Б.Лхагважав: У.Хүрэлсүхээс олон зүйл битгий хүс

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: У.Хүрэлсүхээс олон зүйл битгий хүс

Б.Лхагважав: У.Хүрэлсүхээс олон зүйл битгий хүс

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.


-Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол  зарим татварын нэмэгдэл. Сангийн сайд бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад Хувь хүний орлогын албан татварын шатлал өөр байдаг гэж тайлбарласан. Харин олон нийт шударгаар татвар төлдөг хэсэгтээ ачааны хүндийг үүрүүлж байна гэж бухимдаж байгаа. Та бол Танхимын ерөнхийлөгч. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө “News” агентлагийн уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. Өнөөдөр нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа асуудал гэнэт гараад ирчихсэн зүйл биш л дээ. Аль өнгөрсөн оны хавар л долоон төрлийн татвар нэмэгдэх шийдвэр гарч байхад манай танхим эсэргүүцээд хэвлэлийн хурал зарлаж байсан юм. Тэгэхэд төр засаг ч, олон нийт ч хэн ч биднийг үгийг тоож сонсоогүй л дээ. Уг нь бид өнөөдөр асуудал болоод байгаа татварын нэмэгдэл чинь ард түмэнд дарамт болно шүү гэдгийг л сануулсан хэрэг. Харамсалтай нь, манайхан яг татвар авах үед нь гэнэт сэрж, бухимдаад байна.

 2015 онд УИХ-аар НӨАТ-ын хуулийг өөрчилсөн. НӨАТ-ын хоёр хувийг эцсийн хэрэглэгчдэд буцаан олгодог болсон. Үүний үр дүнд 2016 онд татварын орлого 500 тэрбумаар давж биелсэн. Өнгөрсөн 2017 онд татварын орлого нэг их наяд 300 тэрбумаар давсан. Татварын орлого давж биелээд байхад яагаад иргэдээс авах татварыг улам нэмээд байгаа юм бэ гэдэг асуудлыг нь танхим тавьсан юм. Манай татварын орлого жил бүр нэмэгдэнэ гэдгийг үнэндээ Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ч мэдээгүй. ОУВС-гийнхан ч мэдээгүй.

-ОУВС нь байг гэхэд Сангийн яамныхан ядаж гадарламаар л юм?

-ОУВС-гийн мэргэжилтнүүд бол зөвхөн макро онол дээр ажилладаг. Манай микро системийн онцлогийг мэдэхгүй. Тиймээс Сангийн яам, ОУВС хоёр бол зөвхөн номын загвараар хоёр талаасаа тулчихсан. 2016 онд манай эдийн засаг хасахтай гарсан. Тэгэхээр нөгөөдүүл ахиад танайх хасахтай гарах юм байна гээд татваруудыг нэмэх шийдвэр гаргачихсан юм. Манай ил тодын системийг ойлгоогүй, НӨАТ-ын системийг судлаагүй зөвхөн номын онолоор л явчихсан юм шүү дээ. Хувь хүний орлогын албан татвараас 50 тэрбумыг олно гэж Сангийн яам төсөөлж байгаа юм билээ. Гээд бод доо, 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар манай бүх татварын орлого давж биелсэн. Татварын нэмэгдлээр хурааж авах гэж байгаа мөнгөнөөс нь бараг 50-60 дахин илүү орлого  олох боломжийг бид  эдийн засагт 2015 олоод өгчихсөн ш тээ.

Одоо тэгээд нийгмийг бухимдуулж яах гэсэн юм бэ. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр бушуухан явж тэр ОУВС-тай очиж уулз. Монголд тогтвортой байдал хэрэгтэй. Ажлын байрны тогтвортой байдал хэрэгтэй. Тогтвортой байдал бий болж байж л макро эдийн засгийн жаахан өсөлт микро эдийн засаг руу шингэнэ.

Микро гэдэг нь аж ахуйн нэгж, иргэн рүү шингээнэ гэсэн үг л дээ. Макро эдийн засагт гарсан 5.8 хувийн өсөлтийг микро эдийн засагт шингээх нь бүү хэл энэ татварын өсөлт нь эдийн засгаа эргээд эрсдэлд оруулчихаж байгаа юм. Дээр нь дөрвөн жилийн эдийн засгийн зуднаас гарч ирж байгаа 147 мянган компани жаахан тэнхрэг л дээ.

-Татварын орлого нэг их наяд 300 тэрбумаар давж биелсэн нь эдийн засгийн өсөлтийн үр дүн үү. Эсвэл ОУВС-гийн хөтөлбөрийн “ач гавьяа” юу?

-Үгүй аль нь ч биш. 2015 оноос өмнө Монголд ердөө 40 хувь нь татвар төлдөг байсан юм. Харин өнөөдөр НӨАТ-ын талоны үр дүнд татвар огт төлдөггүй байсан хэсгээсээ татвар аваад эхэлсний үр дүнд нэг их наяд 300 тэрбумаар татварын орлого давсан хэрэг. Дээр нь мэдээж, нүүрс, шорооны үнийн өсөлт нөлөөлсөн байх. Татварыг нэмснээр 50 тэрбумыг олохоос илүү хар зах зээлийг хумьж эхэлсэн систем нь эргээд задрахад хүрнэ.

-Яагаад?

-Яахав, аж ахуйн нэгжүүд нөгөө өндөр гээд байгаа 1.5 сая төгрөгийн цалингаа хувааж бичээд явна. Харин ч “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно” л гэгч болно. Ер нь өндөр татвараас өндөр орлого олдоггүйг социализмын үеийн татварын бодлогоос харчихсан шүү дээ. Тэр үед 10, 25, 45 хувийн шатлалтай татвар авдаг байсан. Үүнийг буулгаад, дөрвөн 10-ын бодлого хэрэгжүүлсний үр дүнд дараа нь бүх татварын орлого 100 хувь давж биелдэг болсон. Дээр нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ татварын эрх чөлөө олгож, 2009 оны хямралыг давж гарсан. Өнөөдрийн 5.8 хувийн өсөлт, татварын орлого бол 2015 он хийсэн татварын реформын дөнгөж эхлэлийн үр дүн. Гэтэл үүнийг зогсоосон. Татварын гурван хуулийг дахин шинэчилж найруулна гээд 2015 оноос хойш яриад чадаагүй. Ганцхан НӨАТ-ын хуулийг өөрчилсөн. Одоо үлдсэн гурван хуулийг  өөрчлөхөд анхаар. Түүнээс татвар нэмнэ гэж сувдаглаад байгаа балай юмаа зогсоо. Тэр ОУВС-гийнхантайгаа очиж ярьж. Татварын орлого биелээгүй бол татвар нэмж болно. Гэтэл нэг их наядаар давчихаад байхад татвар нэмнэ гэсэн балай бодлогоо болих хэрэгтэй шүү дээ.

-Засгийн газар татвар нэмэхээ зогсоохгүй л байх аа даа. Сангийн сайд бол нийт хүн амын зургаахан хувиас л илүү татвар авна гэсэн байна лээ ш тээ?

-Тэгвэл ирэх жилээс төсвийн орлого буурна. Манай компаниуд тэнэг биш болохоор 1.5 саяас дээш цалингаа яаж татвараас бултуулахаа аль хэдийн олчихсон л байгаа. Засгийн газар юу ч олж долоохгүй, харин бүр эсрэгээрээ ХХОАТ буурна. Дээр нь хэлэхэд ХХОАТ улсын төсөвт нэг ч нэмэргүй. Орон нутгийн төсөвт ордог татвар байхгүй юу даа. Уучлаарай, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ татвар чинь орон нутгийн татвар болчихсон шүү. Ийм хамаагүй юмаар оролдож яах юм бэ. Манай эрх баригчид цөөхөн хүнийг хамарч байгаа гэсэн байна лээ. Их цалинг хэн авдаг юм бэ. Яг нарийндаа контракт гэрээ хийдэг, тусгай мэргэжлийн, шилдэг боловсон хүчнүүд өндөр цалин авдаг юм. Хамгийн сайн гагнуурчин, хамгийн сайн мэс засалч, хамгийн сайн эрдэм шинжилгээний ажилтан, хамгийн сайн банкир, хамгийн сайн инженерүүд сайн мэргэжил эзэмшиж, сайн ажилласныхаа төлөө хэрчүүлж байгаа юм уу. Энэ бол сайн үр дүн авчрахгүй.

-Манай төр засаг тансаг хэрэглээгээ танана гэж наашаа харж яриад цаашаа харж татвараа ч зардлаа ч нэмээд явах юм?

-Татвар бол төсвийн орлого буюу зарлага гэсэн үг.  Бид бага татвартай байхын тулд зардал нь өөрөө бага байх ёстой. Манай танхим анх удаа төсвийн зарлага, татварын орлогыг тооцсон онолын ном гаргаж байгаа. Монгол Улсын төсөв ямар байж болох вэ гэдгийг сүүлийн 10 жилийн төсөв дээр судлаад гаргаж ирсэн томьёолол. Төсвөө бүрдүүлж байгаа долоон орлого, төсвөөс гарч байгаа долоон зарлагыг математик аргаар тооцоод ном болгоод гаргаад ирсэн. Сангийн яам, ОУВС-гийнханд өгнө. Бид төсвийн хяналт, төсвийн зарлагыг огт хянахгүй байгаа. Үүнийг аль болох бага байлгах ёстой. Дарга нар өөрсдөө дур мэдэн мөнгөний хуваарилалт хийдэг байдлыг аль болох бага болгох ёстой. Түүнээс их татвар цуглуулж өгснийхөө төлөө ахиад татвар төлж суух нь надад гутамшиг байхгүй юу. Харин шинэ засаг Аж ахуй нэгжийн албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Татварын ерөнхий хуулиа л өөрчлөхөд анхаар. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёр нэг гоё юм бодоод байх хэрэггүй. Зүгээр л 2015 онд боловсруулаад өргөн барьсан эдгээр хуулийн тоосыг нь гөвөөд л М.Энхболддоо өгөөд батлуулчих хэрэгтэй. Энэ гурван хуулийг 2015 онд баталсан бол бид ОУВС-гийн өмнө царай алдаад суухгүй байсан. Татварын реформыг эхлүүлээч гэж Н.Алтанхуягаас хүсээд болоогүй. Харин Ч.Сайханбилэгийн засаг энэ асуудлыг гялс барьж авсан. З.Энхболдын парламент хэрэвзээ НӨАТ-ын хуулийг батлаагүй бол татварын орлого нэг их наяд 300 тэрбумаар давахгүй байсан. МАН-ын сайных биш НӨАТ-ын шинэчлэлтийн үр дүн. Даанч Ардчилсан нам батлуулсан хуулийнхаа үр дүнг үзэж чадаагүй. Харин үр дүн дээр нь МАН тоглож байна л даа. МАН бол  бусдын тарьсан тариаг л хурааж авч байгаа.

-Ч.Сайханбилэгийн засаг ямар ч байсан татвар өсөх суурийг нь тавиад өгч. Одоо дараагийн реформ нь У.Хүрэлсүхийн бодлогоос хамаарах нь ээ?

-Ухаантай хүн болох гээд хэрэггүй. Аяндаа наад хуулиуд чинь төсвийн орлогыг нэмээд явчих юм. Харин төр зардлаа хумих дээрээ анхаар. Төрийн албанд шигдсэн 77 даргаа цөөл. Монголын дарга нарын тоо сүүлийн зургаан жилд 30 мянгаас 77 мянга болтлоо өссөн. Тэднийгээ гудамжинд хөөгөөд гарга. Цаана нь хувийн хэвшлийнхэн хүлээгээд авна шүү дээ. У.Хүрэлсүх одоо ийм эр зориг гаргах хэрэгтэй. Эхний ээлжинд төрийн албанаас 40 мянган хүнийг зүгээр л тайр. Эдийн засаг сэргээд эхэлсэн, хувийн компаниудад ажиллах хүчин хэрэгтэй байна. Төрд 77 мянган дарга ямар хэрэгтэй юм бэ.

Өнөөдөр ганц нам бүх эрх мэдлийг барьж байна. УИХ, Засгийн газар, орон нутаг гээд. Ганц нам эрх барьж байгаа нөхцөлд төрийн албыг цомхон болгочих хэрэгтэй. У.Хүрэлсүхээс олон зүйл битгий хүс. Төрийн албыг цомхон болгоод татварын реформуудаа хийчих. Ж.Эрдэнэбатыгаа алдаатай байлаа гээд огцруулж, бүх эрх мэдлээ авсан хүний хувьд У.Хүрэлсүх хийх байх гэж найдаж байгаа. Дээр нь манай эдийн засгийг булингартуулдаг ганц зүйл байдаг. Тэр нь төрийн өмчит улсын үйлдвэрүүд. Тоо нь 93-хан боловч манай  эдийн засгийн 30-40 хувийг эзэлдэг. Энэ 93 үйлдвэрийг хувьцаат компани болгочих. Хувьцаат компанийн санхүү ил тод байдаг. Хувьцаа нь унавал дарга цэрэг нь солигддог юм байгаа биз. Өсвөл цалингаа нэмүүлээд яваг. Жишээ нь, “Эрдэнэт” дээр хувийн менежмент орж ирээд ямар үр дүн гарч байна. Яаж хувьчлагдсан, хэн авсан, хэний мөнгөөр авсан гэдэг асуудлыг би яриагүй. Зүгээр л цэвэр менежмент дээр нь ярьж байна.

“Эрдэнэт” дээр хувийн менежмент орж ирээд татварын орлого нь 500 тэрбум хүрчихсэн. Ганц тендер ил явдаг байсан бол 500 тендер ил зарлагддаг боллоо. Өмнө нь тэр 500 тендер чинь 50 даргын шийдвэрээр л явдаг байж. Өөрөөр хэлбэл, 500 шахаа байхгүй болсон гэсэн үг.

-У.Хүрэлсүх үүнийг хийж чадах уу. Намынхан нь, фракцууд нь дэмжихгүй бол хэцүү л дээ?

-Үүнийг хийх гэж Ерөнхий сайд болсон биз дээ. Үүнийг хийхийн тулд Ж.Эрдэнэбатыг унагаасан л гэж би харж байгаа.

-Сүүлийн арав гаруй жил та татварын өөрчлөлтөөр дуугарч байгаа. Таны хэлж ярьж байгаа бүхэн тодорхой хэмжээнд  шийдэгдээд явж байна. Жишээлбэл, НӨАТ-ын талон байна?

-2005 оноос л эхэлж ярьсан л даа. Миний гаргаж тавьсан асуудал шийдэгдээд, эдийн засагт том өөрчлөлтүүд авчирч байгаа. 2006, 2009 оны хямралыг миний татварын бодлогуудаар давж гарсан. Би “ээжийн бодлого” гэж хэлдэг юм.

-Одоо та улсын орлого, зарлагыг хянах онолын ном гаргалаа гэлээ. Харамсалтай нь, аль ч намынхан хүлээж авахгүй байх талтай. Яагаад гэвэл тэд зарлагаа хянуулаад явах хүмүүс мөн үү?

-Социализмын үед нэг намтай байсан. Тэр гажгийн үргэлжлэл одоо ч яваад байна л даа. Дарга нараар мөнгөө хуваарилуулдаг. Энэ гажиг юун дээр их илэрч байна вэ гэвэл 2000 онд төсвийн орлого нэмэгдсэн. Дагаад зарлага нь өссөн. Дарга нараар мөнгө хуваарилуулдаг хуучин рефлексийг өөрчлөхгүй бол эдийн засгийн нэг хямралаас нөгөө хямрал руу шилжээд л явна. Мөнгөний хуваарилалт дээр суух гэж тэд үхэлдээд, хоорондоо зодолдоод байна шүү дээ.  Дарга нарын хуваарилж байгаа мөнгө нь өөрөө шог болоод байгаа учраас үүнийг өөрчлөхийн тулд бид онолын ном гаргасан. Яагаад гэвэл дарга нарын хуваарилж байгаа мөнгөнөөс болоод тухай салбарын шударга өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн байдал үргэлж эвдэгддэг.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бид энэ асуудлыг шийдэж болно шүү дээ?

-2009 оны хямралын дараа ОУВС-гийн шахалтаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан нь үнэн. Гэхдээ тэр хуулийн төсөлд байсан дарга нарт хяналт тавих заалтыг нь аваад хаясан. Нөгөө еэвэнгийн тал нь хаачсан бэ гэхээр энэ байна гэдэг шиг төсвийг зарлагыг юугаар хянах вэ гэхээр нэг хууль гаргаад ирдэг. Нөгөө хуульд нь дарга нарын мөнгөний хуваарилалтад хяналт тавих нэг ч заалт байдаггүй.  Хамгийн том мөнгө хуваарилагчид тавьдаг хяналтаа аваад хаячихсан, татвараар олсон орлогыг хамгийн том дарга хуваарилдаг хэвээр байгаа учраас Монгол коммунист эдийн засагтай хэвээрээ байна гэсэн үг. Дээр нь  манай өмчийн 90 хувь төрийн нийтийн өмч,  нэгхэн хувь нь хувийн өмч байдаг. Гэтэл төрийн нийтийн өмчийг дээр нь сууж байгаа том дарга нар нь  хуваарилдаг болохоор хуваарилалт нь шог болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн хуваарилалт дээр иргэний хяналтыг оруулж ирэх хэрэгтэй.

Татвар авдаггүй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Лам нар, дуучид, малчид, уяачид, зах, дэлгүүрийн наймаачид гээд тэднээс яаж татвар авах боломж байна вэ?

-НӨАТ-ын шинэчлэлийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь, МАН 2016 оны дараа устгах гэж оролдсон юм. Тэгээд үүний эрчийг бууруулсан. Мөн энэ шинэчлэл дээр ажиллаж байсан 43 залууг ажлаас нь халаад юу ч мэддэггүй, цүнх баригчдаа тавьчихсан. Улсын хэмжээнд ийм том систем хийсэн үнэ цэнэтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр НӨАТ-ын системээр огт татвар төлдөггүй гээд байгаа дуучид, малчид, уяачид, лам нарыг татварт хамруулж болно. Бид 63 мянган татварын баазыг бий болгосон. Харин энэ дээр яаж симфони тоглох нь Ерөнхий сайдын хийх ажил. Даанч МАН-ынхан симфони тоглож мэдэхгүй байна. Ер нь сэргэлэн хүмүүс АН талдаа байдаг юм шиг надад санагддаг шүү.

-Төрийн нийтийн өмчийг хамгаалсан хуультай болох ёстой гэж та олон жил ярьсан. Одоо бүр залхсан уу?

-Ашигтмалтмалын лиценз, газрын эрхийн бичгээ шууд бус хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг  уг нь  1997 онд хийх ёстой байсан юм. Одоо бол оройтсон бороо л доо. Гээд яахав, лицензээр барих л гэж үзэж байна. Төр бол зах зээлд гурван юмаар оролцдог. Нэг нь татвар, нөгөө нь лиценз, гуравт, төсөв батлах процесс. Төсөв батлах процесс чинь төр эдийн засагт оролцож байгаа хамгийн том хэлбэр. Лиценз гэхээр алга дарам цаас ш тээ л дэг. Яг үнэндээ манайхан хамгийн том  өмчөө хамгаалах хуулиа одоо болтол батлахгүй яваад байна л даа. Төрийн нийтийн хамаарлын тухай өмч. Энэ хуулийг  албаар батлахгүй яваад байгаа юм. Яагаад гэвэл өнгөрсөн 27 жил улс төрд явсан этгээд болгон уул уурхайн лицензтэй л гэсэн үг. Төрийн нийтийн хамааралтай өмчийг ямар нэгэн аргаар олоод авсан учраас хууль гаргахгүй өдий хүрсэн байна л даа. Хууль гарвал бүгдийг нь цэгцэлнэ шүү дээ, тиймээс 27 жил эрх барьсан нөхдүүд бүгд энэ өмчийг эзэгнэсэн, түүн дээрээ бат бөх суухын тулд  хуулийг гаргахгүй байгаа юм. Үнэндээ Монголд нүүрлэсэн хямрал бол төрийн нийтийн өмч дээр явагдаж байгаа эрх баригчдын зодооноос л үүдэлтэй. Тэнд эзэн суухын тулд эдийн засаг, нийгмээ золиосолж байна.Тиймээс төрийн нийтийн өмчийг хамгаалах хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Яагаад өнөөдөр прокурорын дэргэд Төрийн нийтийн өмчийг хамгаалах албыг байгуулахгүй байна вэ. Иргэний нийгмийнхэн бид зөндөө л гомдол гаргадаг. Шүүх болохоор та нар биш төр эзэн нь учраас гомдол гаргах ёстой гэдэг.  Дээр нь Эрүүгийн хуулийн дотор, Иргэний хууль дотор нэг ч заалт байхгүй.  Хамгийн том өмчийг эрх барьж ирсэн дарга нар ямар ч хуулийн хяналтгүй эзэмшиж байна. Үнэндээ Монголын хямралын ард өмчийн дайн явагдаад байна гэж би харж байгаа. Ажлаа хийж байгаа жирийн иргэд, жирийн  иргэдийн хямрал биш. Цаанаа маш том өмчийн хямрал өрнөж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа, таны зөвлөгөөг эрх баригчид сонсох найдаж байна. Танд амжилт хүсье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж