МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2018.01.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан, МАХН-ын гишүүнээс хасагдсаныг онцолсон юм. Энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд хариу мэдэгдэл хийжээ.
О.Баасанхүү |
| Э.Эрдэнэжамъян |
МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний төрд халдаж, маргааш /2017.01.05/ Улсын дээд шүүхийн хуралдаанд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргаж байна. Дээд шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. Улсын дээд шүүхэд номлох баримт, тайлбар өгөх боломж өгөхгүйгээр шууд хурал хийж байгаа нь хуралд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байгаа гэлээ. Тэрбээр, “МАХН-ын жирийн гишүүдийг өнөөдөр зохион байгуулалттайгаар мөрдөж, мөшгиж, хавчин гадуурхаж, хууль бус үйлдэл гаргаж байна. МАХН гэдэг нам ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний нам биш. Би намаа цэвэрлэх гэж явж байна. МАХН-ын удирдлагууд маргааш болох шүүх хуралд нөлөөлөх гэж оролдож байна. Мөн манай намын жирийн гишүүдийг мөрдөж, шалгаж байгаад харамсч байна. Энэ МАН, АН-ын дэмжлэгээр ийм үйлдэл хийж байгаа биш, МАХН гэх намыг цэвэрлэхээр явж байна” гэсэн тайлбар өглөө.
|
| Мэдээллийн дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-ын гишүүн О.Баасанхүү Их хурал зохион байгуулж, намын дарга болох хүсэлтээ өгсөн. Хууль эрх зүйн хувьд намын дарга болох боломжтой юу? -Хууль эрх зүйн хувьд намын дарга болох ямар ч боломж байхгүй. Намын даргыг намын дүрмийн дагуу албан ёсны Бага чуулганы хуралдаанаар зарласан Их чуулганаар сонгоно. МАХН-ын их хурал хоёрдугаар сарын 9,10-ны өдөр МҮЭСТО-нд болно. Энэ хурлаар намын даргаа шинээр сонгох уу, үргэлжлүүлэн томилох уу гэдгээ бид ярилцана. Тэр хүртэл Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээрээ байгаа. -УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүн мөн үү. Хууль зөрчсөн бол намаас нь хариуцлага тооцох уу? -УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай намын гишүүн биш. Намын нэрээр УИХ-ын гишүүнээр ажиллах ёс суртахуунгүй хүн. Намын Бага чуулганаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Намын эсрэг ажиллаж байгаа, өөр намд үйлчилдэг, намын бодлогын эсрэг ажиллаж байгаа гишүүдийг намаас хөөх өөрчлөлт оруулсан. Шинэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Гэхдээ манай намын хувьд хүчин төгөлдөр. Намын Ёс зүйн хорооноос О.Баасанхүүг хөөх шийдвэр гарсан байгаа. Улсын дээд шүүхээс Их хурлаар дүрмээ хэлэлцүүлж баталсны дараа бүртгэнэ гэсэн. -МАХН парламентад суудалгүй нам болж байгаа юм уу? -Харамсалтай нь тийм боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын бүрэн эрхээсээ татгалзах, өөр нам байгуулах нь тухайн хүний асуудал. Гэхдээ МАХН-ын нэрийг барьж өөрөө өөртөө олгогдоогүй хууль зөрчөөд байвал эрүүгийн гэмт хэрэгт яллагдтал нь явна. -Арванхоёрдугаар сард зохион байгуулсан хуралд оролцсон хүмүүс намын гишүүн биш, нэр нь зөрчилтэй байсан гэлээ. Нэрсийн жагсаалтыг хууль бус гэдгийг яаж баталгаажуулсан юм бэ? -Тухайн үед хурал зохион байгуулахаар Төрийн ордны Төрийн тусгай хамгаалалтын газарт өгсөн нэрсийн жагсаалтыг МАХН-ын намын гишүүдийн бүртгэлтэй тулгаж, шалгасан. Харамсалтай нь ихэнх нь буюу 200 орчим иргэдийн нэр, регистрийн дугаар нь таарахгүй байгаа юм. Нэг хоёр хүний нэр, регистр алдаатай байхыг андуурсан гэж ойлгож болно. Гэтэл 200 орчим хүний нэр, регистрийн дугаар зөрүүтэй байгаа нь зохион байгуулалттай, эсвэл мөнгө авсан, тохиролцсон байж магадгүй гэж хардаж байгаа. Мөн хуралд оролцсон мандат дээрх тамга мөн өмнө нь хулгайд алдсан тамга байсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. -Энэ хуралд оролцсон гишүүдийн хэд нь МАХН-ын гишүүн байсан бэ? -Энэ хуралд андуурч ирсэн гишүүд олон байсан. МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. Харин намын дэд дарга С.Ганбаатар энэ хурлыг хууль бус шүү гэдгийг сануулж, гишүүддээ ойлгуулсан. -УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэж байна. О.Баасанхүү гишүүнийг эргүүлэн татах ямар үндэслэл байна вэ. Хуулийн байгууллагад хандсан уу? -Эргүүлэн татах бололцоо байгаа. Төрийн өндөр ажилтан хууль зөрчсөн тохиолдолд эргүүлэн татах боломжтой болсон. Өмнө нь халдашгүй дархан эрхт байдлаар халхавчлан хууль зөрчдөг байсан. Одоо бол шалгаж, эргүүлэн татдаг болсон. Намын их хурлыг зохион байгуулахдаа их хэмжээний санхүүжилт хүмүүсээс авсан. Ах, дүүгээсээ, намын нарийн бичгийн дарга хийж байсан хүнээс 150 сая төгрөг авсан, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, н.Дугаржав нараас нам шинэчлэхэд зориулж их хэмжээний мөнгө авсан гэж өөрөө хэлсэн. Улс төрийн намын тухай хуулиар иргэн нэг сая, аж ахуй нэгж гурван сая хүртэл хандив өгөх эрхтэй. Энэ авсан хандив нь өөрөө авлигын шинжтэй учраас АТГ-т хандсан. Тэгэхээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж шалгах бүрэн боломжтой. УИХ-ын тухай хуулийн 37.1.7-д УИХ-ын гишүүн эрх үүргээсээ гажсан, бусдад хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх оролдлого хийж байгаа бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэсэн заалт бий. -О.Баасанхүү хурал зохион байгуулахын өмнө намын удирдлагатай уулзаж, намын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан уу? -Өмнөх парламентын үед ч одоо ч ярьдаг мөрөөдөл нь тэр. МАХН-ын гэрчилгээг хэн нэгэнд зарах сонирхолтой нэгэн. Ер нь бол О.Баасанхүү өөрөө гол дүр нь биш. Түүнд мөнгө, нөлөөлөл ч байхгүй. Үнэхээр МАН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва эсвэл өөр намын дарга энэ санхүүжилтийг гаргаж, МАХН-ын хурал зохион байгуулах гэж оролдсон бол энэ намууд өөрсдөө татан буугдах үндэслэл болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэх хүүхэлдэйгээр дамжуулж хийж байгаа үйлдэл гэж харж байна. -МАХН-ын их хурлаар намын дарга Н.Энхбаярт хариуцлага тооцох асуудлыг ярих уу? -Намын их хурлаар намын дотоод асуудал ярьдаг жишгийн дагуу ярина. Өнөөдрийн хүртэл явж ирсэн үйл ажиллагааны тайлан, дүгнэлт, төлөвлөгөө, дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр зэрэг бүх зүйлийг ярина.
|