Э.Эрдэнэжамьян: О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамьян: О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон

Э.Эрдэнэжамьян: О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон

МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2018.01.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан, МАХН-ын гишүүнээс хасагдсаныг онцоллоо.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй хэсэг хүмүүс оны өмнө МАХН-ын их хурал гэх нэртэй хурал зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. Их хурал гэх хууль бус шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Энэ хурал нь өөрөө хууль бус үйлдэл. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэлэлцүүлэг” зохион байгуулна, үүнийхээ төлбөр болох 18 сая төгрөг  төлөх хүсэлтээ 2018 оны нэгдүгээр сард хүргүүлсэн. Энэ үед нь МАХН-ын зүгээс манай нам ямар нэгэн хурал зохион байгуулахгүй, их хурлаа Төрийн ордонд хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ыг залилж, намын их хурал нэртэй хууль бус хурлаа зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 11, 2, 23 дугаар зүйлийн 3,4-р заалтуудыг зөрчсөн учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ үүнийг хэлэлцээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа” гэлээ.

МАХН-ын Бага чуулган 2017 оны аравдугаар сарын 30-нд болж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын гишүүн болох юм байна. Тодруулбал, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан, өөр намынхантай хуйвалдан намын эсрэг ажилласан бол намын гишүүнээс хасах үндэслэл болох аж. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын гишүүн биш болж байгаа юм байна. Гэхдээ МАХН-ын Бага чуулганаар баталсан шинэ дүрмийг Улсын дээд шүүх хүлээж аваагүй бөгөөд МАХН-ын их хурлаар энэ дүрмийг эцэслэсний дараа Улсын дэд шүүх бүртгэх боломжтой гэдгээ сануулжээ. Хэрэв МАХН-ын их хурлаар намын шинэ дүрэм батлагдаж, Улсын дээд шүүх бүртгэвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү  МАХН-ын гишүүн биш болж, МАХН парламентад суудалгүй нам болох юм байна.

Намын дүрмээр их хурал зохион байгуулах асуудлыг намын Гүйцэтгэх товчооны хурлаар товлож, их хуралд оролцох гишүүдийг намын гишүүдээс сонгодог дүрэмтэй.

МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрээр намын их хурал ирэх хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хууль бус хуралд оролцсон гишүүдийн нэрсийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан  МАХН-ын гишүүдийн бүртгэлтэй тулгахад намын гишүүн биш, гишүүдийн нэр, регистрийн дугаар нь зөрж байгаа гэнэ. Тиймээс О.Баасанхүүг намын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдлүүдээр нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно гэдгийг МАХН-ын удирдлагууд онцоллоо.  

Мэдээллийн дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Их хурал зохион байгуулж, намын дарга болох хүсэлтээ өгсөн. Хууль эрх зүйн хувьд намын дарга болох боломжтой юу?

-Хууль эрх зүйн хувьд намын дарга болох ямар ч боломж байхгүй. Намын даргыг намын  дүрмийн дагуу албан ёсны Бага чуулганы хуралдаанаар зарласан Их чуулганаар сонгоно. МАХН-ын их хурал хоёрдугаар сарын 9,10-ны өдөр МҮЭСТО-нд болно. Энэ хурлаар намын даргаа шинээр сонгох уу, үргэлжлүүлэн томилох уу гэдгээ бид ярилцана. Тэр хүртэл Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээрээ байгаа.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүн мөн үү. Хууль зөрчсөн бол намаас нь хариуцлага тооцох уу?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай намын гишүүн биш.  Намын нэрээр УИХ-ын гишүүнээр ажиллах ёс суртахуунгүй хүн. Намын Бага чуулганаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Намын эсрэг ажиллаж байгаа, өөр намд үйлчилдэг, намын бодлогын эсрэг ажиллаж байгаа гишүүдийг намаас хөөх өөрчлөлт оруулсан. Шинэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Гэхдээ манай намын хувьд хүчин төгөлдөр. Намын Ёс зүйн хорооноос О.Баасанхүүг хөөх шийдвэр гарсан байгаа. Улсын дээд шүүхээс Их хурлаар дүрмээ хэлэлцүүлж баталсны дараа бүртгэнэ гэсэн.

-МАХН парламентад суудалгүй нам болж байгаа юм уу?

-Харамсалтай нь тийм боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын бүрэн эрхээсээ татгалзах, өөр нам байгуулах нь тухайн хүний асуудал. Гэхдээ МАХН-ын нэрийг барьж өөрөө өөртөө олгогдоогүй хууль зөрчөөд байвал эрүүгийн гэмт хэрэгт яллагдтал нь явна.

-Арванхоёрдугаар сард зохион байгуулсан хуралд оролцсон хүмүүс намын гишүүн биш, нэр нь зөрчилтэй байсан гэлээ. Нэрсийн жагсаалтыг хууль бус гэдгийг яаж баталгаажуулсан юм бэ?

-Тухайн үед хурал зохион байгуулахаар Төрийн ордны Төрийн тусгай хамгаалалтын газарт өгсөн нэрсийн жагсаалтыг МАХН-ын намын гишүүдийн бүртгэлтэй тулгаж, шалгасан. Харамсалтай нь ихэнх нь буюу 200 орчим иргэдийн нэр, регистрийн дугаар нь таарахгүй байгаа юм. Нэг хоёр хүний нэр, регистр алдаатай байхыг андуурсан гэж ойлгож болно. Гэтэл 200 орчим хүний нэр, регистрийн дугаар зөрүүтэй байгаа нь зохион байгуулалттай, эсвэл мөнгө авсан, тохиролцсон байж магадгүй гэж хардаж байгаа. Мөн хуралд оролцсон мандат дээрх тамга мөн өмнө нь хулгайд алдсан тамга байсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.

-Энэ хуралд оролцсон гишүүдийн хэд нь МАХН-ын гишүүн байсан бэ?

-Энэ хуралд андуурч ирсэн гишүүд олон байсан. МАХН-ын нэг ч гишүүн байхгүй. Харин намын дэд дарга С.Ганбаатар энэ хурлыг хууль бус шүү гэдгийг сануулж, гишүүддээ ойлгуулсан.

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй гэж байна. О.Баасанхүү гишүүнийг эргүүлэн татах ямар үндэслэл байна вэ. Хуулийн байгууллагад хандсан уу?

-Эргүүлэн татах бололцоо байгаа. Төрийн өндөр ажилтан хууль зөрчсөн тохиолдолд эргүүлэн татах боломжтой болсон. Өмнө нь халдашгүй дархан эрхт байдлаар халхавчлан хууль зөрчдөг байсан. Одоо бол шалгаж, эргүүлэн татдаг болсон. Намын их хурлыг зохион байгуулахдаа их хэмжээний санхүүжилт хүмүүсээс авсан. Ах, дүүгээсээ, намын нарийн бичгийн дарга хийж байсан хүнээс 150 сая төгрөг авсан, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, н.Дугаржав нараас нам шинэчлэхэд зориулж их хэмжээний мөнгө авсан гэж өөрөө хэлсэн. Улс төрийн намын тухай хуулиар иргэн нэг сая, аж ахуй нэгж гурван сая хүртэл хандив өгөх эрхтэй. Энэ авсан хандив нь өөрөө авлигын шинжтэй учраас АТГ-т хандсан. Тэгэхээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж шалгах бүрэн боломжтой. УИХ-ын тухай хуулийн 37.1.7-д УИХ-ын гишүүн эрх үүргээсээ гажсан, бусдад хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх оролдлого хийж байгаа бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэсэн заалт бий.

-О.Баасанхүү хурал зохион байгуулахын өмнө намын удирдлагатай уулзаж, намын дарга болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан уу?

-Өмнөх парламентын үед ч одоо ч ярьдаг мөрөөдөл нь тэр. МАХН-ын гэрчилгээг хэн нэгэнд зарах сонирхолтой нэгэн. Ер нь бол О.Баасанхүү өөрөө гол дүр нь биш. Түүнд мөнгө, нөлөөлөл ч байхгүй. Үнэхээр МАН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва эсвэл өөр намын дарга энэ санхүүжилтийг гаргаж, МАХН-ын хурал зохион байгуулах гэж оролдсон бол энэ намууд өөрсдөө татан буугдах үндэслэл болно. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэх хүүхэлдэйгээр дамжуулж хийж байгаа үйлдэл гэж харж байна.

-МАХН-ын их хурлаар намын дарга Н.Энхбаярт хариуцлага тооцох асуудлыг ярих уу?

-Намын их хурлаар намын дотоод асуудал ярьдаг жишгийн дагуу ярина. Өнөөдрийн хүртэл явж ирсэн үйл ажиллагааны тайлан, дүгнэлт, төлөвлөгөө, дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр зэрэг бүх зүйлийг ярина.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж