Өрийг өрөөр дарж байгаа нь баяр уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Өрийг өрөөр дарж байгаа нь баяр уу?

Өрийг өрөөр дарж байгаа нь баяр уу?

Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөгөөр тоологдож байна.  Өнгөрсөн онд 600 сая ам.долларын гадаад өрийг өрөөр дарсан бол  Чингис бондын эхний 500 сая ам.долларыг  өнөөдөр /2018.01.05/ төлсөн. Ямартай ч өнөөдөр Монгол Улс хоёр дахь том өр төлбөрөө хийлээ.  Хэдийгээр өрөө төлж чадахгүй дефолтод хүрч болзошгүй байдал үүсч байсныг бодвол ямар ч байсан Монгол зээлсэн мөнгөө цаг хугацаандаа төлж байгаа билээ. Гэвч өрийг өрөөр дарж байгаа нь Засгийн газрын сайдуудын цээжээ дэлдэн хөөрцөглөх асуудал мөн үү.  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Чингис бондын эхний төлбөрийг төлөх хүндхэн даваатай тулгарч, Засгийн газар, Сангийн яамныхан өрийг өрөөр дарахаар Лондон, Нью-Йорк зэрэг томоохон санхүүгийн эх үүсвэрийн эрэлд гарсан. Засгийн газар хичээсний үр дүнд Чингис бондын төлбөрөө төлөх боломжтой болсон. Гэхдээ өрийг өрөөр дарах бус өөр аргаар өрөө дарах нь Засгийн газрын үндсэн үүрэг. Ирээдүй төлнө гэж баялгаа, ард түмнээ барьцаалж өр тавьсаар бид хэдэн төрийн нүүр үзэх вэ.

УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу Шинэчлэлийн Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын бондыг Олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалж, Чингис бондыг босгож байв.  Өнөөдөр Монгол Улс 500 сая ам.доллар дээр хүүгийн төлбөр болон 61,56 сая ам.доллартай хамтад нь төлнө.  2022 онд  нэг тэрбум ам.долларыг 51,25 сая ам.долларын хүүтэй төлж, Чингис бондын өр дуусна.

Монгол Улсын Засгийн газар  хуваарийн дагуу Чингис бондын эхний төлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр очиж шилжүүлэх кноп дарах гэнэ. Монгол Улс өрөө төлөх кноп дарахад Ерөнхий сайд заавал очих хэрэг юу байна вэ. Хэвлэлийнхнийг нээлттэй оролцуулж, шилжүүлэг хийх ‘ёслол’-ыг заавал Ерөнхий сайд өөрөө оролцож байснаас  Сангийн сайд үйлдвэл өөрийнх нь рейтингт нэмэртэй байлаа гэж. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж  байгаагаа баяртайгаар тунхаглахаас илүү бусдаас зээл, тусламж, өр авдаггүй тийм Монгол Улсыг бий болгох нь Ерөнхий сайд таны үндсэн үүрэг. Удахгүй шинэ Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах нь. Энэ тайланд Монгол Улс Чингис бондын өрөө төлсөн гэх том ажил шинэ засгийн автортой цацагдах биз. Үнэндээ өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд гал тогооноосоо гаралгүй, сайд нарынхаа өмнүүр орсоор өнөөдрийг хүрлээ.  Том төслүүдээ хөдөлгөх, аж үйлдвэрийн парк, дэд бүтэц, төмөр зам гээд ажлын байр нэмэгдүүлэх, энэ улсыг ирээдүйд хөтлөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийх том ажлуудын  бүдүүвч зураг тодорхой бодлого хаана байна.

‘Чингис’ бондын хүү, үндсэн төлбөр төлөх хугацаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж