Х.Баттулга: УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү

Х.Баттулга: УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Чуулганы ирц их муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үеэр оролцохгүй байгаа нь буруу. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад агаарын бохирдлыг бууруулах тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй. Ийм байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргаад яадаг юм.

Өнөөдөр бид дахиад ҮАБЗ хуралдуулж, шийдвэр гаргахаас санаа зовж байна. Монголын хувьд энэнээс өөр гай гамшиг байхгүй. 2004 онд анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход л утааг ярьж байсан. Шийдэж чадахгүй байгаа нь сэтгэл зүрх байхгүй. С.Жавхлан соён гэгээрүүлэх тухай ярьж байна, өнөөдөр Монголд соён гэгээрүүлэх тухай яръя гэхээр гэрэл гэгээтэй юм алга байна. Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Гэр дулаалах юм өнөөдөр ярьж байна. Тийм юм байхгүй. 1.5 сая төгрөг төлөөд гэрээ дулаалах орлоготой иргэн байхгүй. Б.Баттөмөр нарын гишүүд зөв ярилаа, утааг ажилгүйдэл, ядууралтай нь хамт тэглэнэ, өөр арга байхгүй. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү хэмээсэн юм. 

Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах тогтоолын төслөөр санал хураан, дэмжлээ.

Дээрх тогтоолд УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийн тайланг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулах, холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх тогтоолтой холбогдуулж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Шинжлэх ухааны академи одоо гэрийн бүрээс яриад эхэллээ. Гэр хороолол руу дэд бүтэц тавихгүйгээр агаарын бохирдлыг шийдэхгүй. Бусад улс орны туршлага гээд яриад байдаг. Орон сууцжуулахаас өөр аргагүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ид утааны үеэр оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг зэрэг зохицуулах хэрэгтэй.  

Борлогдохгүй байгаа орон сууцыг худалдан авах боломжтой иргэдэд нь өгөөд яндангийн тоог бууруулах ёстой.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Хавар болонгуут байгалийн сайхан луу яваад өгч болохгүй. Сүүлийн хоёр сар Засгийн газар агаарын бохирдолд гол анхаарлаа хандуулж, шийдэл хайж байна. Олон шийдэл байгаа гэдэгтэй санал нэг байна.

Бид Таваншар, 3, 4 хороолол, Баянхошууны уулзвар, Дамбадаржаа, Дарь эхийн овооны 21 мянган айлыг нэгдүгээр улиралд багтаагаад цахилгаанаар хангах боломж бүрдүүлнэ. Мөн 19 мянган айлыг 4 квт-ын цахилгаанаар хангана. Яармагийн дэнжийг өөр аргаар шийднэ.

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 350 мвт-аар нэмэгдүүлнэ.  

Нэг гол асуудал дулаалга. Дулаалга бол 50 хувийн шийдэл. Нэг айлыг дулаалахад 600-800 мянган төгрөг. Төсөв санхүүг шийдэж өгье эрх зүйг шийдэж өгье гэж байгаа юм байна, зөв.

Айлуудыг хуримтлууртай халаагуураар хангана.Нэгдсэн халаалтаар халаахаас татгалзах ёстой. Аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 

Унгасны дараа хавчив, ниргэсэн хойно нь хашиграв гэгчээр утааны тухай хэзээ хойно ярьж байгаа нь шившиг. Татвар нэмээд түмний халааснаас суйлснаа хувааж идсэний хар гай ингэж байна.

Далий, далий юм ярьж суухаар Цагаан овоо, Улаанчулуутад очиж үз. Баянхошуу, Хайлаас дахь айлд очиж хономоор байна.

Нийслэлийг Азийн цагаан дагина гэдэг байж одоо дэлхий даяар шоолж байна. Азийн хар нигер боллоо гээд. Нийлж нэгдээд ажиллаж чадахгүй бол цөмөөрөө ажлаа өг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар амлалтаа биелүүл.

Нийгэм харгис хатуу боллоо л гэж байна. гэгээрэл оюуны төвшинд юу ч хийхгүй байгаагаас л болж байгаа. Энийг хэлэхээр бүгд чив чимээгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандсан. Сүүлд УИХ-ын даргад хандсан.

Соён гэгээрүүлэх талдаа юу ч хийхгүй мөртлөө нийгэм зэрлэгшлээ гэдэг.

Бүхэл бүтэн улс байж, түмнээ зангидаад явж чаддаггүй. Атаа бодсон, хор бодсон, харийн савангийн үлгэрүүд гарч байна. Нийгэм энэнээс болж, бохирдож байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Өвөл болохоор утаа яриад хавар, зун нь мартаад 20 хэдэн жил болж байна. Зах зээл зохицуулдаг гэж хаясны бодит жишээ энэ.

Агаарын бохирдолтой хамт ус, хөрсний бохирдол гээд далд бохирдол бий. Аймшигтай хэмжээнд хүрсэн. Хамтад нь авч үзэх ёстой.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж