Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Кино кодын түүх

    Амьдрал бол кино. Харин гол дүрийн жүжигчин нь та. Кино урлагийн сонин содон ертөнцөд өөрийн биеэр нэвтэрч өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгож байгаа “Кино код” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлжээ. Ард түмний санал асуулгаар цоо шинэ уран сайхны кино бүтээх энэхүү төслийг “Hero entertainment” студи, “Modern nomads” сүлжээ ресторан, Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз хамтран хэрэгжүүлж байна. Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэх “Кино код” нэвтрүүлэг нь 

    1. Төрөл жанр сонгох 
    2. Сэдэв сонгох 
    3. Зохиол сонгох 
    4. Жүжигчин сонгох 
    5. Хөгжмийн зохиол сонгох 
    6. Хамтлаг дуучин сонгох 
    7. Кино бүтээх… гэсэн үйл явцтайгаар амжилттай хэрэгжиж байна. 

    “Кино код” шоу нэвтрүүлгийн дугаар бүр үзэгчдийн сонирхолыг татахуйц адал явдал, шинэ содон зүйлээр дүүрэн өрнөж байлаа. Түүгээр ч үл барам тайлагдашгүй байсан олон кодыг үзэгч та бүгдийн оролцоотойгоор амжилттай тайлсан юм. 

    Нэвтрүүлгийн анхны алхам болох төрөл жанр болон сэдвийн сонголтонд хүмүүс маш идэвхтэйгээр оролцлоо. Түүхийн аль цаг үеэр аялж, аль он цагийн түүхийг эргэн сөхөх нь бидэнд ч бас сонирхолтой байсан юм. 

    Үзэгчид сонголтоо хийлээ. Тэд “түүхэн төрөл жанрын Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-Шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх кино бүтээлгэхээр шийджээ. Харин киноны амин сүнс болсон зохиолоо хэнээр бичүүлэх вэ? 

    Ард түмний киноны дүр төрхийг тодруулах энэхүү үйл явдал нь хүн бүрт кино зохиолын санаа буюу синопсис бичиж ирүүлэх боломжийг олгосон. Нэвтрүүлэгт мэргэжлийн зохиолч, энгийн үзэгчийн 27 синопсис ирснээс топ дөрвөн зохиолын санааг төслийн багийнхан шалгаруулсан юм. 

Оролцогч Н. Ойдов “Алтайн нурууны Ганган Төгс, Эрх чөлөөний романс” 

Ч. Доржсүрэн “Халзан Хангайн эрчүүд” 

МУСГЗ Ш.Гүрбазар “Шар гэрээ” 

Зохиолч Б.Равдан “Ганган Төгс” 

“Манжийн дарлалын эсрэг тэмцэгч- Шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх эдгээр дөрвөн синопсисоос аль нь тэргүүн байр эзэлж, дэлгэцийн бүтээл болох вэ гэдэг нь хүмүүст маш их хүлээлтийг үүсгэж байсан юм. Нууцлаг байсан код тайлагдаж төслийн багийнхан зохиолч Б.Равдангийн “Ганган Төгс” синопсисыг шилдэгээр шалгарууллаа. Синопсисыг кино зохиол болгох ажлыг түүний хүү, кино зохиолч, найруулагч Р. Мөнхсайхан үргэлжлүүлж , МУСГЗ Ш. Гүрбазар зохиолд жинхэнэ Монгол шинжийг бүрдүүлэхээр болжээ. 

    “Кино код” шоу нэвтрүүлэг шинэ зочдоор бүл нэмлээ. Тэд бол жүжигчин сонгох проб шоуны оролцогчид. Ард түмний киног дэлгэцэнд амилуулах жүжигчид мөн л тэдний дундаас тодрох юм. Кинонд тоглож хүсэл мөрөөдлөө биелүүлэх, өөрийгөө нээж, олонд таниулах хүсэл сонирхолтой 8настай хүүхдээс эхлээд 65 хүртэлх насны 300 гаруй оролцогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн юм. Жүжигчин шалгаруулах проб шоу гурван үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд тэднээс 34 оролцогч шилдэгээр тодорч, түүхэн кинонд дүрээ мөнхөлөх ховорхон хувь тохиолын эзэн боллоо. 

    35 мм-ын хальсан дээр бүтээгдэх энэхүү кинонд проб шоуны оролцогчдоос гадна мэргэжлийн жүжигчид тоглох нь зүй ёсны хэрэг. Төслийн багийнхан үзэгчдийн санал болгосон мэргэжлийн жүжигчид болон хөдөө орон нутгийн театрын жүжигчдэд урилга хүргүүлсэн юм. Дүр сонгоно гэдэг үнэхээр хүнд бөгөөд хариуцлагатай даваа. Тиймдээ ч киноны ерөнхий найруулагч Б.Баатар болон төслийн багийнхан мэргэжлийн жүжигчид, проб шоуны оролцогчдыг удаа дараалан шалгаруулалтанд оруулж дүрээ хуваарилж байна. 

    “Кино код” шоу нэвтрүүлэг алхам алхмаар урагшилсаар л, үзэгчид ч энэ нэвтрүүлгийн нэгэн эд эс, шимтэн үзэгч төдийгүй оролцогч, удирдагч гэдгээ улам бүр мэдэрсээр байна. Сонголтоор дүүрэн “кино код” шоу нэвтрүүлэг дахин нэг сонголтын өмнө ирээд байна. Хүн бүр Ганган Төгсийн дүрд хэн гэдэг жүжигчин тоглож, дэлгэцнээ амилуулахыг амьсгаа даран хүлээж байна. Ганган Төгсийн дүрд: 

    1. УДЭТ-ын жүжигчин Г. Эрдэнэбилэг 
    2. Дуучин, жүжигчин М. Мягмар 
    3. УДЭТ-ын жүжигчин А. Алтантөр 
    4. УДЭТ-ын жүжигчин П. Баттөр 
    5. “Кино код” шоу нэвтрүүлгийн проб шоуны оролцогч Г.Бямбадорж 

нар өрсөлдөж байна. Гол дүрийн жүжигчин тун удахгүй таны саналаар тодорно. Та өөрийн дэмжиж байгаа оролцогчидоо санал өгөхийг хүсвэл movie.news.mn сайт болон 155068 sms дугаар, 1970 дугаарын утсанд холбогдоорой. 

Одоо тайлагдаагүй үлдсэн асуулт бол “Ганган Төгс” кинонд ямар хөгжим эгшиглэж, дууг нь ямар хамтлаг дуучин дуулах бол? Энэ бүхнийг үзэгч та шийднэ. Учир нь та чадварлаг код тайлагч.
Олны хүч оломгүй далай гэдэгчлэн та бидний хамтдаа бүтээхээр зорьж байгаа “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч- шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх “Ганган Төгс” кино хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх сайн бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баярлалаа. 


 Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз 
 “Кино код” шоу нэвтрүүлэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж