Төв банкны хяналт хүчтэй байх шалтгаан ба Банкны тухай хууль

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Төв банкны хяналт хүчтэй байх шалтгаан ба Банкны тухай хууль

Төв банкны хяналт хүчтэй байх шалтгаан ба Банкны тухай хууль

УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төслөөр Монголбанкны хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр явуулахаар болж буй. Ингэснээр Монголбанкны хяналт, шалгалтын үйл ажиллагаа хэт хүчтэй буюу банкуудын дотоод үйл ажиллагаанд хэт оролцсон байдалтай болох нь гэх шүүмжлэл бий. Харин үүний нөгөө талд банк бол бусдаас өөр буюу харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэлдүүлж, ашиг олдог, тэр хэрээр төв банкны хяналт, шалгалтан дор үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас илүү хариуцлагатай байх ёстой. Хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд төв банкны хяналт, шалгалт ч бас хүчтэй байх ёстой гэдгийг албаныхан дуулгаж байгаа юм. Тэгвэл өнөөгийн нөхцөлд Монголбанкнаас банкуудад тавьж буй хяналт, шалгалтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ. Үнэхээр өөрчлөх шаардлагатай юу, үгүй юу гэх асуултад хариулт хайлаа. 

ОДООГИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН СИСТЕМ 

Монголбанкны тайлбарлаж буйгаар одоогийн хууль, эрх зүйн орчны хүрээнд Төв банк банкуудад гүйцэтгэлд суурилсан байдлаар хяналт, шалгалт хийдэг. Өөрөөр хэлбэл, эрсдэл нэгэнт гарсны дараа араас нь явж, эрсдэлийг бууруулах, арилгах чиглэлд ажилладаг гэсэн үг. Харин шинэ хуулиар тухайн банкны яг тухайн цаг үеийн үйл ажиллагаа хэвийн байгаа ч ирээдүйд эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал ажиглагдвал Төв банкнаас тодорхой шат дараатай арга хэмжээ аваад явах аж. Ингэснээр Төв банк банкуудынхаа өмнө нь явж, эрсдэлийг урьдчилан харж, урьдчилан сэргийлж ажиллах нь. 

Дэлхийн улс орнуудын хувьд 2008-2009 оны хямралаас “Санхүүгийн салбарт эрсдэл үүссэний дараа арга хэмжээ авах бус эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой юм байна” гэх сургамжийг авсан гэдэг. Улмаар Хойд Америкийн орнууд, Баруун Европ, Азийн томоохон улс орнууд бүгд гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцооноос эрсдэлд суурилсан тогтолцоо руу шилжжээ. Монголбанк ч бас урт хугацааны стратеги буюу жил бүрийн мөнгөний бодлогодоо “Эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоо руу шилжих” гэх үгийг байнга тусгасаар ирсэн. Хэрэв Банкны тухай хуулийн төсөл одоогийн концепцоороо батлагдвал төв банк эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх боломж хууль, эрх зүйн хүрээнд нээлттэй болох юм байна. 

ТӨВ БАНК ХЭТ ХҮЧТЭЙ БОЛЖ, БАНКУУДЫН ДОТООД ХЭРЭГТ ОРОЛЦОХ УУ? 

Хэрвээ хэт их хэмжээний эрсдэлтэй, эрсдэлээ өөрөө удирдаж чадахааргүй банк байвал мэдээж Төв банк тухайн банкин дээр шууд шат дараатай арга хэмжээ аваад явна. Харин эрсдэл байгаа ч өөрсдийн эрсдэлийн удирдлага, “тогтворжуулалтын төлөвлөгөө”-ний хүрээнд эрсдэлээ хааж чадаж байвал Төв банкны зүгээс заавал үүнд оролцох шаардлагагүй гэнэ. Шинээр батлагдах гэж буй Банкны тухай хуулиар “Тогтворжуулалтын төлөвлөгөө” гэх шинэ ойлголт гарч ирж байгаа юм байна. Энгийнээр бол аливаа банк үйл ажиллагаандаа ямар нэгэн эрсдэл гарвал, үүнийг яаж даван туулах вэ гэдэг товч төлөвлөгөө гэсэн үг. Тэгэхээр тогтворжуулалтын төлөвлөгөө үндэслэлтэй, тухайн банкин дээр үүсч болох эрсдэлийг хангалттай хааж чадаж байвал заавал хатуу шаардлага тавихгүй. Харин тогтворжуулалтын төлөвлөгөө нь үндэслэл муутай, тухайн банкин дээр үүсч болох эрсдэлийг хааж чадахааргүй байвал Төв банкнаас тодорхой арга хэмжээ авах аж. 

Одоогийн хуулийн хүрээнд тухайн банкин дээр ямар нэгэн эрсдэл үүссэн үед л тодорхой хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргуулж авдаг. Тухайлбал, банкны өөрийн хөрөнгө дутагдаад эхэлбэл, “Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөө”-г нь гаргуулан авдаг. Харин “Тогтворжуулалтын төлөвлөгөө”-г банк өөрийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа онцлогтой уялдуулан байнга гаргаж, шинэчлэн өөрчилж явах ёстой. Ингэснээр хуулийн хүрээнд арилжааны банк заавал Төв банкны оролцоогүйгээр өөрөө өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж өгч буй юм. 

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БАНКИЙГ “АВРАХГҮЙ” 

2000 оноос хойш Монголбанкнаас арга хэмжээ авч, татан буугдсан 3 банк бий. Банк татан буугдах явцад, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах зорилгоор төр 620 орчим тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Хуулийн өөрчлөлтөөр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлснээр юун түрүүнд банк татан буугдах эрсдэл багасна. Хэрэв зайлшгүй татан буугдах тохиолдолд хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгийг хамгаалахад төрөөс буюу татвар төлөгчдийн “халааснаас” гарах зардлыг аль болох хамгийн доод түвшинд хүргэх нь хуулийн өөрчлөлтийн гол зорилго гэж байна. 

Ер нь бол банк нэг хэсгийнх нь хадгаламжийн мөнгийг авч, нөгөө хэсэгт нь зээл олгож, ашиг олдог байгууллага. Энэ утгаараа банкны системд буй нийт хөрөнгийн 90 хувь нь хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгө. Үлдсэн 10 орчим хувь нь банкны эзэд, хувьцаа эзэмшигчдийнх. Төв банкны хувьд банкны эзэд, хувьцаа эзэмшигчдийн 10 хувийн хөрөнгийг бус хадгаламж эзэмшигч, харилцагчдын 90 хувийн хөрөнгийг хамгаалахын тулд хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авдаг. Тэгэхээр хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгийг илүү сайн хамгаалахын тулд банкны хяналт, шалгалтыг орчин үеийн нийтлэг жишигтэй нийцүүлэх нь зүйн хэрэг юм. Банкны тухай хууль 2010 онд шинэчлэн найруулагдсан. Тухайн үедээ сайн хууль байсан хэдий ч санхүүгийн салбарын хурдацтай хөгжлийг дагаад, орчин цагийн шаардлага, хэрэгцээг тэр бүр хангаж чадахааргүй болсон байна. Тийм учраас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж