“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Арванхоёрдугаар бүлэг
ВАН ШИФӨН НҮГЭЛТ СЭТГЭЛЭЭР ХУРЬЦЛЫН ЦАЛАМ ХАЯЖ, ЖЯ ТЯНЬ ШЯН НИСВАНИСЫН ТОЛИНД ЗӨВ ТАЛААС ҮЗЭВ
Өгүүлэх нь: Фөн Же яг Пин Эртэй ярьж суутал хүн ирж “Рүй дае ирлээ” гэж хэлэв. “Түүнийг залж оруул” гэсэн хариу өгөв. Жя Рүй “залж оруул” гэснийг сонсоод баярлаж, Фөн Жэтай уулзмагцаа нүүр дүүрэн инээмсэглээд ахин дахин амрыг нь эрэв. Фөн Же ч хуурмагаар хөнгөн зөөлөн аашилж суулган цай барив. Жя Рүй ийнхүү аядуу байгааг үзээд хамаг бие нь аятайхан болоод нүдээ сүүмийлгэн “Хоёрдугаар ах бас яагаад ирэхгүй байна” гэхэд цаадах нь: “Учрыг нь мэдэхгүй байна” гэсэнд Жя Рүй инээж: “Зам зуур ямар нэгэн юманд хөл нь тушигдаад салж түвдэхгүй болоо юм болов уу” гэв. Фөн Же: “Улааныг үзэж урваад, шарыг үзэж шарваад байдаг, эрчүүл ч байдаг даа” гэсэнд Жя Рүй инээн:
-Бэргэний энэ үг буруу байна. Би бол тийм хүн биш… гэхэд нь,
-Чам шиг ийм хүн хэд байгаа юм бол. Арваас нэгийг нь олохгүй бол яана даа гэж Фөн Же хэлэв.
-Жя Рүй баярлангуй, амаа илбээд “Бэргэн өдөртөө уйтгарлаж сууна уу, үгүй юү” гэж асуухад цаадах нь: “Тийм шүү. Хэн нэг нь ирж уйтгар сэргээгээсэй гэж хүсдэг юм аа” гэв.
-Би харин өдөртөө чөлөөтэй. Ирж бэргэний уйтгарыг сэргээж суувал ямар вэ?
-Чи намайг хуурч байна. Чи юү гэж энд ирэх юм бэ?
-Би бэргэний өмнө нэг худал үг хэлбэл тэнгэр ниргэтүгэй!Таны өмнө өчүүхэн ч гажуу байж болохгүй гэж хүмүүс ярихыг сонсоод би айж байсан. Одоо бол би, бэргэнийг ийм яриа хөөрөөтэй, хүнийг туйлаар санадаг гэдгийг мэдсэн тул юунд ирэхгүй байх вэ. Үхэвч дуртай…
-Чи ч үнэхээр сэргэлэн хүн дээ! Жя Рүй ах дүү хоёроосоо хол дээр. Би түүний тийм хээнцэр төрснийг үзээд дотроо мэдэж байгаа гэж бодсон чинь харин хоёр тэнэг амьтан байжээ. Хүний сэтгэлийг нэг ч мэдэхгүй шүү.
Тэр хоёр ийн ярилцаж байтал Жя Рүй нүдээ жартайлган, тэсгэлгүй урагш дөхөж хүүхний хавтагыг үзээд “Ямар бөлзөг зүүсэн юм бэ” гэж асуув. Фөн Же сэмхнээр, “Томоотой байгаарай. Зарц охид харчих нь шүү” гэсэнд Жя Рүй, бурханы зарлиг сонссон мэт яаран хойш ухрахад нь “Чи одоо харивал таарна” гэвэл “Би жаахан сууя. Юун ч хартай бэргэн бэ дээ” гэв. Фөн Же дахиад сэмхнээр,
-Өдрөөр нааш цааш холхих хүн олон. Чи энд байгаад эвгүй. Чи түр харьж бай. Шөнө орой болсон хойно ирж сэмээрхэн баруун талын байшингийн гудамд намайг хүлээгтүн гэсэнд цаадах нь олдошгүй орхоодой олсон мэт яаран: “Чи битгий намайг мэхлээрэй. Гэхдээ тэнд чинь хүн даанч олон, яаж биеэ далдлах юм бэ” гэж асуусанд Фөн Же: “Чи тайван бай. Би манааны улсад, цөмөөрөнд нь чөлөө өгөөд хоёр үүдээ хаачихаар хүнгүй болно” гэж хэлэв. Энэ үгийг сонсоод Жя Рүй баярлаад, яаран салах ёс гүйцэтгэн буцах зуураа гарын аяар амархан бүтлээ гэж баярлан хөөрч явав.
Тэрбээр орой болохыг тэсэж ядан хүлээгээд арай гэж бүрэг харанхуй болмогц Рун фүгийн хүрээнд ороод үүд хаахыг далимдуулан байшингийн гудмаар шурган нэвтрэв. Тэнд пад харанхуй, хүн амьтан ч үгүй байв. Жя Мугийн тийш орох үүдийг гаднаас нь оньслоод ганцхан зүүн үүдийг хаагаагүй байв. Жя Рүй чих тавин чагнасанд хөлийн чимээ гарсангүй. Гэнэт түр тар дуугаран, зүүн үүдийг хаав. Тэрбээр айгаад дуугарсангүй. Сэмхэн яваад үүдийг түлхэж үзвэл таг битүү ажээ. Хаашаа ч гарах аргагүй. Эргэн тойрон өндөр хэрмэн хашаа, яаж ч үсэрч авираад давах аргагүй. Энэ хонгил нь салхины зам бөгөөд хов хоосон, хүв хүйтэн. Өдий арванхоёрдугаар сард шөнө урт бөгөөд хойд зүгийн хүйтэн салхи мах ясанд нэвтэрч шөнө турш даарч бээрэн арайтай л үхсэнгүй. Хүлээсээр өглөө болоход нэг зарц хүүхэн, зүүн үүдийг нээн орж ирээд баруун үүд рүү явах хоорондоо зөрүү харахыг нь далимдуулан Жя Рүй год үсрэн гадагш гарав. Завшаанаар эрт үеэр хүмүүс босоогүй байсан тул арын үүдээр гараад гүйн харив. Жя Рүйн эцэг эх эрт нөгчсөн учир өвөг эцэг Дай Жю нь тэжээж өсгөсөн ажээ. Түүний сургаал тун чанга. Жя Руйг гадуур тэнэж, архи ууж, мөрийтэй тоглож хичээл сурлагаа алдахаас айж эрх дураар нь нэг ч алхуулдаггүй байжээ. Энэ шөнө түүнийг эзгүй хонохоор архи уугаагүй юм гэхэд мөрийтэй тоглосон уу, эсвэл янхны газар очсон уу гэж бодохоос биш ийм байдалд хоног өнгөрөөсөн гэж хэн бодох вэ. Өвгөн шөнийн турш хилэгнэн хэвтэв. Жя Рүй ч зүрхээ гартаа барьж: -нагацынд очоод оройтсон учир тэнд хонов гэж худал хэлэхээ мартсангүй. Өвөө нь:
-Чи гадагш явахдаа надад хэлэлгүй дураар явдаггүйсэн. Өчигдөр яагаад чимээгүй алга болов. Энэхэнд ч чамайг занчих ёстой. Дээр нь бас худал хэлж байгааг яалтай вэ гээд дарж унаган гуч дөчин удаа занчиж, хоол өгөлгүй гадаа хашаанд сөгтгөн арван өдрийн хичээлийг нөхүүлэхийн хамт ном уншуулав. Жя Рүй нэгэн шөнийн турш даарч бээрэн, дээр нь зодуулаад, өлсөхийн хажуугаар бичиг унших зовлонг эдлэхээ нэг болов. Хэдий тийм боловч тэрбээр гажуу сэтгэлээ өөрчлөлгүй, Фөн Же түүгээр тоглоом хийснийг бодолгүй, хоёр өдөр өнгөрмөгц зав гарахтай зэрэг түүнийг эрж очив. Тэгтэл Фөн Же: “Итгэл алдав” гэж зэмлэсэнд Жя Рүй бачимдаж ам шүд алдав. Фөн Же ч түүнийг урхинд орохоор өөрөө хүрч ирсэн учир дахин залхаах ухаан сийлэв. Дахиад л түүнтэй болзов.
-Энэ шөнө тэнд байх хэрэггүй. Чи манай арын хоосон байшинд намайг хүлээж бай. Харин хүнд баригдав даа.
-Үнэн үү.
-Чи итгэхгүй байгаа бол битгий ирээрэй.
-Заавал ирнээ. Лав ирнэ. Үхэвч ирнэ.
-Тийм бол чи одоо харь.
Фөн Жэг ингэж хэлэхээр Жя Рүй үнэмшээд, энэ хэрэг лав бүтэх нь гэж бодоод явав. Түүнийг явсны дараа Фөн Же, урхи тор зохиож эхлэв. Жя Рүй бас орой болохыг тэсэж ядан хүлээж байтал зочин ирж хоол унд бэлдэх болов. Яарч байж оройн хоол идээд болзоондоо явав. Тэр үес дэн асаах болтол хүлээгээд өвгөө унтсан хойно Рун фү ордон хүрээд сэмхэн гүйж өнөөх хоосон байшинд ороод, халуун тогоонд орсон шоргоолж шиг тачаадан хүлээв. Хүлээсээр байтал хүний бараа сүүдэр ч харагддаггүй, чимээ чийр ч гүй тул сүүлдээ айж: “Бас л ирэхгүй бол нэг шөнө дэмий хүлээх нь” гэж бодов. Ийнхүү элдвийг бодон сууж байтал нэг хүн намс намсхийн алхаж орж ирсэнд Фөн Же гэж бодоод, түүнийг дөхөн ирэхэд нь, идшинд яарах өлөн бар мэт ухасхийн тэвэрч аваад: “Хайрт бэргэн минь, чамайгаа хүлээсээр үхэх дөхлөө” гээд уруулыг нь озон, өмдийг нь тэмтрэхдээ “Хайр минь, хайрт минь” гэж үглэнэ. Цаадах нь хар цагаан дуугарсангүй. Жя Рүй ханзан дээр дараад өмдөө тайлан ухасхийтэл гэнэт дэнгийн гэрэл гялсхийв. Харвал Жя Чиян зул барьж орж ирээд, гэрэл тусган “Энд хэн байна” гэтэл ханзан дээрх тэр хүн инээгээд: “Жя Рүй авга намайг яах гэнээ” гэв.
Жя Рүй ч орох газаргүй болж ичингүйрэн харвал Жя Рун байв. Сандарсан Жя Рүй үүд рүү ухасхийтэл Жя Чян барьж аваад “Битгий яв чи. Хоёрдугаар авга эхээр тоглоом хийсэнд тэр чамайг энд түр хориод Тайтайд хэлсэн байна. Тайтай сонсоод үхтэл уурлан намайг явуулж чамайг бариуллаа. Намайг дагаад хурдан яв” гэж хэлсэнд Жя Рүйн сүнс зайлж “Сайн ач хүү минь, чамайг гуйя, чи намайг биш гэж хэл. Тэгвэл би чамайг гүнээ хүндэтгэн талархана” гэв. Жя Чиян,
-Чамайг тавьж болно. Гэтэл чи надад хичнээн мөнгөөр талархах юм бэ. Хоосон амаар хэлээд болохгүй. Гэрч баримт хийж өг гэж шаардав. Жя Рүй,
-Үүнийг яаж цаасанд, бичих юм бэ гэсэнд, цаадах нь
-Энэ хамаагүй. Мөрийтэй тоглож хожигдоод төчнөөн лан мөнгө зээлэв гээд л бичвэл болно гэв.
-За энэ болох юм гэж Жя Рүй хэлэв.
Түүний үгийг сонсоод, Жя Чян гарч бийр, цаас аваад эргэж ирэв. Жя Рүй цаасыг нь аваад тавин лан мөнгө өгнө гэж бичээд хуруугаа дарав. Тэгээд Жя Рун тэй ярилцсанд, юу хэлсэн болгоныг нь хүлээж авсангүй,
-Маргааш төрлийн олонтой ёс хэлэлцэнэ гэж хэлэв. Жя Рүй сандрахдаа сөгдөн мөргөв. Тийнхүү мөргөж гуйсны хүчинд бас тавин лан мөнгө өгөхөөр баримт бичиж өгөв.
-Одоо чамайг ингээд тавих юм бол бурууг нь би хүлээх хэрэг болно. Лао Тайтайгийн тэндэх үүдийг хэдийн хаасан. Лао е гол танхимд, Нанжингаас ирүүлсэн юмыг үзэж байгаа учир тэр замаар явж болохгүй. Ганцхан арын хаалгаар явах нь. Түүгээр яваад хүнтэй таарвал би бас буруудна. Би урьдаар очиж, үзэж ирээд сая чамайг дагуулж гаргана. Энэ гэрт чи бас нуугдаж чадахгүй. Мөд энд хүн ирж юм хураана. Би чамд газар олж өгье гэж Жя Чян хэлээд, дэнгээ унтраан Жя Рүйг хөтөлж гадаа гараад индрийн доогуур тэмтрэн “За энэ нүх байна. Энд явган сууж бай. Битгий дуугараарай. Намайг ирэхээр явна шүү” гээд нөгөө хоёр явав.
Жя Рүй энэ индрийн дор явган сууж яах юм бол гэж бодож байтал нь нэг юм дуугарч эхэлснээ гэнэт хоржигнож сав суулгаар цутгах мэт өтгөн шингэн урсаж ирээд, хамаг хувцсыг нь норгон бялтав. Жя Рүй сандран аяа гэж уулга алдсанаа дуугарч болохгүй гэсэн болохоор нь айгаад амаа барьтал нүүр нүдгүй, өтгөн шингэнд дэвтээд, төдөлгүй бие нь дагжин чичрэнэ. Энэ үед Жя Чян ирээд: “Бушуу яв. Хурдан зайл” гэсэнд сая амь гарч байгаагаа мэдээд арын үүдээр үсрэн гарч гэр рүүгээ гүйв. Шөнө дундын цаг болж хамаг үүд хаалга хаагдсан тул хүн дуудан бархирч байж хаалга нээлгэв. Гэрийнхэн нь, түүний энэ байдлыг үзээд “Яах нь энэ вэ” гэж асуусанд “Шөнийн харанхуйд мэдэлгүй жорлонд тээглэж хөл алдаад” гэж худал хэлэв. Тэгээд гэртээ орж хувцсаа сольж, угааж цэвэрлэж байхдаа Фөн Же түүгээр тоглоом наадам хийснийг ойлгож баахан хорссон ч, бас түүний гоо үзэсгэлэн дүр төрхийг бодоход гүйж очоод тэвэрч хэвтмээр санагдана. Ийнхүү зай завсаргүй бодсоор шөнө турш нүд хамхисангүй. Үүнээс хойш хэдийгээр Фөн Жэг бодох боловч айгаад, дахиж Рун фү ордонд очсонгүй. Жя Рун нар байн байн мөнгө нэхэж ирэхэд өвөг эцэг мэдэх вэ гэхээс бас айна. Чухамдаа сэтгэлийн зовлонг алдраахуйяа бэрх байсны дээр бас өр нэмэгдээд, өдрийн хичээл чангыг хэлэх үү. Хориод наслаад өдий болтол гэрлээгүй байгаа энэ залуу Фөн Жэгийн сайхныг санавч хэрэг бүтэхгүй, арга ядахдаа “Арван хуруугаар авьяаслана”. Ялангуяа хоёр удаа даарч бээрэн, зугтааж гүйсэн, эдгээр бүхэн дээр өр шир давхарлан ирснээр, тэсгэлгүй нэг зүйлийн өвчин болж, цээж нь багтарч, хоол унднаас жигшин, хөл нь суларч нүд нь эрээлжлэн шөнө халууран өдөр ядангуйрч, дусал алтан цусаар ханиах мэтийн гэм нэг жил бололгүй цөм бүрдэв. Ийнхүү тэсэхүйеэ бэрх болж оронд орж дөнгөж нүд анихуйяа элдэв муусайныг зүүдэлж, элдэв солио юмс ярьж айж цочин босон харайна. Эмч домч залж элдэв аргаар засаж, гүргэм, лааган зэрэг олон эмийг хэдэн арван жингээр уугаад ч засал олсонгүй. Төдөлгүй өвөл өнгөрч хавар болохуйяа уг өвчин нь улам хүнд болов. Дай Рү өвөө ч сандран, энд тэндээс эмч залж эмнүүлсэн боловч ер тус болсонгүй. Сүүлээр нь “Орхоодойн шөл” уух хэрэгтэй болсонд Дай Рүд тийм чадал яаж байх вэ. Арга буюу Рун фүгөөс гуйхаар очив. Ван Фүрэнь, Фөн Жэд “Хоёр лан өгтүгэй” гэсэнд цаадах нь: “Уржигдар Лао Тайтайд шинэхэн эм найруулсан бөгөөд тэр бүхэл хэсгийг та бас Ян овогт дайчлан захирагч түшмэлийн1 Тайтайд өгөхөөр үлдээснийг нь би өчигдөрхөн илгээсэн” гэв. Ван Фүрэнь
-Манай энд байхгүй ч, чи хүн явуулж хадам эхээсээ асууж өгөх буюу эсвэл Жя Жэнь их ахынд чинь байж мэдэх тул аргалж байгаад олж өгөөрэй. Уугаад тус болбол бас нэг хүний амь аврах тул та нарт буян болох биш үү гэв. Фөн Же аман дээрээ хүлээсэн боловч хүн явуулсан ч үгүй, зөвхөн байснаасаа хэдэн цэн эвлүүлээд “Тайтай өглөө, өөр байхгүй гэнээ” гээд хүнээр хүргүүлжээ. Сүүлд нь Ван Фүрэньд “Цөмийг олж ирээд хоёр лан илүүг илгээсэн” гэв.
Энэ үед Жя Рүй амьд байхын тулд уухгүй эм гэж байсангүй. Талаар зоосоо бараад, тусыг олсонгүй. Гэнэт нэг өдөр хазгар бумба бадарчилж ирээд: “Ганцхан гялс гэхэд л нүгэлт өвчнийг засна” гэв. Энэ үгийг дотор байсан Жя Рүй олж сонсоод: “Эй гялай, хурдхан ирээд тэр аръяабал амийг минь өршөөж хайрла” гэж мөргөн залбирав. Хүмүүс тэр бумбыг дагуулаад ирэв. Жя Рүй өндийж “Аръяабал минь амь авар” гэж гуйв. Тэгээд дахин дахин мөргөж гуйж гувшив. Бумба түүнийг харж шүүрс алдаад
-Чиний энэ өвчнийг эмээр засаж чадахгүй. Надад нэг эрдэнэ бий. Чамд өгье. Чи өдөр бүр үзвэл амь гарч болно гээд үүргэвчээсээ “Урин нисванисын эрдэнийн толь” гэсэн дөрвөн үсэг шигтгэсэн хоёр талдаа юм харагдах толь гаргаж Жя Рүйд өгөхдөө “Энэ бол их сансрын арилсан орны хий сүнсний ордонд зэргэлгээн цэцэн дагины мутарт бүтсэн, тусгайлан гаж, ужиг өвчнийг засдаг, ертөнцөд туслан амийг нь аврах чадалтай эрдэнэ юмаа. Тусгайлан мэргэн цэцэн охид хөвгүүд, гоо гэгээмсэг удамт үрст үзүүлэхээр хүний ертөнцөд авчирсан нь энэ. Зөв талыг хэрхэвч үзэж болохгүй. Ганц ар талыг үзнэ. Энэ чухлаас чухал. Гурван хоногийн дараа би ирж авна. Тэр үед чиний өвчин лав илаарь болно гэж хэлээд явж одов. Хүмүүс жаахан байхыг гуйсан ч тоосонгүй.
Жя Рүй мөнөөх толийг аваад буруу талыг нь харсанд өмнө нь нэг хувхай яс зогсож байгаа харагдана. Сандран цааш тавиад “Муу бадарчин яагаад намайг айлгаж байгаа юм бэ” гэж түүнийг хараагаад, зөв талд нь юу байдаг юм бол үзье гээд тэр талыг нь харсанд Фөн Же дотор нь зогсоод, өөрийг нь даллан дуудаж байв. Жя Рүй туйлаас баярлаж, хөвхөлзөн дэгдэж өнөөх толинд орох мэт болоод, Фөн жэтэй цэнгэлдэн байснаа түүнд хөтлүүлэн ханзан дээр очтол “Ай” гэх дуун гарах шиг болоход нүдээ нээн харвал толинд нь нэгэн хэлхээ яс зогсож байлаа. Ахиулан харсанд хөлс нь асгарсан шал нойтон Фөн Же, доош баахан дусал асгасан янзтай байв. Үүнд сэтгэл ханалгүй дахиад толины зөв талыг эргүүлж харав. Фөн Же түүнийг даллан дуудаж байна. Тэгтэл дахиад түүнийг дагаж ормоор болоод хэд хэд нааш цааш яваад толиноосоо гарч иртэл хоёр хүн хүрч ирээд төмөр гинжээр оосорлон чирэв. Жя Рүй “Би толио авъя” гэж бархираад, төдхөн дахиж юм хэлж чадахаа болив. Түүнийг сувилж байсан хүмүүс харвал, эхлээд толинд нүүрээ үзэж байснаа алдаж унагав. Нүдээ нээж толио аваад барьж байснаа алдаад хөдлөхгүй болов. Очоод үзвэл, нэгэнт амьсгаа нь тасраад доод бие нь нов нойтон, хөв хүйтэн болоод баахан шингэн алдсан байв. Ингээд яарч тусгай хувцас өмсгөөд шарилыг нь зөөв. Дай Жю эр эм хоёр унан тусан уйлж: “Ямар шулмасын бумба ирэх нь энэ вэ” гэж өнөө ламыг харааж, гал түлүүлж нөгөө толийг шатаалгахад тэнгэр дээрээс,
-Хэн түүнийг зөв талаас нь үз гэсэн юм бэ. Та нар өөрсдөө худлыг үнэн болгоод бас юунд миний толийг шатаав гэж бархирах дуун сонсогдож байтал нөгөө толь гэнэтхэн галаас үсрэн гараад нисэн одов. Дай Рү гадаа гараад харвал мөнөөх доголон бумба “Миний урин нисванисын эрдэнийн толийг” буцааж өг хэмээн бархирч байснаа нүд ирмэх зуур гэнэтхэн алга болов.
Дараа нь Дай Рү хөдөөлүүлэх ажилд бэлтгэн гурван өдөр буяныг нь хийж, долоо дахь өдөр нь шарилыг гарган Тиэ Жиян Шэ сүмийн ард тавив. Хөдөөлүүлэх ажилд Жя овогтын хүмүүс ирж, дор бүрнээ, хөрөнгийн чинээ байдлаар хоёр гурваас арав хорин лан мөнгө өгөв. Бас хамт суралцагсдын ар гэрийнхэн мөнгө цуглуулж өгснөөр ядуулаг Дай Жю харин чинээлэг байдлаар хөдөөлүүлэх ажлыг дуусгав.
* * *
Өвлийн сүүлчээр Линь Рүхайд хүнд өвчин тусаж, Дай Юйг буцааж аваачих бичиг ирүүлжээ. Жя Мү сонсоод сэтгэл нь зовж, арга буюу Дай Юйг явуулахад бэлтгэв. Бао Юйн сэтгэл нэн их түгшсэн боловч эцэг охины хоорондын сэтгэл санааны хэрэг учраас хориглох арга олсонгүй. Ийнхүү Жя Ляниар хүргүүлээд, дараа нь эргүүлж авчраарай гэж Жя Мү захив. Алив бэлэг сэлт, хоол хүнсний зардал тэргүүтнийг цөм бэлэн болгов. Төдөлгүй өдрийн сайныг сонгож Жя Лянь Дай Юй хоёр хүмүүстэй салах ёс гүйцэтгээд зарц нараа дагуулан усан онгоцонд сууж Ян Жоу чиглэн мордов. Түүнээс хойш юу болсныг дараах бүлгээс үзтүгэй!
Тайлбар:
- Дайчлан захирагч түшмэл-Бүтэн нэрийг нь цэргийн явдлыг ерөнхий захирах дайчлан захирагч түшмэл гэнэ. Тухайн газар орны цэргийн хамгийн дээд зэргийн ноён.
Холбоотой мэдээ