Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээлтээ хийлээ

Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээлтээ хийлээ

“Шидэт толь” хэмээх гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх анхны төвийн нээлт  өнөөдөр /2018.01.04/  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар боллоо.


Энэхүү төв нь хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөө гэсэн гурван өрөөтэй. Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой. Мөн ганцаарчилсан ярилцлагын өрөөнд эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд мэргэжлийн сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярилцах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. 

‘Гэрлэлтээ цуцлуулах асуудлаар жилд 4000 орчим хосууд ханддаг’

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг

Гэрлэлтээ цуцлуулах асуудлаар жилд 4000 орчим хосууд ханддаг. Гэрлэлтээ цуцлуулахаар хандаж буй хосуудын цаана заавал хүүхэд байдаг. Ойролцоогоор нэг хосуудын цаана 1-5 хүртэлх тооны хүүхэд байдаг. Шүүхэд гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад 3-6 сарын хугацаа өгдөг. Гэтэл энэ хугацаанд тэр гэр бүлтэй хэн ажиллах хэрэгтэй вэ? гэсэн хоосон орон зай гарч ирдэг. Энэ орон зайг нөхөх шинэ төв нээгдэж байгаад баяртай байна. Тиймээс цаашдаа гэр бүл салалтын тоог бууруулж, гэр бүлийн үнэт зүйлсээ олж авахад энэ төв тус болно ” гэдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэллээ.

2015 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь салсан гэсэн дүн гарч байжээ. Харин 2016 онд энэ үзүүлэлт дөрвөн гэр бүл тутмын нэг нь болж нэмэгдсэн байна. Өнгөрөгч онд гэхэд гэр бүлийн маргаанаас үүдэлтэй хохирсон 98 хүүхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ханджээ.

Тус төвийн нээлтийн үеэр Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг ярихдаа “Гэр бүл салахад хүүхэд хохирогч болж үлддэг. Тийм учраас тухайн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар хэнийг тогтоох вэ гэдэг асуудлыг манай байгууллагын зүгээс шинжээчээр ажилладаг. Бид өмнө нь гэр бүлийн маргааныг дүгнэхэд гэрээр явж нөхцөл байдлын үнэлгээг хийдэг байсан. Өнөөдөр шинэ төвтэй болсноор мэргэжлийн орчинд үнэлгээг гаргах боломжтой болж байна” гэв. 

Ийн “Шидэт толь” төвд мэргэжлийн сэтгэлзүйч хүүхдийн тоглож буй үйл явцыг ажиглаж, хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох боломжтой. Мөн хосуудад ганцаарчилсан өрөөнд зөвлөгөө өгч аль болох хосуудыг эвлэрүүлэх эхлэлийг тавих болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Уг төвийг “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран 20 орчим сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж