Дифлимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Н.Эрхэмбаяр

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Дифлимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Н.Эрхэмбаяр

Дифлимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Н.Эрхэмбаяр

Намдагдоржийн Эрхэмбаяр. Тэрбээр 2016 онд Иран улсын Тегеран хотноо болсон Диф (сонсголгүй) иргэдийн чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг-ын жинд зодоглож, дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн, Иран улсад Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан. Өнгөрсөн 2017 онд таван тивийн 114 орны 3500 гаруй тамирчин оролцсон, Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан Дифлимпийн зуны 23 дугаар спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтын эзэн билээ. Саяхан “Алтан гадас” одон хүртсэнийх нь дараа Н.Эрхэмбаяр хүүг шүүмжлэх хүн олон байсан ч түүний амжилтуудыг хэн ч үгүйсгэх боломжгүй билээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилтын төлөө шаргуу, чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа эгэл даруухан эл эрхэм тамирчин хүүтэй багш Х.Пүрэвсүрэн болон нагац эх Н.Эрдэнэбаярынх нь тусламжтай ярилцсанаа уншигч танаа толилуулъя.

-ЭЭЖ МИНЬ “МИНИЙ ХҮҮ БЭЛТГЭЛЭЭ САЙН ХИЙ, МИНИЙ ХҮҮ ЧАДНА АА” ГЭЖ ДАНДАА ХЭЛДЭГ-

-Тив, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа дүүдээ “Алтан гадас” одон хүртсэнд баяр хүргэе. Төрийн одон гардаад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Баярлалаа. Би төрийн ийм өндөр шагнал хүртэнэ гэж бодоогүй байсан. Маш их баяртай байна. Намайг дэмжин тусалж байдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

-Чөлөөт, сонгомол бөхийн төрлийг сонгож хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?

-Би багаасаа бөхийн спортыг сонирхдог байсан. Миний үеэл ах Мөнхбаяр сумын заан, бас миний төрсөн ах Энхбаатар жүдо бөхөөр хичээллэж барилддаг. Өсвөрийн улсын аваргын хүрэл медаль, аймгийн аваргын алт, мөнгө хүрэл медальтай. Энэ бүхэн намайг спортод хөл тавих эхлэл болсон гэж боддог.

-Хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ?

-Би 11 настай буюу 2011 оноос эхлэн чөлөөт бөхийн дасгалжуулагч Баттүшиг багшийн удирдлага дор хичээллэх болсон.

-Дэлхийн аваргын тэмцээнд нийт хичнээн орны тамирчидтай өрсөлдсөн бэ?

-Энэ тэмцээнд 140 гаруй орны хүүхдүүд оролцсон. Би бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн.

-Эрхэмбаярын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Казакстаны Ершатиг Жанабил, Туркийн Серхан Долек, Ираны Нассер Каримиг гэх зэрэг мундаг олон тамирчин байсан.

-Гадны тамирчид манай тамирчдаас юугаараа ялгардаг вэ?

-Намайг бодвол тэд их биерхүү том байдаг юм. Гэхдээ би бэлтгэлээ сайн хийсэн тохиолдолд тэднээс дутахгүй л гэж өөрийгөө дүгнэсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хувьд олон улсын тэмцээн уралдаанд оролцоход хөрөнгө мөнгөний асуудал маш их тулгамддаг. Тэмцээн уралдаанд оролцоход ивээн тэтгэдэг байгууллага бий юү?

-Намайг Дэлхийн аваргын тэмцээнд оролцоход аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Дифлимпийн хороо, “Дэлхийн зөн” Өвөрхангай ОНХХ, 2-р сургуулийн тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг ах, “Хасу Мега старс” клубын хамт олон, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг, Өвөрхангай аймаг дахь “Хангамж” ХХК-ийн захирал н.Батхүү ах гээд олон хүн дэмжиж тусалсан. Баярлалаа гэж хэлье.

-Одоо хэддүгээр ангид сурдаг вэ? Онц сурч байна уу?

-Би Өвөрхангай аймагтаа ерөнхий боловсролын 2-р сургуулийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлэгт суралцдаг. Гайгүй сайн сурдаг аа.

-Тэмцээн уралдаанд оролцоод, хоцорсон хичээлээ нөхөж амжиж байна уу?

-Би их сайхан хамт олонтой. Намайг цаг үргэлж дэмжиж байдаг. Ангийн багш, найз нөхөд байгаа болохоор би тэмцээн уралдаандаа санаа зовох юмгүй л оролцдог.

-БИ НЭГ ИХ ЭМЗЭГЛЭЭГҮЙ ЭЭ-

-Цахим сүлжээний зарим хэрэглэгчид сурагч хүү “Алтангадас” одон хүртлээ гэж багагүй шүүмжлэл өрнүүллээ. Хэцүү байв уу? Хүмүүст юу гэж хэлмээр санагдаж байсан бэ?

-Надад энгийн хүүхдүүдтэй тэмцээнд оролцоод явахад хэцүү бэрхшээлтэй зүйл зөндөө л тулгардаг. Би маш их тэсвэр тэвчээр, хичээлт чармайлт гаргаж, өөртөө бас зорилго тавьж багшийнхаа заасан болгоныг хичээнгүйлэн суралцаж байсны үр дүнд ийм амжилтад хүрч байгаа гэж боддог. Миний тухай намайг таньдаг хүмүүс, найз нөхөд, нутгийн ард олон, бас спорт сонирхдог хүмүүс сайн мэддэг байх. Мөн мэдэхгүй ч олон хүн байгаа. Би цаашид олон хүнд өөрийгөө таниулсан, Монгол орныхоо нэрийг тив дэлхийд гаргасан сайн тамирчин болно гэж боддог. Тэр үед хүмүүс намайг ингэж хэлэхгүй байх аа. Би үүнд нэг их эмзэглээгүй ээ.

-Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй гэдэг утгаар хүмүүс гадуурхдаг уу?

-Бэрхшээлтэй хүн юм болохоор зарим үед хүмүүст ойлгогдохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг л байх. Сонсохгүй болохоор жаахан алдаа гаргачих гээд байдаг тохиолдол бий.

-Эгчийн дүүг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүн хэн бэ?

-Миний ээж намайг хамгийн сайн ойлгоно. Бас багш нар маань намайг их сайн ойлгодог. Би зарим үед ээж, гэр бүлийнхэнтэйгээ ярьж ойлголцохгүй байгаа зүйлээ ангийн багшдаа хэлж ойлголцдог.

-Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж ямар зүйлийг хийж өгөөсэй гэж хүсдэг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад энгийн хүмүүсийн л нэгэн адилаар адил тэгш хандаж байгаасай гэж боддог. Бид ч гэсэн жирийн хүмүүсийн адил амьдрах хүсэл эрмэлзэлтэй, зорьсон зорилготой, эх орноо гэсэн сэтгэхүйтэй тийм л хүмүүс шүү дээ. Бидний чадаж байгаа зүйлийг жаахан дэмжээд л өгөхөд бид хэнээс ч дутуугүй амьдарч чадна.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Би тив дэлхийд Монгол орныхоо нэрийг гаргасан тамирчин болоод зогсохгүй өөртэйгээ адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд нэрийг нь цуурайтуулсан дасгалжуулагч багш болох хүсэлтэй.

-Эгчийн дүү амьдралдаа хэзээ маш их баярласан бэ?
-Би Монголдоо анхны Дифлимпийн өсвөрийн дэлхийн аварга сурагч болсондоо маш их баяртай байдаг. Аварга болоод маш их баярлаж байсан.

-Хүмүүс гомдоодог уу? Гомдол, бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Чөлөөтэй бодол санаагаа илэрхийлж чадахгүй болохоор гомдох зүйл байдаг л даа. Гэхдээ би хүмүүсийн сайн, муу зүйл ярьж байгааг харааны мэдрэмжээрээ ойлгодог. Намайг хамгийн сайн ойлгодог ангийн найз нөхөд байдаг болохоор би тэдэнтэйгээ бодол санаагаа ойлголцоод л бухимдахаа больдог.

-ЭЭЖИЙГЭЭ Л САНАА СЭТГЭЛ ТАЙВАН, ДУТАГДАХ ЗҮЙЛГҮЙ САЙХАН АМЬДРУУЛАХ ЮМСАН ГЭЖ ИХ БОДДОГ-

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Бэлтгэлээ хийдэг. Найз нартайгаа бөмбөг тоглох дуртай. Бас фэйсбүүкээр найз нартайгаа харилцана.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ? Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би нэг ах, нэг дүүтэй. Ах минь тусдаа амьдардаг. Одоо би ээж, дүүгийнхээ хамт амьдарч байгаа. Ээж минь улирлын чанартай ажил хийдэг, тогооч мэргэжилтэй.

-Ээждээ, гэр бүлийнхэндээ юу хэлэхийг хүсч байна вэ?

-Намайг цаг үргэлж дэмжиж байдаг та нартаа их хайртай шүү.

-Ээж нь гадагшаа тэмцээн уралдаанд оролцохоор явахад нь юу гэж захиж хэлдэг вэ?

-Ээж маань надад бэлтгэлээ сайн хий. Ингэх л юм бол миний хүү оролцох тэмцээн бүрдээ амжилт гаргаж чадна шүү. Миний хүү чадна аа гэж дандаа хэлдэг. Ээжийгээ л санаа сэтгэл тайван, дутагдах зүйлгүй сайхан амьдруулах юмсан гэж их боддог.

-Ээжийгээ баярлуулж, хамгийн сүүлд ямар бэлэг авч өгсөн бэ?

-Би сая “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж ээжийгээ баярлуулж бэлэг барьсан.

-“Их Монголын хүчтэн” дэвжээний Э.Баттүшиг дасгалжуулагчийнхаа удирдлага дор хичээллэдэг хэвээрээ юү?

-Багш маань түр хугацаагаар гадаад руу сургалтад явсан байгаа.

-Одоо ямар тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж байна вэ?

-Удахгүй болох залуучуудын улсын аваргын тэмцээнд оролцоно. Бэлтгэлдээ гарчихсан байна.

-Баярлалаа. Цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын их амжилт хүсье.

Л.ОЮУНЧИМЭГ: ХҮҮГЭЭ “АЛТАН ГАДАС” ХҮРТЭХ БОЛСНЫГ СОНСООД ОРОЙДОО МИКРОД СУУГААД ХОТ РУУ ГАРСАН

Ээж Л.Оюунчимэгтэй утсаар холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.

-Хүү тань “Алтан гадас” одон хүртлээ. Таны сэтгэл үгээр хэлэхийн аргагүй сайхан байгаа болов уу. Төрийн одон хүртэхийг нь сонсоод л хот руу гарав уу, эсвэл урьдчилаад хэлсэн байв уу?

-Хүүгээ “Алтан гадас” одонгоор шагнуулсанд маш их баяртай байна. Төрийн шагнал хүртэхийг сонссон оройдоо л микрод суугаад хот руу гарсан.

-Та хүүдээ тэмцээн уралдаанд оролцохоор явахад нь ямар үг хэлж урам хайрладаг вэ?

-Миний хүү тэмцээндээ сайн оролцоод ирээрэй гэж хэлдэг. Энэ дашрамд Дэлхийн аваргад оролцоход нь тусалж дэмжсэн аймгийн удирдлагууд, “Дэлхийн зөн” ОУБ-ын хамт олонд маш их талархаж буйгаа илэрхийлье.

-Таны хэд дэх хүүхэд вэ?

-Эгч нь хоёр хүү, нэг охинтой. Бага хүү минь байгаа юм.

-Та хүүгээ сайн өсгөж хүмүүжүүлжээ. Их даруу төлөв хүү байна лээ?

-Баярлалаа. Миний хүү чинь их мундаг хүү шүү. Заримдаа сайн ойлголцохгүй үе гарна. Багш Пүрэвсүрэн, дасгалжуулагч багш Баттүшиг хоёр миний хүүг их сайн ойлгож, цаг үргэлж тусалж дэмждэг. Үнэхээр их баярладгаа хэлмээр байна.

-Хүү тань гадаадад тэмцээнд оролцоод ирэхдээ танд ямар бэлэг авчирч өгсөн бэ?

-Хамгийн сүүлд сая олимпоос мөнгөн медаль аваад ирэхдээ ээмэг бөгжний хослол, хувцас авчирч өгсөн. Олон бэлэг авчирч өгдөг дөө.

-Та одоо нутагтаа оччихсон байна уу?

-Тийм ээ. Хүү минь хотод ахтайгаа хоёр алхаад л тулчихдаг тийм жижиг, айлын хажуу өрөө түрээслээд, их тухгүй амьдарч байгаад санаа зовоод байх юм. Хотод орон байртай болчихвол илүү сайн хичээж, их амжилтад хүрнэ дээ гэж бодож сууна даа.

Баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Н.ЭРДЭНЭБАЯР: ШАГНАЛЫН 30 САЯ ТӨГРӨГӨӨС НЬ ДҮҮД МААНЬ ТАВАН САЯ НЬ Л ИРСЭН

Тамирчин Н.Эрхэмбаяр удахгүй болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Спортын төв ордонд бэлтгэлээ базааж эхэлжээ. Завсарлагааны үеэр түүний нагац ах Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Таны дүү их даруухан хүү юм аа?

-Тийм ээ. Дүү маань их төлөв, даруу зантай.

-“Алтан гадас” одон хүртсэнийхээ дараа танд ямар нэг зүйл хэлсэн үү?

-Тухайн үед манай дүү маш их баяртай байна гэсэн. Шагналаа авах үед ээж, дүү хоёр нь ирсэн. Дүү маань инээж хөхрөөд, маш их баяртай байсан. Бид талбай дээр очиж хамтдаа зургаа авахуулсан.

-Анх шагнал хүртэх тухай мэдээг хэнээс сонссон бэ?

-Диф холбооны ерөнхийлөгч Энхбаяр тодорхойлж, энэ мэдээг бидэнд хэлсэн юм. Одоо цагаан сарын өмнө Спортын мастер цол олгох сураг дуулдсан.

-Цахим сүлжээний зарим хэрэглэгчид нэлээн шүүмжлэл өрнүүлсэн. Эрхэмбаяр эмзэглэсэн болов уу?

-Тухайн үед талбай дээр зураг авахуулахдаа гараа халаасандаа хийчихсэн байсан юм билээ. Тэр нь хүмүүсийн хараанд өртөж, шүүмжлэл өрнүүлсэн байсан. Тэрэнд бид санаа зовохгүй байгаа. Өөрөө эрч хүчтэй, багаасаа бэлтгэл хийгээд, өдий зэрэгт хүрсэн.

-Дэлхийн аварга, Олимпийн медаль хүртсэн тамирчдад олгодог урамшуулал гэж авсан уу?

-2016 онд Дэлхийн аварга болсон. Өнгөрсөн 2017 онд Дифлимпээс мөнгөн медаль хүртсэн. Шагнал нь 30 сая төгрөг байсан юм билээ. Тэр нь хувилагдсаар байгаад дүүд маань таван сая төгрөг л ирсэн. Бид хоёр энд байр түрээслэж амьдарч байгаа. Ийш тийшээ явахдаа өөрөө биеэ даагаад явж чадахгүй. Дохио зангаагаар бас сайн ойлголцохгүй. Сүүлийн үед фэйсбүүк ашиглаж, зургаа явуулаад уулзалдаж очиж авдаг болсон.

-Үндэсний шигшээ багт орсон уу?

-Ороогүй байгаа. Багш нь бэлтгэлийг нь таслахгүй байх зорилгоор энэ ордонд бэлтгэл хийлгэж байгаа юм. Ямар ч байсан тав, зургаан сар хүртэл бэлтгэлээ хийх байх. Манай дүү хэлгүй, дүлий ч эрүүл хүүхдүүдийн дунд ороод, эрүүл хүн шиг л барилддаг давуу талтай.

-Хотод ирж бэлтгэл хийхээр хичээл завсардах талтай. Энд мэргэжлийн сургуульд нь хамруулж болдоггүй юм уу?

-Уг нь намар 29-р сургуульд сургахаар ярьсан байсан ч тэнд хүүхэд эвдчихдэг гэж сонсоод больсон. Уг нь дохионы хэлийг нь сайжруулчихвал гэж бодсон юм.

-Дэлхийн аваргад оролцох бэлтгэл амаргүй байсан болов уу?

-Тийм ээ. Тэмцээний бэлтгэл нь маш хүнд байсан. Хөлс, хөдөлмөр шавхалгүй яах вэ. Сонгинохайрханы спорт хороон дээр сар шахуу хэдэн хүүхэдтэй гал болоод бэлтгэл хийж байсан. Өвөрмонголд бас бэлтгэл хийсэн.

-Дэлхийн аварга болоод ирэхэд нь нутаг орныхон нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрынхан хүлээн авч, баяр хүргэсэн. Сая шинэ жилээр спортын шилдэг тамирчин, шилдэг залуу болсон.

-Багш нь Солонгост түр хуцаагаар сургалтад явсан юм байна. Одоо дасгалжуулж байгаа багш бий юү? Хэн нэгэнд дасгалжуулж өгөөч гэж хандаа юу?

-Байхгүй. Уг нь миний бодлоор энд нэг дасгалжуулах багш байвал сайн байгаа юм. Дасгалжуулж өгөөч гэж хэнд ч хандаж байгаагүй.

-Бэлтгэл сургуулилтад нь хүргэж, авахад санаа зовоох ямар асуудал байдаг вэ?

-Энгийн хүүхдүүдтэй их барилддаг. Тэд сонсголгүйг нь ашиглах гээд байдаг тал байдаг юм билээ. Гэхдээ түүнд нэг их шантардаггүй, өөрөө их зоригтой, дайчин. Автобусаар мөнгөө төлөөд л зорчдог. Уг нь үнэгүй зорчих эрхтэй байдаг юм билээ. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Хотод өөр очих хүнгүй. Над дээр ирдэг юм. Сая тэмцээний урамшуулал нь бүтэн орж ирдэг бол өөрт нь бэлтгэлээ хийхэд нь ойр байр авч өгөх юм бодож байсан юм. Одоо хамгийн гол хүсч байгаа зүйл нь байр л байна.

Х.ПҮРЭВСҮРЭН: СУРСАН МЭДСЭНЭЭ НАЙЗ НӨХДӨДӨӨ ЗААЖ СУРГАН, УРАЛДААН ТЭМЦЭЭНД ДАСГАЛЖУУЛДАГ БОЛСОН

-Таныг Эрхэмбаяр хүүтэй хамгийн дотно, хамгийн сайн ойлголцдог багш нь гэж сонслоо. Энэ хүүгийн талаарх магтаалыг таниас сонсох байх гэж бодож байна?

-Миний нэрийг Х.Пүрэвсүрэн гэдэг. Би Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлгийн багш. Эрхэмбаяр хүү маань анх 2007 онд найман настайдаа манай ангид элсэн суралцаж байсан. 2011 оноос Баттүшиг багшийн дугуйланд хичээллэж, 13-14 насандаа л бөхийн спортоор амжилт гаргах ирээдүйтэй нь мэдрэгдэж эхэлсэн. Олон уралдаан тэмцээнд энгийн хүүхдүүдтэй оролцож багагүй амжилтууд гаргаж, түүндээ урам орж, багш маань ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж бодохгүй, шантрахгүйгээр сэтгэл зүтгэлээ гаргаж ажилладаг байсан. Ойлголцохгүй үедээ надаас асууж, дохионы хэл заалгана. Энэ дашрамд, хэлэхэд Баттүшиг багш маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэтгэлээсээ хандаж ажилладаг. Ийм хүүхдүүдийн төлөө хамтарч ажиллахад зөв бодолтой ховорхон л багш хүн дээ. Эрхэмбаяр хүү маань амжилт гаргах тусам энгийн хүүхдүүдэд маш сайн үлгэр дуурайл болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ нөлөөлж, ингэж сурч хөгжиж болдог юм гэдгийг харуулж чадсан. Мөн өөрийн сурсан мэдсэн зүйлээ найз нөхдөдөө зааж сурган, тэднийгээ уралдаан тэмцээнд дасгалжуулан бэлддэг болсон. Ангийнхаа сурагчдыг Баруун бүс, Төвийн бүс, Улсын аварга шалгаруулах тэмцээн, улмаар Зүүн Азийн Тусгай олимпод дасгалжуулан бэлтгэсэн нь түүний бас нэг бахархал. Ийм сайхан сэтгэлтэй, зорилготой шавиараа бахархахгүй байхын аргагүй юм даа.

-Бэрхшээлийг давж, ялан дийлж яваа Эрхэмбаяр хүүд сургуулийн багш нар, нутаг орных нь зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?

-Манай сургуулийн удирдлага, багш нар, хамт олон, байгууллага, хувь хүмүүс тэмцээн уралдаанд оролцох бүрд нь тусалж дэмжиж байдаг. Дэлхийн аваргын тэмцээнд оролцоход нь аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж байсан. Олимпийн тэмцээнд оролцоход БТСГазар, БСУГазар туслалцаа үзүүлсэн. Аймаг, орон нутгийн зүгээс манай хүүхдэд зохих хэмжээгээр урам дэм өгөх байх гэж найдаж байгаа.

-Тэмцээн уралдаанд оролцох зардлын мөнгөө хаанаас босгодог вэ?

-Спортын уралдаан тэмцээн, олон улсын чанартай тэмцээнүүдэд хүүхдүүдээ оролцуулахад зардал мөнгөний асуудал маш их сэтгэл зовоосон асуудал байдаг. Эрхэмбаярыг тэмцээн уралдаанд оролцуулах гэж Баттүшиг багш бид хоёр өөрийнхөө хүүхдүүдийг явуулах гэж байгаа юм шиг л яаж зардал мөнгө олох вэ гээд явна шүү дээ. Ангийнхаа сурагчдаар концерт тоглуулж, бүх сумаараа тоглолт хийж, олсон орлогоосоо өгч байсан. Сая олимпод явахад нь би өөрөө цалингийн урьдчилгаа авч өгч явуулсан гэх мэтээр зардал мөнгөний асуудал л жаахан хүнд байдаг даа. Бид яаж ийгээд болгоод явуулна л даа. Би анги удирдсан багш нь. Энэ хүүгийн маань ар гэрийн амьдрал тийм ч сайн биш. Одоо Улаанбаатар хотод бэлтгэлд гарсан байгаа. Айлын нэг жижиг өрөө хөлсөлж сууж байгаа. Манай сургуулийн Бямбацэрэн багш Нандинцэцэг багшийн ангийн хүүхдүүд өөрсдийн санаачлагаар хүнсний зүйл цуглуулж, бэлтгэлээ хийхэд нь нэмэр болох гэж түүнийгээ илгээсэн. Ийм хүүхдүүдийн сайхан сэтгэлийн дэм тус бол байна л даа. Төр засаг, аймаг орон нутгийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг талаас нь биш, тив дэлхийд аймаг орон нутаг төдийгүй Монгол Улсын нэрийг гаргаж яваа өсөх ирээдүйтэй Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальтай тамирчин гэдэг талаас нь харж, адил тэгш хандаж байгаасай л гэж бодож байдаг. Манай анги бүлэгт Дифлимп, Паралимп, Тусгай олимп гээд цаашид амжилт гаргах боломжтой олон сурагч бий. Олон улсын хэмжээнд ч амжилтууд гаргаад явж байгаа шавь нараараа бахархаж байна даа. Энэ бол олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдэд эерэг нөлөө болж, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархах, нийгэмд зөв хандлага төрүүлж байгаа амжилт гэж боддог юм.

-Шавьдаа хандаж та юу хэлэх вэ?

-Олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн итгэлийг дааж, багш нарынхаа зааж сургасан бүхнийг өөртөө үлдээж, нутаг орныхоо нэрийг, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваарай гэж хэлье.

-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж