Пак Кын Хэгийн амьдрал шоронд төгсөх үү?

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Пак Кын Хэгийн амьдрал шоронд төгсөх үү?

Пак Кын Хэгийн амьдрал шоронд төгсөх үү?

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ авлигын хэргээр албан тушаалаасаа огцорч, шоронд хоригдоод хэдэн сарын нүүр үзэж байна. Пак Кын Хэгийн нэр холбогдсон олон тэрбум ам.долларын авлигын хэрэг томорсоор байна. Тухайлбал, лхагва гаригт Сөүлийн тойргийн прокурорын газраас экс ерөнхийлөгчид нэмэлт хэрэг үүсгэснээ мэдэгджээ. Түүнийг төрийн тэргүүний алба хашиж байх хугацаандаа тагнуулын байгууллагаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгажээ.

Пак Кын Хэ тагнуулын албаны гурван албан тушаалтнаар дамжуулан албаны сангаас 3,5 тэрбум воныг (3.3 сая ам.доллар орчим) авч хувийн зорилгоор ашигласан гэж мэдээлэв.

Улсын сангаас “хумсалсан” мөнгөөр Пак Кын Хэ хувийн сууцныхаа засвар үйлчилгээг төлж, хамтран амьдрагчдаа хувцас хунар авч өгөх, зөвлөхүүдээ урамшуулах зэргээр үржээ.

Уг хэрэгт холбогдуулан тагнуулын албаны хоёр албан тушаалтныг баривчилсан байна. Пак Кын Хэд нэмэлт хэрэг үүсгэснээр илүү  олон шүүхийн сонсгол явуулах болсон бөгөөд ирэх саруудад болох товтой байна. Авлига, төрийн нууц задруулсан гэх мэт өмнөх олон хэрэгт өдгөө 65 настай Пак Кын Хэ бүх насаараа шоронд хориг ял сонсох нөхцөл хэдийн бүрджээ. Мөн энэ бүх хэргийн сэжүүр болсон түүний дотны найз Чой Сун Шилийг ч бас шоронд амьдралаа дуусгах ирээдүй хүлээж байна. Прокуророос түүнд 18 төрлийн хэрэг тулгажээ.

Пак Кын Хэ

Прокурорын хүсэлтээр өнгөрсөн аравдугаар сард Пак Кын Хэг шоронд хорих хугацааг шүүхээс зургаан сараар сунгасан юм. Пак Кын Хэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон шүүхийн сонсголд оролцолгүй бойкотлосон байв. Үүний дараа Сөүл хотын шүүхээс түүний өмгөөлөгчийг сольжээ.

Пак Кын Хэ шүүхийн сонсголоос өвчний шалтгаанаар оролцохгүй байгаа аж. Тэрбээр өвдөг нь хавдсан, нуруу нь өвдсөн гэх шалтгаанаар өвчин намдаагчийн жор бичүүлж, эмнэлэгт шинжилгээ өгсөн аж. Хэдэн сар үргэлжилсэн ард түмний жагсаал цуглааны эцэст өнгөрсөн оны гуравдугаар сард Пак Кын Хэ суудлаасаа буусан юм. Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх түүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр шүүх ажиллагаа өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн билээ. Харин Пак Кын Хэ өөрт нь тулгасан авлигын хэргийг “улс төрийн өшөө авалт” хэмээн нэрлэж, сайтар боловсруулсан жүжиг хэмээн мэдэгджээ.

Чой Сун Шил

Пак Кын Хэ 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд түүхэн ялалт байгуулж, Хөх ордонд эзэн суусан боловч дотны найз Чой Сун Шилийн авлигын хэрэгт холбоотой нь илэрснээр шоронгийн хаалга татахад хүрсэн.

Прокуророос Чой Сун Шилийн 126,3 тэрбум вон буюу 116 сая ам.доллар орчим ам.долларын хөрөнгийг битүүмжилж, өндөр торгууль ноогдуулах хүсэлт гаргасан аж. 61 настай Чой Сун Шил ерөнхийлөгчтэй найз нөхдийн холбоогоо ашиглан бизнес эрхлэгчдээс олон тэрбум воны хахууль авч, яамны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөнд буруутгагджээ.

Үүнээс гадна авлигын хэрэгт Өмнөд Солонгосын томоохон компанийн удирдлагууд шүүхэд дуудагдаж, Самсунг группын өв залгамжлагч И Жэ Ён таван жил шоронд хориг ял сонссон юм. Мөн Лоттэ группын худалдааны захирал Шин Дун Бинд прокуророос дөрвөн жил, Пак Кын Хэгийн туслахад зургаан жил шоронд хорих ял төлөвлөсөн шүүх хүрэл энэ нэгдүгээр сард болно.

И Жэ Ён

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж