Г.Амарсанаа: Нэг ч төгрөг авахгүйгээр хоёр жилийн дотор цэвэр агаартай болгоно

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Г.Амарсанаа: Нэг ч төгрөг авахгүйгээр хоёр жилийн дотор цэвэр агаартай болгоно

Г.Амарсанаа: Нэг ч төгрөг авахгүйгээр хоёр жилийн дотор цэвэр агаартай болгоно

Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Г.Амарсанаатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын агаарын бохирдолтой тэмцэх санаачилгыг танай холбоо хэрхэн хүлээж авав?

-Агаарын бохирдол зөвхөн нийслэлд байгаа юм биш. Аймаг, суманд ч бий. Агаарын бохирдол үүсгэдэг цаад “эзэн” нь ядуурал. Ядуурлын цаад “эзэн”  нь төсвийн алдагдал.Төсвийн алдагдлын цаад шалтгаан нь улсын төсвийн  иргэдэд хэрэгтэй зүйл хийх мөнгийг “устгадаг” зарим албан тушаалтны арчаагүй араншин шүү дээ. Энэ бүхний цаад жинхэнэ “эзэн” нь албан хаагчдыг цалин нь хэтэрхий бага болохоор юм болгоноос мөнгө “унагах”-аас өөр аргагүй болгодог та бидний гардан бий болгосон буруу тогтолцоо юм. Тиймээс энэхүү цаад “эздийг” нь байхгүй болгохын тулд  юуны өмнө иргэдээ гэсэн зөв тогтолцоог бий болгох  хэрэгтэй. Харин одоо цаг нь ирж байгаа юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ яг хэрэгтэй үед монголчуудын анхаарлыг агаарын бохирдолд бүрэн хандуулж чадлаа. Үнэн санаанаасаа эх орноо, иргэдээ гэсэн гишүүд УИХ-д болон Засгийн газарт цөөнгүй байгааг  бид өөрсдийн нүдээр харлаа. Энэ бол маш том зүйл шүү. Учир нь, агаарын бохирдол болон цөлжилтийг арилгах асуудлыг жинхэнэ нарийн мэргэжлийн мэргэшсэн судлаачид л инноваци нэвтрүүлэн богино хугацаанд хийж чадна. Ажлаа мэддэг мэргэжлийн хүмүүс удирдсан үед л ард иргэд нэгдэж чаддаг. Ард иргэд нэгдэж байж улс орон хөгждөг. Үүнийг л цөлжилт, агаарын бохирдол бас ядуурлыг арилгах явцад бий болох том зүйл гээд байгаа юм шүү.

-Танай холбоо агаарын бохирдлыг арилгахад нэмэр болох яг ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Монголчуудын эрх ашиг хэтэрхий хөндөгдөж, бүхний анхаарлын төвд орсон ийм л зүйлд мэддэг, чаддаг бүхнээ зориулахгүй юм бол эрдэмтэн, судлаачид гэж байхын хэрэг юу байх билээ. Монголчууд бид энэ хугацаанд 200 тэрбум төгрөгийг нийслэлийн агаарын бохирдлыг арилгах гэж зарсан боловч агаарын бохирдлыг багасгах биш бүр ихэсгэчихсэн. Судлаад үзэхээр энд л алдаагаа засах ерөндөг нь байгаа юм билээ. Үүнийг ойлгомжтой болгохын тулд нэг бодит жишээ авъя. Бид үлийн цагаан оготно чинь бэлчээрийн талхидлыг ингэж арилгаж, бэлчээрийг ингэж буцаан сэргээдэг юм байна. Иймээс огт устгаж болохгүй амьтан гэдгийг аль 1990 онд судлан тогтоож хэд хэдэн удаа хэвлэлээр дамжуулан олон нийтэд мэдэгдсэн.  Бидний зөв гэдгийг ХБНГУ болон манай МУИС-ийн эрдэмтдийн хамтарсан судалгаа хожим нь бас давхар баталсан. ХХААЯ-ны энэ асуудлыг хариуцсан газрын даргатай хүртэл бид очиж уулзсан. Гэтэл энэ оготныг устгах мөнгийг хэдэн тэрбумаар нь улсын төсөвт суулгасаар л байсан. Мөнгөгүй болсон гээд байгаа өнөөдөр ч гэсэн улсын төсөвт 700 сая төгрөг тусгагдсан байгаа. Улсын төсөвт тусгагдан оготно устгана гэж замхарсан энэ олон жилийн  мөнгө агаарын бохирдлыг бууруулах гэж зарсан мөнгөнөөс илүү гарна уу гэхээс лав л дутахгүй. Харин бурхны авралаар манай дарга нар байгальд бас бидэнд хэрэгтэй энэ оготныг устгах нь бүү хэл цөөрүүлж ч чадаагүй шүү. Баталгаатай баримтгүй байж дарга нарыг энэ мөнгийг “идчихдэг” гэж худлаа гөрдөөд яахав. Гэхдээ устгана гээд тэрбум тэрбумаар нь мөнгө зараад байхад оготно, утаа хоёр өсөөд байгаа нь хэнд ч гэсэн ойлгомжтой байгаа биз дээ. Иймээс элдэв зүйл устгана гэснээс энэ их  мөнгөөр эмч, багш нарынхаа цалинг нэмсэн нь бидэнд хамаагүй өлзийтэй гэдэг нь тодорхой байна. Харин одоо цаг өөр болж иргэдээ гэдэг шинэ тогтолцоо бий болох гэж байна. Иймээс бид төрд байгаа хүмүүсээс нэг л зүйлийг  гуйна. Энэ нь бид улсаас нэг ч төгрөг авахгүйгээр, агаарын бохирдлын хамгийн хэцүү гэгдээд байгаа нохойн хатсан сэг, машины хуучин дугуй шатаагаад байгаа тэр хэсгийг чинь хоёр жилийн дотор  цэвэр агаартай болгоно. Манайхан яг хууль, журмын дагуу УИХ-ын БОХХАА-н Байнгын хороо, ЗГХЭГ, БОАЖЯ болон ШУА-тай хамтарч энэ ажилд  инноваци нэвтрүүлж ажиллана. Энэ хүч энэ ажлыг хийхэд бүрэн хангалттай. Хамгийн гол нь дарга түшмэд, та нар бидний ажилд  хөндлөнгөөс оролцож саад болохгүй байвал бид улсаас нэг ч төгрөг авахгүйгээр энэ ажлыг хийж чадна  гэж баталгаатай амлаж байна. Би өнөө маргаашгүй энэ холбооны тэргүүний суудлаа Гүйцэтгэх захиралдаа шилжүүлнэ. Залуучууддаа үүрэг өгч байгаа бол бас эрхийг нь өгөх хэрэгтэй.Тэд цөлжилт, агаарын бохирдлыг эрс бууруулахад зайлшгүй шаардлагатай байгаа нэн чухал журам, гэрээ хоёрыг хөөцөлдөх юм. Энэ ажил бүтсэнээр улсаас нэг ч төгрөг авахгүйгээр богино хугацаанд цөлжилт болон агаарын бохирдлыг эрс бууруулах, ядуурлыг арилгах  эрхзүйн үндэс бүрдэж бидний ажил шуударна. Ингэж гэмээ нь бид цөлжилт, утааны цаад жинхэнэ “эзэд” болох ядуурал, хөрөнгө замхардаг явдлаас салж утаагүй, цөлжилтгүй бас мөнгөний гачигдалгүй иргэдтэй болно. Энэ нь товчхондоо манай улс маш богино хугацаанд хөгжиж буй улс гэсэн ангиллаас гарч  хөгжингүй улс гэсэн ангилалд орно гэсэн үг.

-Та агаарын бохирдлын хамгийн хэцүүг нь огт мөнгө авахгүй хийнэ гэлээ. Та нар өөрсдийнхөө хүчинд хэтэрхий итгээд байгаа юм биш үү?

-Би шинэ цаг ирж байгаа юм байна гэж хэлсэн дээ. Өнөөдөр  бид агаарын бохирдлоос салсан Бээжингийн туршлага, Лондонгийн туршлага гээд л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуугиулаад байна. Яг үнэндээ Лондонгийн туршлага Бээжинд таарахгүй. Бээжингийн туршлага ч Лондонд таарахгүй шүү дээ. Энэ нь утаагүй болсон АНУ-ын Чикагогийн туршлага Чикагод л таарна. Японы Токиогийн туршлага Токиодоо л таарна. Лондонгийн туршлага Лондондоо, Бээжингийн туршлага Бээжиндээ л таарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аль нь ч Монголд таарахгүй. Шуудхан хэлэхэд Монголд Улсад  монгол туршлага л таарна. Өөр арга байхгүй. Бид энэ ажлыг Монголд тохирсон инноваци нэвтрүүлэн хэрэгжүүлж чадна гэдэгтээ  бүрэн итгэлтэй байгаагаа арай тодорхой болгохын тулд  нэг бодит жишээ хэлье. Тухайн үед ойт хээрийн бүс буюу Богд ууланд оросууд тор татчихсан болохоор тахь эх нутагтаа буцан ирэх гэж байна гэж монголчууд 10 жил худлаа шуугисан юм билээ. Иймээс ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал Ц.Жанчив, манай дарга эрдэмтэн С.Дуламцэрэн, академич С.Дулмаа багш нар тусад нь орон тоо гаргалгүй ирвэс судалдаг надад энэ ажлыг хариуцуулсан байдаг. Бид нэг бүрийг нь 10 мянган ам.доллараар манайд зарах гэж байсан тахиудаас удмын хувьд хамгийн сайнуудыг нь шилэн сонгож гурван жилийн дараа монголдоо үнэгүй авчирч чадсан төдийгүй хэдий бүрэн боломж байсан ч улсын төсвөөс тахинд зориулж нэг ч төгрөг гаргуулаагүй юм. Судалгааны явцад тахь нь говь болон ойт хээрийн биш уулын хээрийн амьтан болох нь тогтоогдсон болохоор Хустайн нуруунд нутагшуулахаар болсон. Гэтэл зарим эрдэмтэн, судлаачид “Энэ Амарсанаа өөртөө ойр байлгаж судлахын тулд говийн амьтныг уулын хээрт авчрах гэж байна.Удахгүй туурай нь мултарч, хээл хаяад эхэлнэ” гэж эсэргүүцсэн. Би тэдэнд “Би тахь ирэнгүүт тахиас салж ирвэсээ судална. Иймээс битгий худлаа хард. Хамгийн гол нь Амарсанаад биш шинжлэх ухаанд итгэ” гэж хэлсэн. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй Төв аймгийн Хустайн нуруунд тахь буцан ирж, амжилттай нутагшин үржиж эхэлсэн цаад учир нь энэ. Үнэндээ агаарын бохирдол буюу ядуурлыг арилгах нь тахь авчрахаас хамаагүй амархан ажил. Учир нь,  бид гадныхантай биш зөвхөн монголчуудтайгаа л тохирно шүү дээ. Хамгийн гол нь тахь авчрах ажилд бид инноваци нэвтрүүлж чадсан болохоор олон янзын санаатай гадныхан бүгд бидний үгийг дагахаас өөр аргагүй болсон юм. Иймээс бид төрийнхөнд болон монголчууддаа хандаж “Бид энэ ажлыг хийж чадна. Бидэнд биш шинжлэх ухаанд буюу инновацид итгэ” гэж л хэлмээр байна. Учир нь, манай холбооны судлаачид бүгдээрээ цэвэр  ШУА-ийн “бүтээгдэхүүнүүд” л дээ. Ер нь биологийн шинжлэх ухаанд болохгүй юм гэж байдаггүй юм. Харин болгож чаддаггүй хүмүүс л гэж бий.

А.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж