Трампын тухай ном шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Трампын тухай ном шуугиан тарьж байна

Трампын тухай ном шуугиан тарьж байна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Цагаан ордонд өнгөрүүлсэн нэг жилийн ажил, амьдралын талаар сэтгүүлч Майкл Вулфын бичсэн “Гал ба хилэн: Трампын Цагаан ордон дотор” нэртэй ном дуулиан тарьж байна.

Хэвлэмэл хувилбар нь хараахан худалдаанд гараагүй байгаа ч цахим орчинд зарагдаж эхэлмэгц 24 цагийн дотор борлуулалтаараа тэргүүлж эхэлжээ.

Доналд Трампын тусгай зөвшөөрлөөр 18 сарын хугацаанд Цагаан ордонд хүссэн цагтаа орж гарч, судалгааны ажил хийсний эцэст Вулф номоо бичиж дуусгажээ. Энэ хугацаанд тэрбээр Трамп болон түүний эргэн тойрны хүмүүсээс 200 гаруй ярилцлага, сэтгэгдэл цуглуулсан байна.

Доналд Трамп сонгуульд ялалт байгуулчхаад өөртөө ч итгэлгүй балмагдсан, тангаргийн ёслол нь түүний сэтгэлд хүрээгүй, бас Цагаан ордны барилгаас жийрхдэг, охин Иванка Трамп нь ирээдүйд ерөнхийлөгч болох амбицтай гээд сонин бөгөөд сонирхолтой фактуудыг тэр номондоо дурдсан байв.

Доналд Трамп, Стив Беннон

Эдгээрээс хамгийн ноцтой бөгөөд хэвлэлийнхний анхаарал татсан сэдэв нь “Доналд Трампын ууган хүү Доналд Жуниор оросуудтай уулзсан нь эх орноосоо урвасан, эх оронч бус үйлдэл гэж Цагаан ордны стратегичаар ажиллаж байсан Стив Беннон хэлсэн” тухай юм.

Доналд Трамп Жуниор 2016 оны зургадугаар сард оросуудтай хийсэн уулзалтын талаар Беннон

“Сонгуулийн кампанийн гол гурван залуу Трамп цамхгийн 25 дугаар давхрын уулзалтын өрөөнд гадаадын засгийн газрын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг ямар ч хуульчгүйгээр хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Тэр ч ёсоор уулзалтад нэг ч хуульч оролцоогүй. Хэрэв тэд энэ уулзалтыг миний адилаар эх орноосоо урвасан, эх оронч бус, бас хөгийн зүйл гэж бодсон бол Холбооны мөрдөх товчооныхныг тэр даруйд нь дуудах байсан”

хэмээн ярьсан тухай Майкл Вулф номондоо бичжээ.

Трампын ерөнхийлөгчийн эхний жилийн тухай хувь, хувьсгалын олон зүйлийг багтаасан уг номыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “худал хуурмаг, төөрөгдүүлсэн мэдээллээр дүүрэн” гэж тодорхойлсон байна.

Стив Бенноны хэлсэн үгийн талаар хэвлэлүүд шуугихтай зэрэгцээд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг ажлаасаа халагдаад “ухаан санаа нь самуурсан” хэмээн тодотгов. Ерөнхийлөгчийн хуулийн багийнхан мөн хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардах бичгийг Беннонд хүргүүлсэн байна.

“Стив Беннон надтай, миний засаг захиргаатай ямар ч хамаагүй. Ажлаас халагдах үедээ тэр зөвхөн ажлаа алдаад зогсохгүй, ухаан санаагаа ч алдсан байна” гэж Трамп мэдэгджээ. Харин түүний хуулийн багийнхан Стив Бенноныг ноён Трамп болон түүний гэр бүлийнхний тухай мэдээллийг номын зохиолч Майкл Вулфт дэлгэсэн нь хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж.

Өмнө нь ерөнхийлөгчийн гол стратегичаар ажиллаж байсан Стив Беннон Трампын засаг захиргаанд гол тоглогчдын нэг байсан юм. Тэрбээр Трампын сонгуулийн кампанийн “Бүхнээс түрүүнд Америк” гэх мессежийг санаачлан, хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцсон аж.

Беннон өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа халагдсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж