Дэлхийн хамгийн үнэтэй архи хулгайд алдагджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй архи хулгайд алдагджээ

Дэлхийн хамгийн үнэтэй архи хулгайд алдагджээ

Дэлхийн хамгийн үнэтэй архи гэгдэх 1.3 сая ам.долларын үнэтэй архи Данийн уушийн газраас хулгайлагдсан хэргийг тус улсын цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.

Алт, мөнгөөр бүрсэн лонхтой, алмаз шигтгэж чимэглэсэн тагтай Russo-Baltique архи Копенгаген хотын уушийн газрын лангуун дээр байсан гэнэ. Café 33 нэртэй уушийн газрын эзэн Брайн Ингберг үнэтэй, ховор содон архи цуглуулдаг бөгөөд хулгайлагдсан Russo-Baltique архийг Латвийн Dartz Motor компаниас зээлж авсан байжээ. Аваад ердөө зургаан сар болж байсан гэнэ.

Хулгайч уушийн газарт ороод зөвхөн тэр архийг аваад гарч буй дүрс хяналтын камерын бичлэгт үлджээ. Хулгайч хаалга эвдэж орсон, эсвэл түлхүүртэй байсан эсэх нь тодорхойгүй гэнэ.

ОХУ-ын тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Russo-Baltique компани 100 жилийнхээ ойг тохиолдуулан уг архийг тусгайлан бүтээжээ. Архины лонхны нүүрэн хэсгийг арьсаар чимэглэж, таганд нь Оросын бэлгэ тэмдэг болсон бүргэдийн дүрсийг алмазаар шигтгэсэн байна.

Ингбергийн хэлснээр хулгайд алдагдсан Russo-Baltique архи кинонд “тоглож” амжсан гэнэ. “Хөзрийн байшин” телевизийн олон ангит киноны нэг хэсэгт Оросын ерөнхийлөгч АНУ-ын хамтрагчдадаа уг архийг өгч буйгаар гардаг гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж