Ираны Хувьсгалт гвард эсэргүүцлийн жагсаалыг дарсан гэж мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Ираны Хувьсгалт гвард эсэргүүцлийн жагсаалыг дарсан гэж мэдэгдлээ

Ираны Хувьсгалт гвард эсэргүүцлийн жагсаалыг дарсан гэж мэдэгдлээ

Ираны гол хотуудаар зургаан өдөр үргэлжилсэн засгийн газрын эсрэг эсэргүүцэл, тэмцэл дууссан гэж Ираны Хувьсгалт гвардын командлагч мэдэгдсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалын хамгийн оргил үеэр 15 мянга орчим хүн цугласан, олон нийтийг үймээн самуунд турхирсан гол буруутнуудыг саатуулсан гэж Ираны армийн генерал Мухаммед Али-Жафари хэлснийг “Фарс” агентлаг дамжуулжээ.

Улс даяар эдийн засгийн байдал хүндэрч, амьжиргааны өртөг улам бүр нэмэгдэж буйг эсэргүүцсэн жагсаал арванхоёрдугаар сарын 28-нд Машхад хотоос эхэлж, улмаар засгийн газрын эсрэг өргөн хүрээг хамарсан тэмцэл болж хувирсан юм.

“Лос-Анжелес Таймс” сонины Тегеран дахь сурвалжлагч Рамин Мостагхимын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд жагсагчдын тоо харьцангуй буурсан, гэхдээ Ираны 10 орчим хотод мягмар гаригийн шөнө ч эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилсээр байсан гэнэ.

Ираны ерөнхийлөгч Хасан Рухани

Эсэргүүцлийн жагсаалын үеэр 21 хүн амь үрэгдсэн, 450 хүний саатуулсан тухай албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн өчигдөр /2017.01.03/ нийслэл Тегеран хотод засгийн газрыг дэмжигчид жагссан байна. Ираны эрх баригчид засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд АНУ болон түүний холбоотнуудыг буруутгасны дараа зарим хүмүүс “Америк үхэл рүүгээ тонил” зэрэг уриа, лоозон барьж жагсчээ. Тегеран дахь жагсаалд гэр бүлийн гишүүд, насанд хүрэгчид, оюутнууд гээд нийгмийн бүхий л давхаргын, бүхий л насны хүмүүс оролцсон гэх мэдээлэл гарсан ч телевизээр цацагдсан дүрсэнд дунд болон ахимаг насныхан голдуу харагдсан гэж CNN мэдээлэв. Жагсагчид Ираны ерөнхийлөгч Хасан Руханигийн зураг болон үндэсний далбаагаа барин жагссан байна.

 

Харьцуулахад, долоо хоног шахам үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд залуучуудын оролцоо их байжээ. Тэд ажилгүйдэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардаж байсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж