Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргыг хууль зөрчин сонгохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргыг хууль зөрчин сонгохыг завджээ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргыг хууль зөрчин сонгохыг завджээ

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдах асуудал давтан гарч, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл одоогоор үүсээд байна гэж АН-ынхан мэдээллээ.

Хуульд зааснаар Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь 50-аас дээш хувийн ирцтэй хуралдаж шийдвэр гаргах ёстой байтал 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг дангаараа буюу 48 хувийн ирцтэйгээр хуралдсан аж. Тэндээс гаргасан шийдвэрүүдийг  Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдрийн 123/ШШ2017/0039 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож хууль бус гэдгийг эцэслэн тогтоосон юм байна.

Хууль хяналтын байгууллага ийнхүү тогтоосоор байтал МАН-ын бүлэг мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 16-нд дахин 16 хүний бүрэлдэхүүнтэй буюу 48 хувийн ирцтэйгээр хуралдан, хууль бус шийдвэрүүдийг гаргасан талаар тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл шинэ оны өмнөхөн хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдсэн.

Тухайлбал, Үндсэн хууль болон бусад холбогдох хууль, дүрэм журмуудыг зөрчин ИТХ-ын даргыг намаасаа хууль бусаар сонгохыг оролдсон нь хурлын бүрэн эрхийг илт зөрчсөн үйлдэл болсон байна.

Хууль бус эдгээр үйлдлүүд нь үүгээр зогсоогүй бөгөөд нэр нь үл мэдэгдэх хүн “Сүхбаатар аймгийн ИТХ-ын тамга алга болсон тул хүчингүй болсон” гэсэн зарыг хэвлэлд өгч, нийтлүүлжээ. Энэ зар нь ямар ч регистр дугааргүй, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй талаар холбогдох байгууллагууд мэдэгдсэн байна.

Харин тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс “Аймгийн Засаг дарга З.Энхтөр нь Улсын бүртгэлийн дарга, байцаагч нарыг ИТХ-ын тамга нь алга болсон тухай тодорхойлолт гаргаж өг хэмээн шахалт үзүүлж удаа дараа дарамталж байсныг баримтаар нотлох боломжтой” гэдгээ ч илэрхийлсэн байна.

Энэ үйлдэл нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан үйлдэл болж байна гэж тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж буй бөгөөд холбогдох бүх шатны байгууллагуудад хандаад байгаа аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж