"Амай ном шахах гээгүй"

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

"Амай ном шахах гээгүй"

"Амай ном шахах гээгүй"

“Монгол бадарчин” нэрээр олны танил болсон Амай буюу Ж.Золбаяр бөөрний архаг дутагдалд орж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр нэгдүгэр сарын 1-ний өдөр эмчилгээгээ зогсоосон гэдгээ зарлаж байсан бол өчигдрөөс дахин үргэлжлүүлж эхэлсэн гэнэ.

 Болсон явдлыг эргүүлж сөхвөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оны өмнөхөн Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийхдээ “Манай яамны газар, хэлтсийн дарга нар 155 сая төгрөгөөр таван боть ном авч, бэлэг тараая. Төсөв хаагдах гээд байна үлдэгдэл мөнгийг зарцуулья гэж байна. Би албан бичгийг нүүр рүү нь шидсэн” гэж хэлсэн юм. Үүнийг Амай өөрийнх нь бичсэн “Монгол бадарчин” цуврал таван боть номтой холбож ойлгоод эмчилгээгээ зогсоож байсан юм.

Ингээд Золбаярын аав Ц.Жамбалсүрэнтэй энэ асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Хүүгийн чинь бие гайгүй юу.  Ц.Цогзолмаа сайдтай та хэд учраа ойлголцсон уу?

-Хүүгийн маань бие гайгүй дээ. Шинэ оны өмнө эмнэлгээс гараад, эмээгийндээ хэд хоноод буцаж эмнэлэгтээ хэвтсэн.

 Ц.Цогзолмаа сайд шинэ оны дараахан надтай уулзсан. Сошиалаар гарсан тэр их дайралтын дараа болсон явдлыг ухаалгаар ойлгуулж, асуудалд тайван хандсанд талархаж сууна. Бидэнд Амайгийн ном биш гэдгийг хэлсэн. Өөр номнууд байсан юм билээ.  Хүү бид хоёр сүүлийн гурван жил БСШУСЯ, БОАЖЯ-аар их явсан. Харамсалтай нь, бидэнд уулзах боломж гаргаагүй. Харин Ц.Цогзолмаа сайд миний хүүгийн эрүүл мэндийн асуудалд санаа зовж байгаагаа хэлсэн. Юу ч болж байсан эмчилгээгээ зогсоож болохгүй гэдгийг захиж, шаардлагатай бол хүүтэй маань уулзахаа  хэлсэн байгаа.

-Тэгвэл яагаад Амайгийни ном гэсэн яриа гарсан юм бол?

-Ийм юм болсон юм билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ц.Цогзолмаа сайд уулзах ёстой хүмүүсийнхээ нэрсийн жагсаалт биднийг оруулсан юм билээ. Гэвч, ажил ихтэй учраас тэр сардаа уулзаж чадаагүй.  Магадгүй энэнээс нь болоод л хардлага гарсан байх. Нөгөө талаар  “хэнд ч хэрэггүй 5 боть гэж сайд хэлсэн” гэж миний хүүг энэ асуудалд хамаатуулж зорилготойгоор цацсан бололтой. Тухайн үед энэ талаар анзаараагүй. Харин хүү маань бухимдаад эмчилгээгээ зогсоосон юм байна. Энэ бүхнийг би сүүлд нь мэдсэн. Мэдээж эхлээд ‘Миний хүүгийн номыг шиджээ’ гээд гомдолтой байснаа нуухгүй ээ. Харин уулзаад ярилцсаны дараа тийм асуудал болоогүйг ойлгосон. Тэгээд хүүдээ чиний номтой холбоогүй юм байна, хэнд ч хэрэггүй хог гэж сайд хэлээгүй юм байна гэдгийг утсаар хэлсэн.

-Таны хүүд хэн тийм мэдээлэл өгсөн юм бол. Амай өөрөө лайв хийж уучлалт гуйж байсан?

-Миний хүү 10 жил дэлхийн олон оронд аялж явахдаа олны танил болжээ. Хүү минь сошиалд идэвхтэй байдаг. Тиймээс тэр мэдээллийг олон нийтээс авсан бололтой юм. Бас түүнд зарим хүмүүс буруу мэдээлэл хүргэсэн юм шиг байна.  Өөрөө сайдаас уучлалт гуйсан бичлэгийг нь үзсэн. Энэ явдал хүүд маш том сургамж болсон байх аа.

-Тэгээд сайдын хэлсэн ‘Хэнд ч хэрэггүй хог’ нь хэний ном байсан юм бол?

-Мэдэхгүй,  таван залуугийн бичсэн таван боть ном юм байна гэж ойлгосон.

-Ингэхэд Амайгийн бичсэн “Монгол бадарчин” номыг зарахаар яаманд хандаж байсан уу?

-Бидний зүгээс Золбаярын “Монгол бадарчин” номыг аваач гэж нэг ч удаа гуйж байгаагүй. Бидний өмнөөс яамны ажилтнууд янз бүрийн юм ярьсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан сүүлийн 3-4 жилийн хугацаанд сайд, дарга нартай уулзах гээд чадаагүй. Гэтэл номоо яманд шахах гэж байна гэсэн худал мэдээллийг тараасанд харамсч байгаа. Уг нь эдгээр цуврал ном залуучуудад их зүйл ойлгуулахаар бичигдсэн. Хүн өөрт учирсан саад бэрхшээлийг яаж давах, дэлхий дахин 21-р зууны эхэнд ямар байсныг түүхчлэн бичиж үлдээсэн тэмдэглэл юм.  Миний хүү аялалаа улам өргөжүүлж, бүр аяллын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл болгох зорилготой. Гэтэл зарим хүн хүүг маань амраад, аялаад зугаалаад л байна гэж боддог бололтой. Дэлхийн ертөнцтэй танилцаж, өөрийгөө нээж, хөгжлийн ямар гарц  байгааг харж, бусдаас сурч явна гэдэг том сэдэв. Цаашдаа бүр  аялалынхаа тухай 9 боть ном гаргахаар хүү маань төлөвлөсөн байгаа.  Мөн дэлхийн судлал гэдэг хичээлийг  Монголын боловсролын сургалтын программд оруулах нь түүний мөрөөдөл.  Миний хүүгийн зүгээс ийм л санал гаргасан. Түүнээс ном худалдаж аваач гэж гуйгаагүй.

Амайгийн бөөр муудсан Африкт аялж явахдаа туссан өвчнөөс болсон гэсэн байсан. Энэ үнэн үү?

-2007 онд Африкт явж байхдаа Маливи улсад өвдсөн юм билээ. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн. Хүү маань  их том бэрхшээлийг давж, дэлхийн олон оронд очсон байдаг. Хэр баргийн хүний очоод байдаггүй газарт ч очсон. Аялаж явахдаа визний асуудлаас болж Египетэд зургаан сар амьдарсан тохиолдол ч бий. Яг юунаас, ямар шалтгаанаас болж ийм өвчин туссан бэ гэдгийг хэлэхэд хэцүү. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг шүү дээ.

-Хүү чинь бөөрний дутагдалд орсноо хэзээ мэдсэн бэ?

-2017 оны тавдугаар сард Америк, Европоор явж ирээд бие нь муудсан. Олон сар эмнэлгээр явсан. Тэгээд есдүгээр сараас эхлээд нэгдүгээр эмнэлгийн харьяанд орсон. Аялж явахдаа танилцсан хүмүүс нь бие нь муудсаныг сонсоод ир гэдэг юм билээ. Америк, Англи, Швед зэрэг орноос хүрээд ирээч, эмчлээд өгье гэдэг ч хүү минь Монголдоо эмчлүүлэхээр шийдсэн. Манай эмч нар нэг үеэ бодоход их чадвартай болсон. Гадаадад их үнэтэй  хийдэг эмчилгээг Монголдоо боломжийн үнээр хийдэг болсон байна. 

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Амай хэд дэх хүүхэд чинь үү. Амай багадаа аялах дуртай байсан уу?

-Манайх дөрвөн хүүтэй. Золоо гурав дахь нь. Тэр багаасаа л их ном уншдаг  байсан. Миний хүү 23-р сургуулийг төгсөөд  МУИС-д орсон. Мөн Эрхүүд сурсан. Би хүүгээ том аялагч болно гэж бодож байгаагүй. Нэг өдөр л өөрөө шийвэр гаргаад аялахаар яваад өгсөн.

-Одоо дахиад ийм асуудал үүсэхгүй байлгүй дээ, та хэд маань учраа ололцсон бол боллоо доо?

-Миний хүү номоо хэн нэгэнд шахах гээгүй гэдгийг хүмүүст хандаж хэлье. Хоёрт, сайд миний хүүгийн номыг ‘Хэнд ч хэрэггүй хог’ гэж хэлээгүй юм билээ. Одоо битгий худал үнэн мэдээллээр хов хоол болгоосой гэж зарим хүмүүст хэлье.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж