Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс Төв банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулж зарим асуудлаар тодруулга авснаа хүргэж байна.
-Төв банкны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хүн ганцаараа асар их эрх мэдэл үүрснээс үүдэх эрсдэлийг одоогийн хуульд орхигдуулсан.
Монголбанкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн голлох зохицуулалтууд анхаарлын төвд байна. Тухайлбал, төв банк Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын хороо зэргийг байгуулах, төв банкны шийдвэр гаргалтыг хамтын удирдлагын зарчимд шилжүүлэхээр яригдаж байгаа. Төв банк /Монголбанк/-ны шийдвэр ингэж хамтын удирдлагын зарчимд шилжсэний гол ач холбогдол, давуу тал нь юу байх вэ?
-Аливаа улсын төв банк гэдэг тухайн улсын хамгийн онцгой эрхтэй, эдийн засгийн гол байгууллага нь байдаг. Энэ эрх нь мөнгө хэвлэх онцгой эрхээр дамжин хэрэгждэг гэж тодорхойлж болно. Гэтэл ийм том эрх мэдэл хэн нэг хүний гарт төвлөрч, гарцаараа шийдвэр гаргаж, бодлогын энэ шийдвэрээр хэдий хэмжээний мөнгө хэвлэгдэж, эдийн засагт нийлүүлэгдэж байна гэдэг нь асуудлын гогцоо болоод байна. Өнөөдрийн хуулийн зохицуулалтаар, төв банкны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хүн ганцаараа хэдий хэмжээний мөнгө хэвлэх, ямар ханштай байх, ханш нь хэр тогтвортой байх, худалдан авах чадвар нь ямар байх гээд олон асуудлыг мэдэн шийдэж байгаа асар том эрсдэлийг орхигдуулж байна, эсвэл тийм их итгэл хүлээлгэж байна гэсэн үг. Тэгвэл энэ бүх асуудал нэг хүнээс хамаардаг байх уу эсвэл олон хүнээс буюу хамтын шийдвэрээс хамаардаг байх уу гэдэгт хариу болохоор өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн. Тиймээс энэ өөрчлөлтөөр аль болохоор нэг хүнээс хамаардаг биш олон хүнээс, хамтын шийдвэрээс хамаардаг, өнөөгийн эдийн засгийн байдалтайгаа илүү нийцтэй байх, олон талаас нь харж бодолцсон зөв шийдвэр гардаг байх үүднээс зохицуулагдахаар болж байгаа. Жишээбэл, АНУ-ын Төв банкин дээр Мөнгөний бодлогын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл нь эртнээс уламжлагдаж ирсэн хамгийн гол 12 мужийн Төв банкны захирлуудаас бүрддэг. Тэгэхээр 12 хүн хэлэлцэж байж эцсийн шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Яг ийм зарчмаар ажилладаг Мөнгөний бодлогын зөвлөл Монголбанкин дээр байгаад, мөнгөний бодлогын шийдвэрээ гаргадаг байя л гэсэн зарчим баримталж байна.
-Банкны тухай хуулийн төслийн талаар асууя. Шинэ хуулиар үндсэндээ төв банкны хяналт, шалгалтын эрх, хэмжээг нэмэгдүүлж өгч байгаа юм билээ. Ингэснээр хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүй байхад Төв банкны хяналтыг сайжруулна гэж үзэж байгаа. Тэгэхээр одоогийн Банкны тухай хуулиар энэ эрх мэдэл төдийлөн хангалттай бус байгаа гэж ойлгож болох уу?
-Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тэр утгаараа арилжааны банкуудыг хянаж, шалгаж байдаг. Арилжааны банкууд анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Монголбанкнаас тусгай зөвшөөрөл, лицензээ авдаг. Бүтээгдэхүүн болгон дээрээ буюу зээл, хадгаламж, үнэт цаас худалдан авах гэдэг ч юм уу эсвэл гадаад валютын гүйлгээ хийх гэх мэтчилэн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгай зөвшөөрөл авч байдаг, нэг үгээр хэлвэл тодорхой хяналтанд байдаг байгууллага юм. Мөн арилжааны банкны бизнес гэдэг нь өөрөө итгэлцлийн бизнес. Арилжааны банкинд эргэлдэж байгаа нийт мөнгөний 90 хувь нь иргэд, олон нийт, харилцагчийн мөнгө, үлдэх 10 хувь нь банкны эздийн буюу өөрсдийнх нь мөнгө. Тэгэхээр эдгээр банкуудыг яаж хэвийн ажиллуулах вэ, хэрвээ хүндрэлд орвол тухайн банкийг яах вэ? Хувийн банк байсан юм аа, эзний банк юм аа гээд дампууруулаад тэр чигт нь орхих уу? Ингээд орхилоо гэхэд ард олонд, нийгэмд ямар хор уршигтай вэ гээд бүх талаас нь тооцоод үзэхээр аль болохоор тэр банкийг санхүүгийн зах зээл дээрхи нэр хүндийг нь хадгалаад, харилцагч нартай нь хамт цаашид бүтцийн өөрчлөлт хийгээд тогтвортой байдлаар ажиллуулах нь зөв гэдэг дэлхий нийтийн туршлагыг харгалзан үзэх нь зөв ч юм шиг. Ганцхан жишээ хэлэхэд, 2008 оны дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал бол ерөөсөө л банкны хямрал, нэг банкны хүндрэлээс үүдэлтэй байдаг. АНУ-ын дээрээсээ 4—т ордог байсан Lehmann Brothers гэдэг банк хүндрэлд ороод, тухайн үед Америкийн төв банк, Холбооны нөөцийн банк болон санхүүгийн зохицуулах байгууллагаас нь тухайн банкийг орхиж, дампууруулсан нь улсынхаа банкны сектор, санхүүгийн системд төдийгүй эдийн засагт асар их хүндрэлийг авчирсан. Энэ хүндрэл нь цаашлаад Америкаасаа бүр даваад Европ руу, Ази руу ороод, дэлхийг “доргиосон” асар том хямралыг өдүүлснийг хүмүүс мартаагүй байгаа байх аа. Энэ утгаар нь аваад үзвэл, банкийг татан буулгах бол амархан хэрэг ч ард нь гарах үр дагавар нь ямар өндөр байдаг, олон зүйлтэй харилцан хамааралтай болох гэдэг талаас нь урьдчилан харж, бүтцийн өөрчлөлт хийх илүү гэдэг зарчмын талаас нь шинэ арга хэрэгсэл оруулж өгч байгаа. Монголбанк энэ тал дээр нилээд эрх мэдэл авч байгаа нь тухайн банкны эздийг хамгаалах гээд байгаа хэрэг биш харин тухайн банкны харилцагчдыг, дээр нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг л хангах зорилготой гэдэг талаас нь харвал зөв болов уу гэж бодож байна.
Б.БАТ