Утаанаас хамгаалах маскаа байнга зүүдэг юм биш биз

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Утаанаас хамгаалах маскаа байнга зүүдэг юм биш биз

Утаанаас хамгаалах маскаа байнга зүүдэг юм биш биз

Хоолой хорсгож, уушги хордуулсан, алдарт ‘утааны улирал’ Улаанбаатарт ирээд хэдэн сарыг үдлээ. Агаарын бохирдол, утаа тортог эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг талаар жилээс жилд ярьсаар л, утаа нэмэгдсээр л…

Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, амьсгалын замын архаг өвчлөл гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгджээ.  Гэхдээ ажил сургуульдаа явах зэрэг өдөр тутамдаа утаатай нүүр тулахаас өөр арга зам үгүй. Энэ тохиолдолд  хүмүүс  агаарын бохирдлоос хамгаалахын тулд  утаанаас хамгаалах  маскыг түгээмэл зүүх болсон байна. Гэвч та  утаанаас хамгаалах маскыг зааврын дагуу  зөв  зүүж чадаж байгаадаа итгэлтэй байна уу ? Арай бүхэл өдрийн турш зүүгээд байгаа юм биш биз.

Д.Уламбаяр “Энэхүү маскыг “Монос” эмийн сангаас 5000 төгрөгөөр худалдаж авсан. Хоёр шүүлтүүр дагалдаж ирсэн. 7-10 хоног зүүгээд дахин ашиглах боломжгүй гэсэн. Маскны тухай мэдээлэлгүй байсан болохоор шүүлтүүрийг нь сольдог, бас үнийн хувьд боломжийн гэдэг утгаар нь энэ маскыг авсан л даа. Өдөрт 2-3 цаг зүүдэг”

Б.Цогзолбоо “Энэ маскыг долоо хоног л зүүнэ гэсэн. Би гурав дахь өдрөө зүүж байна. Хувь хүнээс 1000 төгрөгөөр  худалдаж авч байсан. Дагалдах шүүлтүүр өгөөгүй, дангаар нь энэ маскыг өгсөн. Утаа ихтэй үе буюу өглөө, оройд л зүүдэг юм. Авсаархан болохоор бусад үед халааслаад, мартахгүй үргэлж биедээ авч явдаг. Маск зүүхгүй явахаар салхи үлээгээд, хацар, хамар даараад байдаг болцон байна лээ.

В.Алтанцэцэг “Олон хоног зүүгээгүй ээ. Утаанд ороолтоор амаа дарж явж байхаар, арай нэмэртэй юм болов уу гэж бодоод маск авсан. Хоёр  хоног л зүүж байна. 2500 төгрөгөөр худалдаж авсан. Өдрийн хэдэн цагаар зүүх, хэзээ хаях талаар эмийн санч хэлж өгөөгүй. Маск зүүгээд явахаар нүдний шил амархан цантах гээд байдаг. Цантаж байна гэдэг нь аль нэг хэсгээр агаар алдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг өөрийн нүүрний хэлбэрт тохирсон маскаа олж зүүх хэрэгтэй юм шиг байгаа юм. Хэдэн тэрбум төгрөг утааны эсрэг зарцууллаа л гэх юм.Гадаадын оруулж ирж байгаа 70 мянган төгрөгийн чанартай масктай дүйцэхүйц маскыг улсдаа  үйлдвэрлэх  хэрэгтэй” гэв.

Тэгвэл энэ  талаар Нийгмийн эрүүл мэндийн  үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюу-Эрдэнээс доорх зүйлсийг тодрууллаа.

-Гадуур явж байхад утаанаас хамгаалах маск зүүсэн олон хүнтэй таарч байна. Маскыг өдөрт хэдэн цаг зүүх ёстой байдаг юм бол ?

-Цаасан даавуун маскууд зөвхөн тоос шорооноос л хамгаалахад зориулагдсан байдаг. Харин утаанаас хамгаалахыг хүсэж байгаа бол шүүлтүүртэй маск хэрэглэх нь зөв. Маск буюу амны хаалтыг халдварт өвчлөл юм уу? ажлын байран доторх тоос тоосонцор, эсвэл химийн хортой бодис гадаад орчинд тархсан нөхцөлд хамгаалах хэрэгсэл болгож ашигладаг. Түүнээс биш бүхэл өдрийн турш зүүгээд явах ёсгүй. Ер нь бол 2-3 цаг л зүүх ёстой. Маск болгон өөрийн зүүх хугацаатай байна. Тэр зааврын дагуу л ашиглах хэрэгтэй. Тухайлбал  шүүлтүүртэй маск хэрэглэлээ гэхэд  тэрхүү маскыг өдөрт хэдэн цагаар,зүүж хэдэн  өдөр  хэрэглэх ёстой вэ ? гэдгийг эмийн санч хэлж өгнө. Тэр  зааврын дагуу л ашиглана.

Эмийн сангаас маск авлаа гэхэд, эмийн санч маскыг хэрхэн хэрэглэх талаар хангалттай мэдээлэл өгч чадахгүй байх шиг санагддаг ?

– Маскыг бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийж хадгалах хэрэгтэй. Ялангуяа өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс иргэдэд агаарын бохирдол ихтэй үед л маск зүүх, харин бусад үед битгий зүү гэдэг л зөвлөгөө өгч байгаа. Хамгийн гол нь өөрийн нүүрэнд таарсан зөв маск сонгож хэрэглэх, мөн маскны зааврын дагуу л хэрэглэх нь зөв. Харин маскны зүүх хугацаа дууссан бол дахиж зүүх шаардлагагүй. Өвлийн улиралд халуун хоол унд хэрэглэх, ажил амралтын цагаа зөв төлөвлөх. Дасгал хөдөлгөөн сайн хийж биеийн дархлаагаа сайжруулах нь зөв юм шүү.  

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж