Хоёр шугам, хоёр жил, хоёр дуудлага: Хоёр Солонгос холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.04-нд нийтлэгдсэн

Хоёр шугам, хоёр жил, хоёр дуудлага: Хоёр Солонгос холбогдлоо

Хоёр шугам, хоёр жил, хоёр дуудлага: Хоёр Солонгос холбогдлоо

Хойд ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсэд орших зэлүүд тосгоны нэгэн өрөөнд утас хангинан дуугарав.

2018 оны нэгдүгээр сарын 3-ны 15.30 цагт ирсэн тэр дуудлага 2016 оны хоёрдугаар сараас хойш Умардын талаас анх удаа Өмнөд рүү залгасан тохиолдол байв. Өмнөдийн төлөөлөгч дуудлагад хариу өгчээ.

20 минут үргэлжилж, 15.50 цагт өндөрлөсөн тэр харилцан яриа чухам ямар агуулгатай байсан, ээдрээтэй өнгөрсөн хоёр жилийн дараа тэд чухам юу ярьсан талаарх мэдээллийг одоохондоо талууд аль аль нь дэлгээгүй байна.

“Талууд шууд холбооны шугамын техникийн асуудлыг шалгасан” гэх товчхон тайлбарыг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас өгсөн юм.

Хоёр Солонгосын харилцаа холбооны асуудлыг эрхэлдэг Нэгдлийн яамны албаны хүмүүс, төлөөлөгчид яриа төгссөний дараа ч шууд холбооноос холдсонгүй. Умардын талаас дахин дуудлага ирэхийг хүлээн суужээ.

Улмаар хоёр цаг гаруйн дараа, орон нутгийн цагаар 18.07 цагт Хойд Солонгосын төлөөлөгч дахин утас цохив. Энэ удаад тэд “Өнөөдөртөө ингээд дуусгая” хэмээсэн тухай Нэгдлийн яамнаас мэдэгдсэн юм.

Хоёр удаагийн дуудлага ямар сэдвийг хамарсан, хоёр улсын төлөөлөгчид юу ярилцсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ ирээдүйн харилцаа холбоо болон олимпийн асуудлаар дурьдаагүй гэж Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч CNN-ий асуултад хариулжээ.

ХАРИЛЦАА ЭЕРЭХИЙН ДОХИО

Дэлхий нийтийн халуун цэг болж, дайны бэлэн байдалд шахам очоод байсан Солонгосын хойгийн хурцадмал байдал намжихын дохио айсуй гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тушаалаар умардууд хоёр Солонгосыг холбох шууд холбооны шугамыг нээсэн юм.

Шинэ жилийн илгээлтдээ Ким Жон Ун тамирчид, төлөөлөгчдөө БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд оролцуулах боломжтой гэж мэдэгдсэн. Хойд Солонгостой холбоо тогтоож, яриа, хэлцэл хийх боломжийг эрэлхийлсээр ирсэн Өмнөдийн хувьд энэ үнэхээр гэнэтийн мэдээ байсан гэж болно.

Пак Гын Хэгийн захиргааны үед БНАСАУ дөрөв дэх удаагаа цөмийн туршилт явуулсныг эсэргүүцэж, БНСУ-ын зүгээс Кесон дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолборыг хаасан юм. Хариуд нь 2016 оны хоёрдугаар сард Хойд Солонгосын талаас Панмунжом тосгон дахь шууд холбооны шугамыг тасалсан билээ. Тэр цагаас хойш Өмнөд Солонгосын төлөөлөгч өдөр бүрийн 09.00 болон 16.00 цагт Хойд Солонгос руу холбогдох оролдлого хийж байсан ч тухай бүрт амжилтгүй болж байв. Яг л тэр шугамаар өчигдөр хоёр талын төлөөлөгч холбогджээ.

“Хоёр тал харилцаа холбоогоо сэргээнэ гэдэг өндөр ач холбогдолтой явдал” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Юн Ён-Чан мэдэгдэв. Цаашид Хойд Солонгостой тогтмол харилцаатай байх үүд хаалга нээгдэж байна гэж найдаж буйгаа ч илэрхийлжээ.

ДАЙН БА ЭНХ ТАЙВНЫ ТОСГОН

Хоёр Солонгосыг холбох шууд холбооны хоёр үзүүр хоёул хоёр улсыг заагласан цэрэггүй бүсэд орших Панмунжом тосгонд байрладаг. Байршил нь тодорхойгүй ч хоорондоо хэдэн зуун метрээс холгүй зайтай гэгддэг. Тус тосгонд Өмнөд ба Хойд Солонгосын хоорондох 33 холбооны шугам байдаг аж.

Цэргийнхэн үргэлж холхиж байдаг ч Панмунжом бол энх тайвны, эвлэрлийн тосгон гэгддэг. Гурван жил үргэлжилсэн Солонгосын дайныг цэглэж, талууд 1953 онд энэ тосгонд гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурж байсан юм.

Панмунжом гэх нэр түүхийн хуудсанд дахин бичигдэж мэднэ. Гэхдээ энэ удаад Хойд ба Өмнөд Солонгос харилцаа холбоогоо сэргээсэн газар гэж түүхэнд үлдэхийг үгүйсгэх аргагүй. Өмнөд Солонгосын хүсэл, найдвар ч тийм билээ.

Талууд Гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурав. 1953.07.27

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж