О.Магнай: МАН-ын манарсан 500 хоног өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

О.Магнай: МАН-ын манарсан 500 хоног өнгөрлөө

О.Магнай: МАН-ын манарсан 500 хоног өнгөрлөө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийв. 

Тэд татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ТУВААН:

-МАН-ын мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн татвар нэмэхгүй гэдэг амлалт орсон. Гэвч сонгуулийн дараа энэ заалтаа зөрчиж нийт есөн төрлийн татвар нэмэгдүүллээ. Үүнийгээ ОУВС-гийн шаардлага гэж халхавчилж байгаа. Энэ шийдвэр нь иргэдийн амьдралд хүндээр тусч байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхэд татварын нэмэгдлээ эргэж харах шаардлага хүргүүлсэн. 2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 11 тэрбум ам.доллар байсан. Гэтэл 2014 онд нэг тэрбум ам.доллараас доош орсон. Эдийн засгийн хүндрэлийн үед ч Ардчилсан нам ард түмэнд ачаагаа үүрүүлээгүй. Дотоод зардлаа танах, бусад эх үүсвэрээс санхүүгийн асуудлаа шийдэж байсан. Гэтэл МАН-ынхан ямар ч тооцоо судалгаагүй татвар нэмж байна. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг “Приус” машины татварыг нэмэгдүүлснээр нэг машины үнэ 5 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Ардчилсан нам нэргэсэн хойно нь хашхираагүй. Бид өмнө нь ч хэлж байсан.  1,5 сая төгрөгийн цалинтай иргэдээ чинээлэг гэж үзээд, татвар авч байгаа нь эмгэнэл. Эцэст нь нэмэгдүүлсэн татвараа эргэж харахыг УИХ-аас шаардаж байна. 

АРДЧИЛСАН НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.МАГНАЙ:

-МАН 2016 оны сонгуулиас хойш 500 гаруй хоног өнгөрч байна. Эдгээр хоногт хэрхэн ажилласныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэж, “манарсан 500 хоног” гэдэг тайлангаа гаргасан. МАН-ын Засгийн газар өнгөрсөн 20 гаруй жилийн турш арай хийн бий болсон дундаж давхарга руу дайралт хийсэн байна. Хамгийн сүүлийн статистикаар нийт иргэдийн 900 мянга орчим нь ядуу амьдарч байгааг гаргасан. Гэтэл МАН-ын засаг дундаж давхаргаа байхгүй болгох, бүгдийг нь ядууруулах алхам хийж байна. Өндөр орлого авдаг өндөр цалин авсны төлөө өндөр татвар төлнө гэдэг бол байж болшгүй зүйл юм. Дарга нарын хийсэн алдааны төлөө иргэд хариуцлага хүлээх нь байж болшгүй зүйл юм. Түүнээс гадна Зөвлөлдөх ардчилал нэртэй өөрсдийн намын хүмүүсийг цуглуулж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал авсан. Өнөөдрийн нөхцөлд увайгүй, сэтгэлгүй хүмүүсээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхийг эсэргүүцэж байна. 

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН С.ЭРДЭНЭБОЛД:

-Өнөөдөр Засгийн газрын зүгээс “Чингис” бондын эхний төлбөрийг төлж байна. МАН Засгийн газраа байгуулснаас хойш 2,4 их наяд төгрөг босгосон. Энэ мөнгө юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. “Чингис” бондыг буруугаар ойлгуулах гэж хичээж байна. Гэтэл 1600 төслийг санхүүжүүлж, 60 мянган ажлын байр бий болгосон, авто зам, дэд бүтцийн төсөлд 1,4 их наяд төгрөг зарцуулсан. Гуравхан жилийн дотор 2284 км зам тавигдсан, 33 уулзар шинэчлэгдсэн. Буянт-Ухаа хороололд 200 гаруй айл өрх тав тухтай амьдарч байна. Гэтэл энэ Засгийн газар оруулж ирсэн 2,4 их наяд төгрөгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Тиймээс нэгэнт ард түмний итгэлийг авч гарч ирсэн учраас зөв эдийн засгийн бодлого хэрэгжүүлээч гэж хүсч байна. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж