Тохиролцоо шаардсан Элчин сайдууд

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Тохиролцоо шаардсан Элчин сайдууд

Тохиролцоо шаардсан Элчин сайдууд

У.Хүрэлсүхийн танхимын "шүдний өвчин" болоод байгаа Элчин сайд нарын асуудал эцэстээ Засгийн газрын эмзэг цэг болж магадгүй байна.

Шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад албан тоот илгээж Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Ё.Отгонбаяр нарыг томилогдсон орон руу нь Элчин сайдаар илгээх боломжгүйгээ мэдэгдсэн. Мөн Б.Хурцын асуудлыг ч эргэн харахаар болсноо дуулгасан. Ерөнхийлөгч Элчин сайдуудыг түдгэлзүүлсэн шалтгаанаа тухайн албыг хаших насны шалгуур хангаагүй, томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн гэж үзэн, шинэ хүмүүсийн нэрийг санал болгохыг Засгийн газраас хүссэн.

Гэвч агремен нь ирсэн Элчин сайд нарт Ерөнхийлөгч “хориг” тавьснаар цоо шинэ харилцааг үүсгэж, Засгийн газрын хувьд яаж хууль эрх зүйн хүрээнд зөв гаргалгаа олж, шийдэх вэ гэдэг асуудалтай тулгарчээ. Одоогоор асуудлыг Гадаад харилцааны яаманд судалж буй юм байна. 

Судалгаа эцэслэсний дараа Засгийн газар хэрхэхээ шийднэ. Дангаараа шийдвэр гаргахгүй, наанадаж намын бүлгээр, цаашлаад УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэх эрх зүйн харилцаа үүсэж магадгүй гэдэг хүлээлттэй байна.

Ерөнхийлөгчийн зүгээс Япон, Канад, АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар шинэ хүний нэр санал болгохыг Засгийн газраас хүссэн нь соёлтой харилцаа болж харагдах ч ханцуй дотроо өөрийн хүнээ багтаах тохиролцоог давхар хавчуулна гэх хардлага дагаж байна.

Хуульд зааснаар Элчин сайдыг томилох, эгүүлэн татах цорын ганц эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. Эрх баригч хүчний хувьд УИХ дахь 65-ын бүлэг, Засгийн газар аль, алинаар сүрийг үзүүлээд энэ эрхийг нь булаах боломжгүй.

Нэг үгээр хэлбэл, олонх Ерөнхийлөгчтэй тохиролцохоос аргагүй болж буй юм. Тохиролцож чадахгүй бол гадаад дахь Монголын Элчин сайдын яам удирдлагагүй л байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн өмнө Ерөнхий сайд буулт хийх үү эсвэл намын нөхдөө ‘жийх үү’ гэдгийг харах л үлдэж байна

Уг нь гадаад харилцааг улстөржүүлж болдоггүй салбар, дипломат алба бол мэргэжлийн хүн томилогдож ажиллах онцгой статус гэж олон улсад үздэг ч Монголд утгаа алдаж, улс төрийн барьцаа болж хувирсныг долоон сарын турш Элчин сайдгүй байгаа Япон, Канад, АНУ-дахь Монголын Элчин сайдын яамдаас харж болно.

Үнэндээ бол Ерөнхийлөгчийн зүгээс Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Ё.Отгонбаяр нар дипломат албанд тэнцэхгүй байна гэдэг шийдвэрийг гаргахын тулд бүтэн таван сарыг алдах шаардлага байгаагүй. Гурван хүний асуудлыг судлахад Монгол шиг жижиг оронд хамгийн удаандаа гурван өдрийн л ажил. Харин агремен ирүүлсэн орны хууль эрх зүйг судлахад хугацаа орохыг үгүйсгэх аргагүй. Гэлээ гээд чухал орнууд дахь яамд нь Элчин сайдгүйг мэдсээр байж, таван сарын дараа “Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Ё.Отгонбаяр нар шалгуурт тэнцсэнгүй” гэх нь үнэндээ утгагүй шийдвэр болж бууж буй.

Дипломат албаны шалгуур хангаагүй байж болох ч таван сарын дараа ийн хориг тавьсан Ерөнхийлөгчийн шийдвэр Монголыг муу дээр нь муухай харагдуулж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж