"Насны хишиг"-ийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

"Насны хишиг"-ийн бүртгэл эхэллээ

"Насны хишиг"-ийн бүртгэл эхэллээ

УИХ-аар Ач санах хууль батлагдаж, 65 ба түүнээс дээш насны ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон.
Ингэхдээ цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар тогтсон. 

Цагаан сарын өмнө олгох “Насны хишиг”-ээ авахын тулд өмнө нь бүртгүүлсэн ахмад дахин бүртгүүлэх шаардлагагүй гэнэ. Харин энэ жил шинээр болзол хангасан буюу 2017 оны долдугаар сараас хойш 65 нас хүрч байгаа ахмадын бүртгэл эхэлжээ. Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй, эсвэл болзол хангаагүй ахмадууд Үндэсний баяр наадмын өмнө хамрагдах нь. 

Бүртгүүлэхдээ “Насны хишиг” авах тухай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очих юм байна. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлснээр ‘Насны хишиг’-т хамрагдах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгөх ёстой юм байна.  

Харин хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын мөнгө нь дансанд байршина. Хэрэв авахыг хүссэн тохиолдолд ар гэрийнхнийхээ хэн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

 “Насны хишиг” авах ахмадуудын насыг дөрөв ангилах бөгөөд: 

  • 65-69 настай ахмад настан 50 мянга,
  • 70-79 настай ахмад настан 80 мянга,
  • 80-89 настай ахмад настан 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгодог.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж