Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Залуу жүжигчин П.Оюун-Эрдэнэ буюу

Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэнд Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа
хэмээх дууг арваад жилийн өмнө ХИТ болж байлаа.  “Жинжиймаа” Монголын уран сайхны кино 16 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш энэ дуу монголчуудын дуулах дуртай дууны нэг болсон.

Ингээд “Жинжиймаа” уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан “алаг нүдэн” Хонгорзул “Мартагдашгүй танил” буландаа урилаа. Тэрбээр өдгөө 21 настай, Соёл урлагийн их сургуулийн жүжигчин ангийн төгсөх курсийн оюутан. Түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

Ардын жүжигчин П.Цэрэндагватай 16 жилийн дараа хамт

Таван настайдаа анх “Жинжиймаа” кинонд тоглосон

-Намайг Пүрэв-Очирын Оюун-Эрдэнэ гэдэг. Одоо 21 настай. Соёл урлагийн их сургуулийн жүжигчин ангийн төгсөх курсийн оюутан. Ер нь би багаасаа л дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Ойр дотныхон маань ч гэсэн намайг “Чи жүжигчин болох байх” гэж их хэлдэг байсан. Миний хувьд хамгийн анх “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглосноор жүжигчин болох эхлэлийг тавьсан гэж боддог. Тухайн үед би дөнгөж таван настай байсан.

Аав, ээж маань хоёулаа алаг нүдтэй

-Манай аав, ээж хоёр маань хоёулаа том алаг нүдтэй. Би дээрээ нэг ахтай, нэг дүүтэй. Айлын дунд охин. Мэргэжил нэгтэй найз залуутай. Хараахан гэр бүлтэй болохоор төлөвлөөгүй байгаа. Спортод их дуртай. Хааяа найзуудтайгаа сагс тоглоно. Мөн мэргэжлийн хичээлүүддээ их дуртай, сонирхолтой.

Жүжигчин Н.Батцэцэг эгч намайг хайж олсон

-Одоогоос 16 жилийн өмнө би сансрын 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байлаа. Тэр үед аав, ээж маань төрийн байгууллагад ажилладаг. Ээж маань дунд сургуулийн багш байлаа. Нэг өдөр аав, ээж маань намайг цэцэрлэгээс авдаггүй. Цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байсан гэсэн. Гэтэл оройн 19:00 цагийн үед  гаднаас хоёр хүн ирээд, туслах багштай уулзлаа. Намайг дуудахаар нь би очтол Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, О.Машбат ах хоёр байсан юм билээ. Гавьяат жүжигчин  Н.Батцэцэг эгч маань “Бид хоёр “Жинжиймаа” гэдэг кино хийх гэж байгаа. Миний охины бага насанд тоглох надтай адил монгол төрхтэй, алаг нүдтэй, мэнгэтэй охиныг өглөөнөөс эхлээд цэцэрлэгүүдээр хайж явна. Тэгээд танай цэцэрлэгт орчихоод явъя даа гэж байсан чинь чамайг оллоо” гэсэн.

Н.Батцэцэг эгч намайг “Эгч рүүгээ хайрласан харцаар хараад, энэ ах руугаа муухай хар даа” гэсэн. Би ч хайрласан харцаар нэг хараад, муу харсан юм шиг байна лээ. /инээв/ Намайг өхөөрдөөд л “Тэр мэнгэ, төрх, нүд, арьсны өнгө их адилхан байна” гэсэн юм билээ. Тэгээд аав, ээжийг маань дуудаад, маргааш өглөө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу киноны зурганд явцгаасан.

“Жинжиймаа” киноны гэр шатдаг хэсгийг маш хурдан авсан гэсэн

-Би хөдөө очоод эхэндээ их сүрхий байсан гэсэн. Киноныхоо жүжигчидтэй буу халаад л жүжигчдийн текстийг цээжилчихсэн “Ингэж хэл, тэгж хэл” гээд л. Сүүлдээ киноны хүнд зураг авалтууд эхэлсэн чинь ээждээ “Би кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж шалаад эхэлсэн гэсэн. Ээж маань ярихдаа “Тэр үед 500 мянган төгрөгөөр гэр худалдаж, аваад жинхэнээсээ шатаасан” гэдэг. Намайг ядраад унтах үеэр гэр дотор нь үлдээгээд, гаднаас нь гал тавьж маш хурдан зураг авалтыг хийсэн гэсэн.

Кинонд өмссөн ногоон торгон дээлээ одоо хүртэл хадгалдаг

Би таван настайдаа тоглосон киногоо үзээд уйлаад л байсан гэсэн. Одоо ч гэсэн өөрийнхөө тоглосон киногоо үзэхээрээ уйлчих гээд байдаг. “Жинжиймаа” уран сайхны кино нь цагаан сарын баяраар их гардаг шүү дээ. Тэгээд л ойр дотны хүмүүс маань “Чиний тоглосон кино гарч байна” гэж хэлдэг. Жил бүр л “Жинжиймаа” киногоо үздэг. Одоо ч хүмүүс намайг “Жинжиймаа” дүрийн маань нэрээр их дууддаг. Надад энэ  дүрийнхээ нэрээр дуудуулах сайхан санагддаг. “Жинжиймаа” кинонд тоглохдоо өмссөн ногоон торгон дээл маань одоо хүртэл бий. Бас эмээ маань надад киноны нээлтийн үеэр ногоон торгон дээлтэй адилхан барби бэлэглэж байсан юм. Хэзээ нэгэн цагт ээж болохоороо хүүхдэдээ дээлээ өмсүүлж, барбигаа өгнө дөө.

15 жилийн дараа П.Цэрэндагва гуайтай нэг кинонд тоглолоо

-Соёл урлагийн их сургуулийн оюутан учраас ах, эгч нар маань киноны зураг авалтад дуудна. Нэг удаа надад “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр ахын найруулсан “Эцсийн хүсэл” кино зураг авалтад орох завшаан таарсан. Тэр үеэр Төгсөө ах маань “Дараагийн уран бүтээл дээр хамтарч ажиллана” гэдгээ хэлсэн. Тэгээд надтай өнгөрсөн зун холбоо бариад, наадмын өмнөхөн “Хүн мод” киноны зураг авалтад оролцсон. Миний хувьд Энэрэл гэдэг сайхан сэтгэлтэй эмэгтэй, айлын бэрийн дүрд тоглосон. Кино багийн ах, эгч нараасаа их зүйлийг сурсан. Найруулагч А.Төгсбаяр ахын текст үгнүүд их хүчтэй, хүний сэтгэлд хүрч чаддаг. Тийм учраас надад дүрээ гаргахад хүндрэлтэй байгаагүй ээ. Надад санал, шүүмжлэл ирвэл зөвөөр хүлээж авах болно. Миний анхны кино юм чинь алдаа, оноо байсан байх. Дараа дараагийн уран бүтээлд гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээнэ. Тиймээс надад шүүмжлэл их ирээсэй гэж хүсэж байна.

Мөн олон жилийн дараа Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хамт нэг кинонд тоглосон. Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай маань А.Төгсбаяр ахын ахмад насанд тоглосон. Бид хоёр “Хүн мод” киноныхоо нээлт дээр л тааралдсан. П.Цэрэндагва гуай “Жинжиймаа” киноны нээлт дээр намайг тэвэрч зураг авахуулсан байдаг. Олон жилийн дараа “Хүн мод” киноны нээлт дээр хамтдаа зургаа дахин авахуулсан.

АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭЛЭГДСЭН ЖҮЖИГЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

-Жүжигчин хүн аль ч салбарт хөрвөж чаддаг байх хэрэгтэй л дээ. Гэхдээ би сургуулиа төгсөөд кино жүжигчин болно гэж боддог. Манай ангийн багш Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа. Багш маань бидэнд “Дүр чамайг голохоос чи дүрийг голохгүй” гэж хэлдэг. Хүмүүс намайг их зөөлөн төрхтэй гэж хэлдэг болохоор сайхан эмэгтэй, сайн найз, сайн эгчийн дүрд тоглохыг хүсдэг. Ер нь би зөөлөн зантай хүн. Заримдаа хэт зөөлөн зангаасаа болж, алдах тохиолдол ч бий.

Ард түмэндээ үнэлэгдсэн мундаг жүжигчин болох мөрөөдөлтэй. Юуны өмнө их сургуулиа сайн төгсөж, мэргэжлээрээ сайн суралцах зорилго тавиад байгаа. Мөн надад үргэлж тусалж дэмждэг гэр бүл, найз нөхөд, “Хүн мод” киноны багийнхандаа баярлаж, талархсанаа илэрхийлье. Манай кинонд “Амьдралд хайр байдагт их баярлалаа” гэдэг үг бий. Энэ их сайхан үг.

Гэрэл зургийг Э.Энхбат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж