
“Сод Монгол” группын шавыг нь тавих боловсруулах үйлдвэрийн тухайд Дорноговь аймгийн Сайншандад босно. Жилдээ 5000 мянган тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрийн тухайд тус групп газрын тосны хайгуулын чиглэлээр ажилладаг учраас түүхий эд нь бэлэн гэж хэлж болно. Харин Дарханд үйлдвэрээ барих “Монгол Секү” компанийн хувьд жилдээ 200 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Мөн “Мон-Эл-Газ” компанийн тухайд 300 мянган тонн газрын тос боловсруулна. Эдгээр үйлдврийн шавыг өнөөдөр нэгэн зэрэг тавьсан шигээ нэгэн зэрэг ашиглалтад оруулбал манай улсын шатахууны хэрэгцээний 70-80 хувь нь монгол шатахуунаар хангагдана гэсэн үг. Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамжийн хомсдолд уягдсан элдэв бэрхшээл ирэх 2015 он гэхэд саарч, тун удалгүй бид одоогийн хямралыг мартана гэсэн үг. Энэ бол наймдугаар сарын 11-ний өдрийг Монгол Улсын түүхэнд тэмдэглэх шалтгаан юм.
Үнэндээ Засгийн газраас 2010 онд “Монгол Улс газрын тос олборлогч орон боллоо” хэмээн зарлахад бид “Хэзээ үйлдвэрлэгч орон болох юм бэ” хэмээн сөргүүлэн асууж байсан. Тэгвэл 2015 оноос эхлэн энэхүү асуултыг дахин давтан тавих шаардлагагүй болох нь ээ.
Салбарынх нь хувьд авч үзвэл энэ оны байдлаар газрын тосны хайгуулын 18 талбайд 14 гэрээлэгч компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуул явуулж байгаа. Мөн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах эрхийг авах хүсэлтээ 17 компани Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд гаргасан ч тэдгээрийн 13 нь өдгөө тусгай зөвшөөрлөө цуцлуулсан. Шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй. Техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулаагүй гэх мэт. Харин хайгуулын чиглэлээр Бүтээгдэхүүн хуваах гараа байгуулсан компаниудын 33 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай байгаа нь энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагч бус харин монголчууд өөрсдөө бие даан өрсөлдөх чадвартай болсныг илтгэж буй. Энэ дундаа “Петро Матад” компани Лондонгийн хөрөнгийн биржээс санхүүжилт босгож чадсан нь газрын тосны салбарынхны амжилтыг чамлахааргүй том болсны жишээ.
Түүнчлэн гэр бүлийнхээ хүчээр дизель түлш үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлийн ханшаас багаар буюу 1250 төгрөгөөр тарааж буй нэгэн ч бий. Анх “Эн Би Эф” компанийн захирал Б.Энхболд өнгөрсөн оны долоодугаар сард түлшний үйлдвэр байгуулсан байдаг. Хаягдал ургамлын тос ашиглаж, өдөртөө хоёр тонн орчим дизель түлш үйлдвэрлэдэг түүний амжилтаар бид бахархахгүй байхын аргагүй. Нэг тонн хаягдал тосноос 600 литр био дизель түлш гаргаад, үлдэгдлээр нь гэр халаах зориулалттай шингэн түлш үйлдвэрлэдэг гэж байгаа.
Г.ОТГОНЖАРГАЛ
"Улс төрийн тойм" сонин