Гэр хорооллын иргэд ипотекийн зээлээр байр авбал урьдчилгааг нь санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэд ипотекийн зээлээр байр авбал урьдчилгааг нь санхүүжүүлнэ

Гэр хорооллын иргэд  ипотекийн зээлээр байр авбал урьдчилгааг нь санхүүжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг сунгасантай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа. 


-Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг гаргаснаар ямар үр дүнд хүрсэн бэ? Нийслэлийн яндангийн тоог бууруулна гэсэн зорилгодоо хүрсэн гэж үзэж байна уу?

-Энэхүү шийдвэрийг нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилтын хүрээнд гаргасан. Шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотод орон нутгаас 9949 иргэн шилжин ирсэн бөгөөд 11256 иргэн орон нутаг руу шилжин явсан байна. Харин өмнөх онд буюу 2016 онд орон нутгаас нийслэлд 25245 иргэн шилжин ирж байсан. Энэ бүгдийг дүгнэн үзэхэд 2017 онд сүүлийн 20 гаруй жилд анх удаа Улаанбаатар хотод байнга оршин суухаар шилжин ирэгсдийн тоо бодитоор буурсан гэж хэлж болох юм. Мэдээж агаарын бохирдолтой тэмцэхэд шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Яндангийн тоо энэ оны хувьд дан ганц дээр дурдсан арга хэмжэээний үр дүнд бус, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд бодитоор буурсан гэж үзэж болно.

– Нийслэлд энэ хугацаанд 9900 гаруй хүн шилжиж ирсэн гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой тоо вэ? 

-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллага хөтөлдөг. Улсын бүртгэл өөрөө үнэн зөв байх учиртай. Бид бодитой тоо гэж үзэж байгаа.

-Албан ёсоор бүртгүүлэхгүй суурьшиж буй айлуудыг энэ хугацаанд хэрхэн хянасан юм бэ?

-Нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн байгууллага, хорооны удирдлагын зүгээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа.

-Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар зарим тохиолдолд орон нутгаас ирсэн хүүхдүүд сургууль завсардах, ахмад настнууд тэтгэврээ авахын тулд хол зам туулж байна. Ийм гомдол, санал ирж байна уу?

-Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрч очоод байгааг хаа, хаанаа мэдэж байна. Энэ нөхцөлд нийслэлийн оршин суугч, иргэдийн зүгээс хотын даргын шийдвэрийг дэмжиж байгаа. Гомдол, санал ч бага байна.

-Энэ шийдвэр хүн бүр оршин суух газраа сонгох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж зарим хүн үзэж байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Хүн бүр оршин суух газраа сонгох эрхтэй гээд үерийн далан, гуу жалганд, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд аюултай газарт суурьшин амьдарч болохгүй биз дээ? Тэгэхээр энэ эрх маань абсолют эрх биш юм аа. Тодорхой нөхцөлд хууль, журмын дагуу хязгаарлаж болно. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж хуульчилсан байгаа. 

Хөдөө, орон нутгийн шилжилт хөдөлгөөнөөс улбаалсан оршин суугчдын хэт замбараагүй өсөлт нь Улаанбаатар хотын оршин суугч, иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчин амьдрах зэрэг эрхэд ноцтой нөлөөлөөд эхэлснийг бид бүгд мэдэж байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй маш олон сөрөг үр дагаврын жишээнээс энд дурдаж болно. Ураг эхийнхээ хэвлийд өсөлтгүй болж байна, хүүхдүүд хүндээр өвдөж байна, агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо ч өндөр байна. 

Ийм аюултай, онцгой нөхцөл байдалд хотын удирдлага хуулийн дагуу эрс шийдэмгий арга хэмжээ авахаас өөр аргагүй. Зөвхөн Үндсэн хуульд ч бус, бусад хуульд төрөөс иргэнийхээ эрхийг хангах, хамгаалах талаар авах арга хэмжээний талаар тодорхой зохицуулалт бий. Тухайлбал, Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх зорилгоор нийслэлд шилжин суурьших асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийх бүрэн эрхийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан. 

Мөн түүнчлэн Иргэний бүртгэлийн тухай хууль болон уг хуулиар эрх олгосны дагуу Засгийн газраас баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоохтой холбогдсон зохицуулалт бий. 

Миний сая дурдсан хууль, журам нь нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэж үзэж болно.

Дахин тодотгож хэлэхэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих иргэний эрхийг бид хязгаарлаагүй. Гагцхүү нэг талаас хотын оршин суугч, иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор, нөгөө талаас өнөөдөр нийслэл хотод шилжин ирэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах боломж бүрдэхгүй байгаа тул иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийг хууль, журмын дагуу түр зогсоосон арга хэмжээ юм. 

-Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг үргэлжлүүлэх үү. Хэрэв эцсийн шийд гараагүй бол хэдийгээр гарахаар байна вэ?

-Үргэлжлүүлнэ. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр уг хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан.

-Нийслэлийн захиргаанаас яндангийн тоог бууруулахын тулд өөр ямар үр дүнтэй арга хэмжээ авч байна вэ? 

-Гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх ажил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үргэлжилж байна. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Энэ ажил ирэх хавраас эрчимжинэ. Сэлбэ, Баянхошуу орчмын нутаг дэвсгэр дулаан, бохир, цэвэр ус, бусад шаардлагатай дэд бүтэцтэй болсноор яндангийн тоог бодитоор бууруулах боломж нэмэгдэнэ. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран 2019 онд Баянхошуу дэд төвд 495, Сэлбэ дэд төвд 584 айлын орлогод нийцсэн орон сууцны барилгуудыг барьж эхэлнэ.

Иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүс буюу агаарын бохирдол хамгийн ихтэй гэр хорооллын 70 гаруй хороонд оршин сууж байгаа иргэдийн худалдан авч байгаа байрны 30%-ийн урьдчилгааг төлж, дэмжлэг үзүүлэх ажил үргэлжилж байна. Түүнчлэн 2018 онд гэр хорооллын зарим байршилд хэсэгчилсэн инженерийн байгууламж бүхий дэд бүтцийн төвүүдийг байгуулах бэлтгэл ажил хангагдсан. Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч энэ ажлыг хариуцан ажиллаж байна. 

За мөн хямд үнэтэй түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс 1002 айлын орон сууцыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын орчимд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд, нийслэлийн Засаг даргын хувьд гэр хорооллын яндангийн тоог бууруулахад хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг нь дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх явдал гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүрэг болон 2018 онд ашиглалтад орох шинэ Нисэх онгоцны буудлын орчимд байгуулах Эко сити хотуудыг хөгжүүлж, тэнд ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах нь төвлөрлийг сааруулах боломжийг нэмэгдүүлнэ. 

Мөн иргэдийг дагуул хотууд руу нүүлгэн шилжүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг ашиглах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санаачилсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд дагуул хоттой холбоотой татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар тодорхой тусгасан. Хэрэв эдгээр хуулиуд батлагдвал төвлөрлийг сааруулж, яндангийн тоог бууруулахад бодитой дэмжлэг болно.

Л.Халиу 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж