Нэрт барималч С.Чоймбол агсныг дурсахуй дор

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Нэрт барималч С.Чоймбол агсныг дурсахуй дор

Нэрт барималч С.Чоймбол агсныг дурсахуй дор

Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч үлдээсэн бүтээлээрээ одоо ч амьд

Содномын Чоймбол хэмээх энэ хүн Архангай аймгийн Хашаат сумын уугуул нэгэн билээ. Аав ээж нь түүний ер бусын өвөрмөц зан, аливаад сэргэлэн цовоо байдлыг нь ажиглаж, зургаан нас хүрмэгц нь Эрдэнэзуу хийдэд шавилан суулгажээ. Тус хийдийн хамба, номч мэргэн Бизъяа багштанд шавь оруулж,  монгол, төвөд бичиг үсэг заалгаж, улмаар шашны ном эрдмийг хичээнгүйлэн онцгой сайн сурсан байна.

Тэрбээр асар залуугаараа хийдийн бурханч лам болж, бурхны номоо үргэлжлүүлэн судалсаар гавжийн дамжаа барин хэргэм зэрэг дээшилж, гэсгүй лам болжээ. Гэсэн ч өөрийн зөн совингоор 1936 онд 29 насандаа шашин номын алба ажлаа орхин “хар” болж, төрсөн нутагтаа очив.

Хийдэд байхдаа шашин үйлийнхээ хажуугаар цаг зав гарган монгол гар урлалыг ихэд сонирхон уран гартан ах Шаравыг дагалдан модон болон цутгамал сийлбэрийг төрөлхийн авьяас билгээрээ шаггүй оролдож, төрөл бүрийн сийлбэр, шуумал, хөөмөл, цутгамал, зүмбэрлэх аргыг маш сайн хийж сурсан байна.

Нутаг усныхаа гарын уртай авьяастнуудыг цуглуулан хувь нийлүүлж, хувийн аж ахуй байгуулж, ердийн хөсгөөр Хангайн нуруунаас мод татан гэрийн мод, авдар сав, тэрэг, эмээл, мөнгөн тоноглол, арьс ширээр гөлөм, хазаар, ногт, монгол гутал зэрэг гэр ахуйн хэрэгцээний зүйлийг хийж, өөрийн төдийгүй зэргэлдээ сумдаас ч захиалга их ирдэг, эрэлт нийлүүлэлт ихтэй болжээ. Архангай аймгийн удирдлагаас энэ байдлыг зөвөөр ойлгон дэмжиж, тэдний аж ахуйг Лүн сум (тэр үед энэ сум Архангайн харьяалалд байв)-ын 14 дүгээр артель болгон зохион байгуулж, даргаар нь С.Чоймболыг тохоон томилов.

Гэтэл улс төрийн хэлмэгдүүлэлт, нүгэлт хар сүүдэр түүнийг тойрсонгүй. 1937 оны сүүлчээр тайж гаралтай, томоохон хийдийн гэсгүй лам байсан гэх шалтгаанаар баривчлан хорьж, Улсын онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор ямар ч гэм хийгээгүй түүнийг 10 жилийн хорих ялаар шийтгэж, Дотоод яамны барилгын хорих ангид ял эдлэх явцдаа хумсны толионы чинээ жижигхэн хөдөлдөг модон арслан урлаж, хоригдлууд түүгээрээ нь тоглож, цаг өнгөрөөдөг болов.

Энэхүү тоглоомыг харсан хянагчид энд нэг хоригдол ер бусын юм хийлээ гэж дарга нартаа “матсан-“-аар С.Чоймболын алхам бүрийг мөрдөн мөшгөж эхлэв. Тэр модоор, төмрөөр янз бүрийн л юм хийсэн байх. Жижиг модон арслангаа жаахан томруулаад хөдөлдөг болгожээ гэсэн яриа нь хорих ангийн хашаанаас хальж, шоронгийн удирдах нөхдийн сонорт хүрч, зарим нь энэ Чоймбол ер нь үнэхээр онцгой ид шидтэй хувилгаан лам юм байна. Нөгөө модон арслангаа “амь” оруулчихлаа, тэр нь өөрөө яваад байна гэсэн нь анхаарал татаж, хатуу хяналт дэглэмд оруулах шалтаг болж, Дотоод яамнаас тусгай төлөөлөгч ирэн нэмэлт мөрдөн байцаалтад оров. Тэрбээр модон арслангийн доторхыг хөндийлөн ухаж, сүүлний хэсэгт цоорхой гарган тэр өчүүхэн зайд нь жижиг амьд хорхой хийн хөдөлдөг болгосноо тайлбарлаж, дахин өөрийг хийн үзүүлж байж, арай л ял нэмүүлээгүй юм гэнэ лээ.

Тэрхүү учир явдлын дараахан нам, засгийн дээд удирдлагын Г.Бумцэнд, Г.Сүрэнжав, Ж.Самбуу гуай нар Дотоод яамыг хариуцаж байсан Балжинням гэж хүнтэй шатар тоглох зуураа надад хуучны сайхан монгол шатар бий, даанч нэг морь нь дутуу гэхэд тэр Балжинням, “манайд нэг маш уран хүн ял эдэлж байгаа, Та нөгөө морийг нь аваад ир, хийлгээд өгье” гээд, яг адилхан урласан морийг авчирч өгсөн нь шатрын хорхойтнуудын төдийгүй, маршал Х.Чойбалсангийн чихэнд хүрч, тэдний анхааралд өртөв.

Ийнхүү С.Чоймболын ховорхон авьяас билгийг таньсан Балжинням түүнийг маршалтай уулзуулснаар цаашид уран бүтээлээ хийх түүхэн зам мөр нээгдэж, түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх ховорхон боломж тохиожээ.

Улсын дээд удирдлагын төвшинд Чоймболоор янз бүрийн урлал, чимэглэл  хийлгэж, түүний урласан бүхэн нь таалагдаж, шоронд нь тусгай өөрөө гарган ажиллуулж, улмаар түүний байгалиас заяасан унаган авьяас чадварыг ихэд үнэлж, шоронгоос суллах яриа ч гарав. Зарим дарга нар түүнийг феодал гаралтай, том лам байсан гэж цааргалах ч олонхын санал давамгайлан арга сүвэгчлэн Содном овгийг нь Соном болгон өөрчилснөөр ялаас мултрах аз гийв. 

Хожим С.Чоймбол гуай дурсамждаа: “Би хэдийгээр олон жилээр шийтгүүлэх хэрэг хийгээгүй ч ялаас чөлөөлөгдсөндөө ихэд баярлаж, цаашид өөрийн бүхий л ур ухаанаа дайчлан дээрээс өгсөн үүрэг даалгавар бүхнийг сайн гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, олны нүдэнд ил байгаа МУИС-ийн төв байрны нүүрэн талын дээд хэсэгт хоёр тийш харсан гурван тугийн голд төрийн сүлд, нэгдүгээр сургуулийн нүүрний дээд хэсэгт дэлгэмэл номын голд дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй ингэмэл, олон барилгын баганын чимэглэл, Сүхбаатар хотод жанжин Д.Сүхбаатарын хөшөө зэрэг олон урлалыг нойр хоолоо умартан байж бүтээсэн хөдөлмөрийг төрөөс үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1941 онд шагнасанд би улам урамшиж, гэр бүлтэй ч болж, амьдрал цэгцрэн баримал чимэглэлийн урлагт илүү татагдсан. Залуучууд та нар ямар ч ажлаас бүү шантраарай. Хүн авьяасаа зөв хөгжүүлж чадвал ихийг бүтээнэ шүү” гэж захидаг байжээ.

Энэ л үеэс манай улсад барилгын чимэглэл, уран баримлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болж, 1943 онд С.Чоймболыг Москва хотноо оросын алдарт уран барималч Меркурьевийн урланд илгээв. Түүнийг суралцаж байхад нь Улаанбаатар хотын төв талбайд жанжин Д.Сүхбаатарын хөшөө барих шийдвэр гарч, уг хөшөөний эх загварыг хийх даалгавар төвөөс өгсний дагуу тус урлангаас ирэхдээ хэд хэдэн хувилбар зохион авчирчээ.

Түүний хийсэн загвар дээр үндэслэн Дүрслэх урлагийн газрын дарга Д.Чойдог, зураач Л.Намхайцэрэн нар хамтран ажиллаж, хөшөөний эх загварыг баталж, улмаар уран гартан Жамбаа, Доржготов, Лхамсүрэн, Даваацэрэн нарыг дараа нь Данзан, Дамдимаа нар нэмэгдэж, Д.Сүхбаатарын хөшөөг түүний удирдлагын дор зургаан сарын хугацаанд гүйцэтгэж, 1946 оны долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээлтээ хийсэн түүхтэй. Уг бүтээлээрээ маршал Х.Чойбалсангийн шагнал хүртжээ.

Монголын дүрслэх урлагийн байгууллагыг үндэслэгчийн нэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай уран барималч, унаган авьяас билигт их хүмүүн С.Чоймбол гуайн уран бүтээлийн сан хөмрөгийг цаашид үргэлжлүүлэн түүний хүү Ч.Чойжамц, ач хүү Ч.Чинбат, дүү Д.Чулуунбаатар нарын санаачилгаар “Уран барималч С.Чоймбол” санг үүсгэн байгуулж, нэрэмжит шагналыг залуу уран бүтээлчдэд хүртээсээр, хийж бүтээсэн бүтээл бүхэн нь өнө мөнхөд үлдэж, тэрбээр бүтээл туурвилаараа амьд оршин байгаа нь бахархалтай  билээ.

Сэтгүүлч Г.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж