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж