Биткоины талаар санхүүгийн зах зээлийн “акулууд” юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Биткоины талаар санхүүгийн зах зээлийн “акулууд” юу хэлэв?

Биткоины талаар санхүүгийн зах зээлийн “акулууд” юу хэлэв?

Биткоины ханш гэрлийн хурдаар өсч, криптовалютын түүхэнд байгаагүй өндөр үнэ хүрсэн нь 2017 оны топ сэдвүүдийн нэг байсан. Энэ жил ч байдал давтагдана гэж шинжээчид дүгнэж байгаа.

Цахим валютын ханш өнгөрсөн жил 1300 гаруй хувиар өсч, хувьцаа, бонд, алт гээд уламжлалт санхүүгийн хэрэгслүүдийг хол хаясан. Тиймээс ч сүүлийн хэдэн сарын хугацаанд олон нийт, санхүүгийн зах зээлийн нөлөө бүхий эрхмүүд биткоиныг хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Гэхдээ мэдээж шүүмжлэгчид түүнээс дутахгүй олон бий. Тогтвортой бус ханшийн хэлбэлзэл, үндсэн хөрөнгө байхгүй, зохицуулах журам, бодлого дутмаг гээд эрсдэлүүдийг анхааруулах эрхмүүд ч бий. Тухайлбал, Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар, иргэд цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч байгааг анхааруулаад эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалсан.

Тэгвэл, дэлхийн санхүүгийн зах зээлийн нэр хүнд, нөлөө бүхий эрхмүүд БИТКОИН-ыг хэрхэн дүгнэж байна вэ?


 

ДЭМЖИГЧИД

ПИТЕР ТИЛЬ: “Асар их боломж”

“Хэрэв биткоин алтны цахим хувилбар болж чадвал асар их боломж нээгдэнэ” гэж технологийн салбарын хөрөнгө оруулагч, тэрбумтан Питер Тиль өнгөрсөн аравдугаар сард болсон хөрөнгө оруулалтын салбарын чуулга уулзалтын үеэр хэлжээ.

Тиль “хүмүүс биткоиныг дутуу үнэлж байж магадгүй юм шүү” хэмээн хэлж байсан удаатай. Тэрбээр мөн “Биткоин бол үнэ цэнэтэй агуулах гэсэн үг. Төлбөр тооцоо хийхэд заавал ашиглах шаардлагагүй” гэжээ.


КАМЕРОН УИНКЛВОСС: “Их наядаар үнэлэгдэх хөрөнгө”

Ихрийн өрөөсөн Тайлерынхаа хамт биткоин арилжааны Gemini сүлжээг үүсгэн байгуулсан тэрбээр биткоиныг “Хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө” гэж үзэж байна.

Ах, дүү хоёр хамтдаа 2017 онд дэлхийн анхны биткоины тэрбумтнууд болсон юм.


ТИМ ДРЕЙПЕР: “Интернэтээс хойших хамгийн агуу технологи”

“Интернэт бий болсон цагаас хойших хамгийн агуу технологи. Энэ бол социологийн хувьсал, томоохон шилжилт” гэж Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Тим Дрейпер хэлжээ. Тэрбээр өмнө Tesla, Skype гээд олон бизнесийн амжилтыг тун зөвөөр зөгнөж байсан нэгэн.

Дрейпер өөрөө гурван жилийн өмнө биткоинд хөрөнгө оруулж, хэдэн мянган цахим зоос худалдан авчээ.


 

ШҮҮМЖЛЭГЧИД

ЖЕЙМИ ДАЙМОН: “Тэнэглэл”

“Хэрэв биткоин худалдан авч тэнэглэж чадсан бол хэзээ нэг өдөр төлөөсийг нь төлөх л болно” гэж JPMorgan Chase банк, санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Жейми Даймон өнгөрсөн аравдугаар сард хэлж байв. Түүний үзэж буйгаар засгийн газрууд биткоиныг үгүй хийнэ.

Даймон хэзээнээс биткоиныг шүүмжилсээр ирсэн юм. Өмнө нь тэрбээр биткоиныг “луйвар” хэмээн нэрлэж, биткоинд хөрөнгө оруулсан банкны ажилтнуудаа хална ч гэж айлгаж байв.


ЖАНЕТ ЙЕЛЛЕН: “Маш өндөр эрсдэлтэй хөрөнгө”

“Үнэ цэнэ бүхий тогтвортой эх үүсвэр биш. Мөн хууль ёсны төлбөр төлөх хэрэгсэл байж чадахгүй. Энэ бол өндөр эрсдэлтэй хөрөнгө” гэж АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу төв банкны тэргүүн Жанет Йеллен өнгөрсөн сард хэлж байв.


УОРРЕН БАФФЕТ: “Жинхэнэ хөөсрөлт”

“Биткоиныг үнэлэх боломжгүй. Учир нь биткоин өөрөө үнэ цэнэтэй байх боломжгүй санхүүгийн хэрэгсэл” гэж алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффет өнгөрсөн аравдугаар сард хэлжээ. Түүнчлэн биткоины ханш таамаглахын аргагүй өсч байгаа нь “жинхэнэ хөөсрөлт” гэсэн юм.

Тэрбээр аль эртнээс криптовалютыг шүүмжилсээр ирсэн. Өмнө нь, 2014 онд Баффет биткоины ханш 600 ам.доллартай тэнцэж байх үед “хий үзэгдэл төдий зүйл” гэж тодорхойлж байв.


ЛЛОЙД БЛАНКФЕЙН: “Залилангийн машин”

“Нэг шөнийн дотор 20 хувийн өсөлттэй валют гэж юу байх вэ. Энэ бол залилангийн машин” гэж Goldman Sachs-ын гүйцэтгэх захирал Ллойд Бланкфейн арваннэгдүгээр сард хэлж байв. Тэрбээр мөн Goldman Sachs одоогоор биткоины талаар стратеги, бодлого төлөвлөөгүй тухай мэдэгдсэн. Гэхдээ ирээдүйд банк цахим валютаар арилжаа хийх боломжийг үгүйсгээгүй юм.


ЖОЗЕФ СТИГЛИЦ: “Хуулиар хориглох ёстой”

“Биткоин амжилттай яваа цор ганц шалтгаан нь хууль зөрчсөн, хуурмаг үйлдэл ашиглах боломжтой явдал юм. Нийгэмд хэрэгтэй нэг ч үйл ажиллагаанд оролцдоггүй” гэж Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлжээ.

Дэлхийн банкны ахлах эдийн засагчаар ажиллаж байсан энэ эрхэм “биткоиныг хуулиар хориглох ёстой” гэж үздэг ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж