Мөсөн гулгуурын тоог нэмье

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Мөсөн гулгуурын тоог нэмье

Мөсөн гулгуурын тоог нэмье

Сурагчдын амралт эхлээд тав хонолоо. Хүүхдүүдийнхээ амралтын үеэр цагийг зугаатай өнгөөрөх газар эцэг эхчүүдэд их ховор. Их л сайндаа кино театр орно. Мөсөн гулгуурын талбайг зорино. Харамсалтай нь, жилээс жилд мөсөн гулгуурын талбай цөөрсөөр. Бид энэ удаад хүүхдүүдийн чөлөөт цагаараа очиж тоглодог мөсөн талбайн үнэ ханш, байрлал, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хуучнаар тавдугаар сургууль, гуравдугаар сургууль, Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурууд ажиллахаа больж тухайн газарт өөр үйл ажиллагаа явуулах болжээ. Харин Жуковын музейн ойролцоох мөсөн гулгуурын талбай урьдын адил үйл ажиллагаагаа явуулж байв. Хүүхэд багачуудын тоглох, хөгжилдөхөд зориулсан "Хүннү Молл" төвийг зорилоо. Өдрийн 12.00 цагийн үед ердөө зурганхан хүүхэд талбайд гулгаж байлаа. Уг мөсөн гулгуурын талбай нэг дор 150 хүний багтаах 500 мкв талбайтай бөгөөд дөрвөн улирал ажилладгаараа онцлогтой юм. Үнийн хувьд том хүн нэг цагийн 6000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр нэг цагийн турш тоглох аж. Өглөө 11.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл ажилладаг байна. Мөсөн гулгуур 14-16 цагийн хооронд ачаалал нь ихэсдэг тул өглөө оройдоо хүн цөөтэй гэдгийг ажилтнууд хэлэв. 

Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх мөсөн гулгуурын талбай цагийн хуваарийн дагуу 12-22 цагийн хооронд ажиллаж байна. Үнийн хувьд том хүн, хүүхэд харгалзахгүй бүтэн цагийн турш 2500 төгрөгөөр тоглох аж. Мөн өдрийн 17 цагаас өмнө зорин ирвэл урамшуулалтай гэдгийг онцолж байв.  

Өнгөрсөн жил шинээр гурван мөсөн гулгуурын талбай ашиглалтад орсон. Тодруулбал, Маршлын гүүрний баруун хойно Ривер Гарден хотхонд, зургадугаар сургууль, төмөр замын 20-р сургуулийн хажууд шинэ мөсөн гулгуурын талбай байгуулжээ.

Эдгээр мөсөн гулгуурууд 10-20 цаг хүртэл ажилладаг бөгөөд үнийн хувьд том хүн хүүхэд харгалзахгүй бүтэн цагийн 3000 төгрөгөөр тоглодог ажээ. Гэвч идэр есийн хүйтэн эхэлснээр талбайд тоглох хүүхдийн тоо цөөрч буйг хэллээ. Түүнчлэн 3-р хороололд байрлалтай мянган нэрийн барааны дэлгүүрийн хойд талбайн каток биднийг очиход хэвийн үйл ажиллагаа явуулж байв. 

Энэ үеэр Баянгол дүүргийн 40-р сургуулийн тавдугаар ангийн сурагч Э.Батдорж  “Хичээл амарснаас хойш найзуудтайгаа хамт каток их тоглодог болсон. Өдөр дулаахан болохоор гарч тоглодог. Манай ангийн хүүхдүүд компьютер  тоглоом их тоглодог байсан бол каток тоглодог болоод байгаа. Өвлийн амралт эхлээд удаагүй  болохоор тоглох цаг их гарсан” гэж байлаа.

Каток дээр  гарын арван хуруунд багтахаар хүүхдүүд тоглож байсан ч бие биеийнхээ малгайг шүүрч, ар ардаасаа цуваа үүсгэн их л хөгжилтэй зугаатай цагийг өнгөрөөж байгаа нь харагдав. Харин орой 17:00 цагаас хойш ахлах ангийн хүүхдүүд, оюутнууд бөөнөөрөө, эсвэл хосоороо ирж тоглодог гэнэ. Үнийн хувьд цагийн 2500 төгрөгөөр үйлчилдэг аж. Нийслэл дэх мөсөн гулгуурын талбайн үнэ дунджаар 2500-6000 мянган төгрөг. Хэрэв олон улсын стандартад нийцсэн, тухтай орчинтой мөсөн гулгуурын талбайтай болчихвол хүүхэд багачууд хол гэж төвөгшөөлгүй очиж гулгах нь дамжиггүй. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж