Өнгөрөгч оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотойгоор Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзоригоос зарим мэдээллийг тодрууллаа.
2017 оны бүх баримтаа энэ сарын 8-ныг хүртэл бүртгүүлнэ
-Иргэд 2017 онд хэвлэгдсэн төлбөрийн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийг хүртэл бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр та 2017 оныхоо төлбөрийн баримтынхаа 20 хувийн буцаан олголтыг авах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдан авалт хийсэн бүх баримтаа бүртгүүлнэ гэсэн үг. НӨАТ-ын буцаан олголтоор 2016 онд 497.465 иргэн 35.1 тэрбум төгрөг авсан бол 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 тэрбум төгрөгийн буцаан олгохоор болсон. Хэрвээ 2017 оны бүх баримтаа энэ сарын 8-ны өдөртөө багтаан бүртгүүлэхгүй бол үнийн дүнгийн урамшуулал нь бодогдохгүй. Тийм учраас баримтаа цаг тухайд нь баталгаажуулж шаардлагатайг сануулъя.
Ямар тохиолдолд “ААН илгээгээгүй” гэсэн төлөв гарч ирдэг вэ?
-Иргэд ихэвчлэн “ААН илгээгээгүй” гэсэн төлөв болон нууц үгээ мартсан асуудлаар их ханддаг. Хэрэглэгчид төлбөрийн баримтаа бүртгүүлэхэд “ААН илгээгээгүй”, “Үнийн дүн зөрүүтэй”, “Баталгаажсан” гэсэн төлөв гарч ирдэг. Тэр дундаа “ААН илгээгээгүй” гэдэг төлөв нь хоёр шалтгаанаас үүдэлтэй. Нэгдүгээрт, тухайн аж ахуйн нэгж нь 72 цагийн дотор татварын системд мэдээллээ илгээгээгүй бол ийм төлөв гарч ирдэг. Хоёрдугаарт хэрэглэгчид маань баримтаа бүртгүүлэхдээ аль нэг тоог нь буруу, зөрүү хийснээс болж, татварын системд мэдээлэл бүртгэгддэггүй. Энэ тохиолдолд бас “ААН илгээгээгүй” гэсэн төлөв гарч ирдэг. Тиймээс хэрэглэгчийн бүртгэлийн системд “ААН илгээгээгүй” гэсэн төлөв гарч ирвэл төлөвөө устгаад дахин баримтаа шивж оруулаарай. Хэрэв баримтаа устгаад дахин шивж оруулсан ч гэсэн 72 цагийн дотор баримт нь баталгаажаагүй бол татварын нэг цэгийн үйлчилгээнд болон манай 1800-1288 утсанд хандаж, мэдэгдэж болно. Харин “Үнийн дүн зөрүүтэй” төлөв гарч ирвэл баримтаа устгалгүй, тухайн төлөв дээрээ дараад, дахин давтагдашгүй дугаараа хийх боломжтой.
Оюутны сургалтын төлбөрт НӨАТ-ын 20 хувийг буцаан олгохгүй
-Иргэд орон сууц, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авч, баримтаа бүртгүүлсэн бол НӨАТ-ын 20 хувийн урамшууллыг авна. Их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөр нь НӨАТ-аас чөлөөлөгддөг. Тиймээс оюутнууд маань сургалтын төлбөр төлсөн баримтаа сургуулиасаа авч, сугалаанд оролцож болох ч НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдахгүй.
Хоёроос дээш бүртгэлтэй бол урамшуулал олгохгүй
-Нэг иргэн өөр дээрээ 1-3 бүртгэл үүсгэсэн тохиолдол олон байдаг. Эдгээр иргэд 2017 оныхоо НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд бүх бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Нэг хүний нэр дээрх хоёр гурван данс руу гүйлгээ хийх боломжгүй учраас нэгтгэх заавал ёстой. Тиймээс хэрэглэгчид бүртгэлийн нэгдсэн системдээ нэвтэрч, урамшуулал гэсэн хэсэг руу орж, бүртгэлээ нэгтгэх цонхыг бөглөх хэрэгтэй. Хэрэв бүртгэлийн системээ нэгтгээгүй бол олон бүртгэлтэй хүнд урамшуулал олгохгүй. Ойролцоогоор хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй 15 мянган хэрэглэгч байна. Бидний зүгээс эдгээр хүмүүсийн гар утасны дугаар руу мессеж илгээж байгаа. Мөн Butsaalt.ebarimt.mn сайтаар орж бүртгэлээ хэрхэн нэгтгэх, буцаан олголтоо хэрхэн авах талаар мэдээлэл авч болно.
мэдээллээ баталгаажуулаагүй 20 мянган орчим иргэн байна
Энэ онд НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд илүү ойр, ашиглахад хялбар байхаар дараагийн хувилбарыг боловсруулж байгаа. Одоогоор НӨАТ-ын баримтын автомат бүртгэлийн ажлыг хийж дууссан. Ингэснээр хэрэглэгчид өөрийн банкны картыг НӨАТ-ын урамшууллын системтэй холбож, төлбөрийн баримтаа давхар бүртгүүлэх боломжтой болох юм.
Мөн хэрэглэгчийн мэдээллээ дутуу болон огт оруулаагүй 20 мянга орчим хэрэглэгч байна. Тиймээс эдгээр хүмүүс өөрийн овог нэрээ кирилл үсгээр зөв оруулж, гар утас, ригестерийн дугаараа үнэн зөв бүртгүүлэх шаардлагатай. Хүмүүс овор, нэр хоёроо хооронд нь сольж бичих тохиолдол бий. Тухайн иргэний банкны данс нь зөвхөн өөрийн нэр дээр, хамтран эзэмшигчгүй байх ёстой.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх