“Эрдэнэт”-ийн ТУЗ хэвийн үйл ажиллагаандаа эргэн оржээ. Тодруулбал, тус үйлдвэрийн ТУЗ өчигдөр /2017.01.03/ шөнө дөл болтол хуралдаж, өнгөрсөн оны тайлан, ирэх онд хийх ажлуудаа хэлэлцсэн байна. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан компанийн эрүүл засаглал, стандартын дагуу хэвийн ажиллах нөхцөл бололцоо бүрдлээ гэж хоёр талын ТУЗ-ын төлөөлөгчид үзжээ.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-д 51 хувийг төлөөлж У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл, 49 хувийг төлөөлж М.Мөнхбаатар, Д.Ганболд, О.Орхон нар ажилладаг. Гэвч, УИХ-аас “Эрдэнэт”-ийг 100 хувьд төрд авах шийдвэр гарснаар тус үйлдвэрийн ТУЗ хуралдаж чадахгүй өдийг хүрсэн.
Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргаантай асуудал үүсээд байсан. Энэ асуудлыг Улсын дээд шүүх өнгөрсөн оны сүүлээр эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр дэх үндэсний хөрөнгө оруулагч ‘Монгол зэс корпораци’ ХХК-ийн өмчлөлийг сэргээсэн билээ.
‘Эрдэнэт’-ийн гүйцэтгэх захирлыг төрөөс томилсон. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлийн хяналт дор “Эрдэнэт үйлдвэр” илүү ил тод болж, олон нийтийн хяналт сайжирсан нь бодит үр дүнгээ өгсөн тоо баримт байна. Тухайлбал, 2016 онд нээлттэй тендер ганцыг зарлаж байсан бол 2017 онд 500 гаруй нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Хувийн хэвшлийн менежментийн үр дүнд ‘шахааны’ бизнесийг тууштай цэгцэлж, зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Ийнхүү хэмнэлт хийж, ашигтай ажилласан “Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ багагүй нэмэгдсэн талаар “Эрдэнэт” хотноо болсон Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар тус үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ