Монголын боксын холбооноос энэ онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахгүй гэв. Учир нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард жин тус бүрийн шилдэг найман боксчдын тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл шигшээ багийн тамирчдыг ирэх долоо хоногт эцэслэн гаргахаар болсон байна.
Одоогоор олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс нэрээ татжээ. Тэрбээр залуу тамирчдад боломж олгох үүднээс 2017 онд болсон шилдэг боксчдын тэмцээнийг өнжсөн.
Монголын боксын холбооноос энэ талаар тодруулахад “Д.Отгондалай залуу тамирчдад боломж олгож, орон тооны бус шигшээ багт орох хүсэлтэй байгаа юм билээ. Одоогоор шигшээ багт орох тамирчдын нэрс тодроогүй байна. Ирэх долоо хоногийн эхээр бүрэн тодорно.” гэсэн юм.
Боксынхоны хувьд энэ жил “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн байгаа бөгөөд хамгийн чухал тэмцээн ирэх наймдугаар сард Индонезид болох Азийн наадам билээ.
Энэ жил 30 настай Д.Отгондалай 2014 онд БНСУ-ын Инчонд болсон Азийн наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан бөгөөд 2016 онд Рио олимпийн наадам, 2017 онд дэлхийн аваргаас тус тус хүрэл медаль хүртсэн юм. Түүний үзүүлсэн амжилтууд Монголын боксын спортын түүхэнд онцлох амжилтуудын нэг бөгөөд “Токио 2020” олимпийн наадамд өрсөлдөх эсэхийг ирэх онуудад болох сорил тэмцээнүүд харуулна.
Ч.БОЛОР