Улаан асрын зүүд (11-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (11-р бүлэг)

Улаан асрын зүүд (11-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Арваннэгдүгээр бүлэг

НАСНЫ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН НИН ФҮ ОРДОНД НАЙР ХИЙЖ, ШЫ ФӨНИЙГ ХАРААД ЖЯ РҮЙ ТАЧААНГУЙ СЭТГЭЛ ҮҮСГЭВ

Өгүүлэх нь: Өнөөдөр Жя Жэнгийн насны ойн баяр тул Жя Жэнь амтат идээ, ариун жимсийг арван зургаан том хайрцагт хийж Жя Рун-ээр түүнд хүргүүлэхдээ: “Чи даяагийн баяртай, баяргүй байгааг сайн ажиглан ёсолж боссон хойноо: “Миний эцэг даяагийн үгийг дагаад аймшиггүйгээр ирсэнгүй. Гэр хотлоорын хамт таны зүг хандаж мөргөв гэж хэлэгтүн” гэв. Жя Рун хэлсэн ёсоор нь зарц нарыг дагуулан явав.

Тэгж байтал хүмүүс цугларч эхлэв. Урьтаж Жя Лянь Жя Чян хоёр ирж засаж тавьсан суудлуудыг үзээд: “Ямар тоглоом байх вэ” гэж асуусанд гэрийн хүмүүс: “Манай ноён, дааяаг өнөөдөр гэрт залж авчрах санаатай байсан тул аймшиггүй тоглоомын зүйлийг бэлтгэсэнгүй. Уржигдар, дааяа ирэхгүйг сонсоод сая боолуудаар жүжигчин, хөгжимчдийг авчруулав. Тэд тайзан дээр бэлтгэж байна” гэв.

Дараагаар нь Шин Фүрэнь, Ван Фүрэнь Фөн Же, Бао Юй нар ирсэнд, Жя Жэнь Ёу хатан хоёр угтан буулгав. Ёу хатангийн эх түрүүлээд ирсэн учир бүгд очиж золгон найр тавив. Жя Жэнь Ёу хатан хоёр тэдэнд цай бариад: “Лао Тайтай бол хамгийн өндөр настан мөн бөгөөд миний эцэг бол ач хөвгүүн нь гэдгийг та бүгд мэднэ. Ийм их настай болохоор нь өнөөдөр залмааргүй байсан боловч хашаа дүүрэн удвал цэцэг дэлгэрсэн намрын сайхан сэрүүн цаг болохоор буурай эмээг урьж, үр ач нарынхаа баярыг үзэж уйтгар юугаа сэргээх болов уу гэсэн юмаа. Гэтэл настангууд маань бидэнд нүүр хайрласангүйг яах билээ” гэв. Ван Фүрэнийг юм хэлэх гэтэл Фөн Же урьтаад: “Лао Тайтай өчигдөрхөн хүртэл ирэхээр байсан юмаа. Орой дүү Бао Юйн тоор идэхийг хараад, дурлаж хагас тоор идээд шөнө дотор нь эвгүйрхэж үүрээр хоёр ч удаа суулгасан учир бие нь сулраад ирж чадаагүй юм гэдгийг дааяад хэл гэж надад захисан юм. Тэгээд амтат идээнээс зөөлөн, сайнаас нь явуулаарай гэж хэлсэн шүү” гэв. Жя Жэнь инээж: “Настангууд наргианд дуртай атлаа энд ирэхгүй нь лав учиртай гэж бодож байсан юм. Тиймгүй юм байна” гэв. Ван Фүрэнь: “Урчигдар Жя Рун агийн бүсгүйн бие баахан аягүй гэж таны их охин дүүгээс сонссон. Одоо ямар шиг байна” гэж асуусанд Ёу хатан:

-Түүний өвчин бас сонин юмаа. Түрүү сарын арван таванд Лао Тайтай нартай шөнө дунд болтол найрлан, наадаж ирээд зүв зүгээр байсан юм. Хорьдоос хойш хөдлөх дургүй, идэх дургүй болсоор хагас сар боллоо. Сарын юм нь бас хоёр сар ирсэнгүй… гэтэл Шин Фүрэнь: “Баяртай болсон юм бишүү” гэж асуув. Тэгтэл гадаа хүн ирэх чимээ гарч Да Лао е Эр Лао е болон хэдэн хүн ирлээ гэв. Жя Жэнь яаран гарч угтахаар гарав. Тэр хооронд Ёу хатан:

-Анхандаа жирэмсэн болж гэж хэлсэн эмч ч бий. Өчигдөр Фөн Зыин багадаа шавь нь болж байсан нэг эмчээ бидэнд танилцуулсан юм. Тэр бол зүгээр сайн эмч бололтой. Үзээд, жирэмсэн биш, тэгэхдээ нэг сүрхий өвчин гэж хэллээ. Өчигдөр бичиж өгсөн жороор нь найруулсан эм уугаад толгой эргэх нь намдсан боловч өөр дэмий тус болсонгүй гэхэд нь Фөн Же: “Тэр хэрэв өвчин нь маш хүнд биш бол ийм өдөр хэрхэвч ирэхгүй байх ёсгүй” гэсэнд Ёу хатан,

-Чи энд шинийн гурванд түүнтэй уулзсан. Тэгэхэд тэр бас шүдээ зууж хагас өдөр тэсвэрлэсэн нь, таны эх, бэр хоёрын сэтгэл таарсны учирт юм. Явахдаа бас салж ядаж байсан… гэтэл Фөн Жэгийн нүдэнд нулимс гүйлгэнэн “Тэнгэрийн салхин тэгшгүй, төрсөн бие мөнхгүй” гэгчээр энэхэн залуу насандаа энэ өвчнөөр ийм тийм болбол хүн гэж ертөнцөд төрсний хэрэг гэж юу байхав” гэв.

Жя Жэнь зочдоо дагуулан орж ирэв. Тэгээд Ёу хатанд “Сая би дааяад идээ будаа хүргээд ирлээ. Миний эцэг гэртээ ноёдыг зочлон хүмүүсийг дайлж байна. Дааяагийн үгийг журамлан дагаж аймшиггүй ирсэнгүй гэсэнд дааяа маш их баярлан “Болж байна” гээд, тэднийг сайтар зочилтугай гэсэн бөгөөд надад авга эцэг, авга эх, ах нарыг бүр сайн зочил гэлээ. Бас тэр “Буян хураах номыг” хурдан сийлүүлж түмэн хувь дармаллан тараа гэж байна. Би энэ үгийг эцэгтээ хэлсээн. Би одоо хурдан очиж дааяа нар болоод гэр хотлынхныг авчирч хуримын ширээнд суулгая” гэв. Фөн Же: “Жя Рун аги, түр хүлээ. Чиний авгайн бие чухам ямар шиг байна вэ” гэж асуусанд цаадах нь хөмсөг зангидан “Муу байна. Авга эх та очиж үзвэл даруй мэднээ” гэж товч хариулаад гарч одов. Ёу хатан, Шин Фүрэнь, Ван Фүрэнь нарт хандаж,

-Тайтай нар энд хоол иднэ үү. Хүрээлэнд очиж иднэ үү. Гадаа ший тоглогчид бэлтгэж байгаа гэсэнд Ван Фүрэнь, Шин Фүрэньд хандаж: “Энд сайхан байна, тийм үү” гэв. Ёу хатан, зарц, бэрүүдэд “Хоол хурдан авчир” гэсэнд үүдний гадаа нэгэн зэрэг “жа” гэх сонсогдон, тэд хоол зөөхөөр явцгаав. Төдөлгүй идээ будаа ширээ дүүрэв. Ёу хатан, Шин Фүрэнь, Ван Фүрэнь хоёрыг агийн хамт голын ширээнд суулган, өөрөө Фөн Же, Бао Юй нартай хамт хажуугийн суудалд суув. Шин Фүрэнь, Ван Фүрэнь хоёр

-Бид Да Лао егийн насны баярт мөргөхөөр ирээд, харин өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа мэт боллоо… гэхэд нь Фөн Же: “Да Лао е угаасаа ном бясалгах дуртай бөгөөд одоо бясалгал нь гүйцээд бурхан боллоо гэж болохгүй. Тайтай нарын энэ хэлснийг “Сүшиг гүйцвэл бурхан мэднэ гэж болно” гэсэнд бүгдээр хөхрөлдөв. Ю хатны ээж болон бусад зочид хоолоо идэж дуусаад, амаа зайлж, гараа угаагаад хүрээлэнд орох гэж байтал Жя Рун орж ирээд Ёу хатанд,

-Лао е ба жич олон авга, эцэг, ах нар цөм хоолоо идэв. Да Лаое гэртээ ажилтай гэнээ. Эл Лао е ший жүжиг олны шуугианд үзэж байх дургүй учир явлаа. Бусад нь ший үзэцгээж байна. Сая өмнийг амгуулах Жюань ван, дорныг тогтоох Жюнь Ван, өрнийг энхжүүлэх Жюань ван, умрыг түвшитгэх Жюань вангийнхан, жич төр тогтоогч гүн Ню овогтын ордон зэрэг зургаан айл, шударга төвшин Хэү Ши овогтын зэрэг найман айлаас хүн ирж өөрсдийн нэрийн бичигтэй хамт насны баярын бэлэг хүргэж ирлээ. Би цөмийг эцэгт хэлээд дансны гэрт хураалган данслуулж, хариу талархлын бичгийг айл бүрээс ирсэн хүнд өглөө. Ирсэн хүмүүст мөн ёсоор шагнал хүртээн хоол идүүлээд явууллаа. Одоо ээж та, хоёр Тайтай, нагац эмээ эх, авга эх нарыг залж хүрээлэнд очно уу гэж хэлэв. Ёу хатан,

-Би Жян Рун ий авгайг эргээд очиж болох уу гэсэнд Ван Фүрэнь,

-Зүйтэй, зүйтэй. Бид бүгдээрээ очиж эргэе гэвэл үймээн шуугиан ихтэй болно. Тиймээс бид бүгдээрээ мэнд мэдэж байна гэдгийг хэлээрэй гэсэнд Ёу хатан,

-Сайн байна дүү минь. Бэр, чиний үгийг сонсдог. Чи нэг очоод сайхан тайтгаруулж өгвөл миний сэтгэл амарна. Энд ажил дуусахаар чи очоорой гэтэл Бао Юй Фөн Жэн ч дагаж Чинь авхайг очиж эргэнэ гэв. Ван Фүрэнь,

-Тэгвэл чи очоод ир л дээ. Тэр чамд ачтай бэр болно шүү гэв. Юн хатан тэр даруй өөрийн ээж болон бусад хүнийг хүрээлэнд залж аваачихад, Фөн Же, Бао Юй нар Жя Руний хамт Чинь авхайг эргэж очив. Тэднийг орж очиход Чин авхай босон завдтал Фөн Же: “Битгий бос. Толгой чинь эргэнэ” гээд түүний гарыг атгаж “Бэр чинь, уулзалгүй хэдэн өдөр болох хооронд өдий муудчихав уу” гээд хажууд нь очиж олбог дээр нь суув. Бао Юй ч биеийг нь асуугаад өөдөөс нь харж суув. Жя Рун “Цай хурдан авчир. Эд нар маань, дээд гэрт цай уугаагүй шүү” гэв. Чинь авхай, Фөн Жэгийн гарыг бариад “Миний буянгүйгээс л хамаг юм боллоо. Ийм сайхан айлынхантай учраад… хадам эцэг, эх маань намайг төрсөн охинтойгоо адилхан үзэж байхад би ийм байна. Авга ээжээ, ач хөвгүүн чинь, хэдийгээр залуу боловч намайг ихэд хүндлэнэ. Би ч бас хүндэлдэг. Бид хоёр царай улайлцсан удаагүй. Бүх айлын хөгшин залуу, дээд доод цөм ялгалгүй, авга эх та ч ороод цөмөөр намайг хайрлана. Эдэн дотор намайг хайрладаггүй дуугардаггүй хүн байхгүй. Ийм нэг өвчин олсноос хойш миний чармайх сэтгэл цөм арилав. Хадам аав, ээжээ нэг өдөр олигтой ачилж чадсангүй. Авга эх та ч намайг их хайрладаг. Би хэдийгээр ачлах сэтгэл байвч одоо чадахгүй боллоо. Бараг энэ жилийг өнгөрөөж чадахгүй байх” гэв.

Бао Юй: “Хайтан цэцэг, хавар нойрмоглосон” зураг, Чинь Тай Шюйгийн бичсэн “Хаврын жаварт бие жихүүцэн зүүднээс сэрэхүйеэ, хамарт зохист сархдын үнэр ханхлан айсуй” гэсэн уянгын хоёр мөрийг харж суутал энд үдийн нойр авахдаа зүүдэлсэн “Их сансарын арилсан орны” явдал эрхгүй санагдав. Ийн байтал дээр нь, Чинь авхайн эдгээр үгийг сонсоход, түмэн зэвээр зүрхийг нь шивсэн мэт болж тэсгэлгүй нулимс урсгав. Эгч нь түүнийг хараад элэг зүрх нь өвдөв. Гэвч өвчтэй хүн энэ байдлыг үзээд улам сэтгэл нь уярч зовох бөгөөд бид ч тайтгаруулах гэсэн нэргүй болно гэж бодоод: “Бао Юй минь ээ, чи битгий уяраад бай. Өвчтэй хүн өөрөө ингэж хэлж байна. Арай тэр хэмжээнд хүрээгүй байна. Залуу хүнийг сайн сувилж засахад сайжралгүй яахав” гээд Чинь авхайд: “Чи битгий элдэв юм бод. Тэгвэл өвчин нэмэгдэнэ” гэж сургав. Жя Рун “Хоолонд жаахан орчихвол энүүний маань өвчин гайгүй болох байхаа” гэв. Дүүдээ хандаж Фөн Же:

-Дүү минь ээ, Тайтай чамайг түргэн ирээрэй гэсэн шүү. Чи битгий энд ингээд бай л даа. Бэрийн сэтгэл улам зовно. Тайтай чамайг хүлээгээд л байгаа даа гэснээ:

Жя Рун-д “Чи түрүүлээд Бао Юй авгатайгаа явж бай. Би энд жаахан байя” гэсэнд Бао Юй, Жя Рун хоёр Фан Юань хүрээлэнгээд явав.

Тэднийг явсны дараа Фөн Же Чинь авхайтай сэтгэлийнхээ үгийг дотроо онгойтол ярьж баахан сургав. Ёу хатан хоёр гурван удаа хүн ирүүлсний дараа Фөн Же Чинь авхайд “За чи биеэ сайн сувилж бай. Би дахиж ирнэ. Чи сайн эмчтэй таарсан бол өвчин чинь удахгүй эдгэнэ. Одоо айх хэрэггүй” гэсэнд Чинь авхай инээж: “хэдий бурхан эмч байлаа ч, өвчнийг засахаас заяаг яаж засах вэ дээ. Авга эх минь, миний энэ бол цагаа хүлээж байгаа өвчин гэгчийг би мэдсээр шүү” гэв. Фөн Же: “Чи ингэж бодоод байвал өвчин чинь яаж эдгэх юм бэ. Сэтгэлээ тайван байлга. Эмчийн хэлснээр засахгүй бол хавар болоход муу гэнэ. Ямар орхоодойг ууж чадахгүй гэж? Хадам эцэг эх чинь, өдөрт хоёр цэн орхоодой байтугай хоёр жинг ч уулгаж чадна. Сайхан сувилж бай. Би одоо тэртээ хүрээлэнд очлоо” гэсэнд Чинь авхай: “Авга эх минь та уучлаарай. Би таныг дагаад тэнд очиж чадахгүй. Зав чөлөөтэй байвал ирж байгаарай. Хоёул чөлөөтэй ярьж сууя л даа” гэхэд нь Фөн Жэгийн нүдэнд нулимс хураад: “Би зав л гарвал ирнэ” гээд зарц, бэрүүдээ дагуулан явж одов. Тэд явсаар бага үүдэнд хүрч очив. Харвал,

Шар цэцэг газарт дүүрч, цагаан удын хажууг бүрхэнэ

Бяцхан гүүр Руо Егийн горхийг1 зайдалж, нарийн зөрөг

                                Ди Ди замд2 нийлнэ

Хадны завсраар тунгалаг урсгал хоржигнон,

                                Сүлжмэл хашаанд сайхан үнэр ханхална

Модны оройгоор улаан навч бүжиглэж, сийрэг ой зураг мэт

Өрнийн салхи гэнэт ширүүсэхүйеэ өнгийн шувуу уянгалах сонсогдоно

Нарны илч даамай тусахуйяа нүүдлийн царцаахай хөгжим өргөнө

Зүүн өмнө зүгийг харахуйяа уулыг түшсэн хэдэн байшин

Баруун хойшоо эргэж харвал усанд өнгийсөн гурван саравч

Бишгүүр хөгжим хааяагүй жингэнэж, бас ч онцгой сайхан санагдана

Гоё хүмүүс түүний дунд сүлжиж, өнгө үзэмжийг үлэмж нэмжээ!

Энэ хашааны дотор өнгө үзэмжийн сайхныг Фөн Же бахархан алгуур тайван алхаж явтал засмал уулын араас гэнэт нэг хүн гарч ирээд: “Бэргэний мэндийг асууя” гэсэнд, давхийн цочиж гэдрэг ухран “Та чинь Рүй дае бишүү” гэж асуувал цаадах нь: “Бэргэн намайг танихгүй байна уу” гэсэнд Фөн Же: “Танихгүй ч бишээ, гэнэт тулгарсан учир дааяаг энд байна гэж санасангүй” гэв. Жя Рүй,

-Би үнэхээр бэргэнтэй ерөөлтэй гэвэл болно. Би сая тэндээс сэмхэн гарч ирээд энүүгээр баахан зугаалая гэж санасанд санамсаргүй бэргэнтэй таарчихлаа. Энэ чинь ерөөл биш үү гээд Фөн Же нүд цавчилгүй харав.

Фөн Же хурц хүн болохоор энэ байдлыг хараад юу эс андах вэ. Жя Рүй өөд хуурмагаар инээгээд:

-Ах чинь, үргэлж чамайг магтдаг нь учиртай юм байжээ. Сая уулзаад хэдэн үг хэлэхийг чинь сонсоод чамайг цэцэн сэргэлэн эр гэдгийг мэдлээ. Одоо би Тайтай нарын дэргэд очих гэж яваа учир тантай ярилцах завгүй. Хожим чөлөө заваараа уулзаж болно гэж хэлэв. Жя Рүй,

-Би бэргэний гэрт очиж амрыг эрье гэсэн боловч бэргэн нас залуу тул хүнтэй тийм амар уулзахгүй болов уу гэж бодсон юм гэв. Фөн Же бас л хуурмаг инээд шидэж,

-Нэгэн айлын яс махны тасархай байгаад юуны бас залуу хөгшин ярина вэ гэсэнд, Жя Рүй дотроо баярлан “Өнөөдөр ч ёстой гайхамшигтай тохиол боллоо” гэж бодоод улам тэсгэл алдрав. Фөн Же: “Чи хуримын ширээндээ хурдан очооч. Тэдэнд баригдвал чи архиар торгуулна шүү” гэв. Энэ үгийг сонсоод цаадахын нь хагас бие мэдрэл алдарч эргэн эргэн харсаар алгуурхан алхав. Фөн Же ч түүнийг холдсон хойно “Энэ чинь зүсийг нь танивч, зүрхийг нь танихгүй” гэдгийн үлгэрээр ийм адгуус байсан юм уу. Тэр үнэхээр ийм юм бол эрт орой хэзээ нэгэн цагт миний гарт үхэхдээ л хэцүүг минь мэдэх байхдаа” гэж бодов. Түүний бараагаар хэдэн зарц санд мэнд хүрч ирээд: “Манай найнай эл найнайг ирэхгүй байна гэж сандраад, таныг залахаар биднийг явууллаа” гэсэнд Фөн Же: “Танай найнай дандаа л яарч байдаг шүү дээ” гээд алхсаар хүрээлэнд тулж очоод: “Хэдэн ший дуулав” гэсэнд цаадуул нь: “Найм есийг дууллаа” гэж хариулав. Тэрүүхэнд Бао Юй хэдэн хүүхэдтэй тоглож харагдав.

-Хөөе Бао Юй минь ээ, битгий алиалаад байгаач даа гэж хашгирахад нэгэн зарц охин,

-Тайтай нар цөм асарт байна. Та энэ талаар гарна уу гэж асуув.

Фөн Же хормой өргөн алгуурхнаар асрын шат өөд гарахад Ёу хатан түүнийг гишгүүр дээр хүлээж байв. Хатан инээж: “Таны эх, бэр хоёр үнэхээр сэтгэл таарчээ. Нэг л учирвал даруй салж чадахгүй. Чи маргааш нүүж ирээд түүнтэй хамт суугтүн. За та суу. Би танд нэг хундага барьсугай” гэв.

Фөн Же явсаар, Шин Фүрэнь, Ван Фүрэнь нарын дэргэд очиж суув. Ёу хатан, шийний нэр бичсэн цаасыг авчирч, ямрыг дуулуулахыг асуусанд Фөн Же: “Тайтай нарыг энд байхад би яагаад аймшиггүйгээр заах билээ” гэсэнд Шин ФүРэнь: “Бид худгай нартай хамт хичнээнийг нэрлэсэн юм. Одоо та хэдэн сайныг нь дуулуулж сонсогтун” гэв. Фөн Же, мөнөөх нэрсийг хараад:

-“Сүнс дуудсан нь”, “Үлгэр дуулал” хоёрыг дуулуулъя гээд нэрсийг буцааж өгөөд, одоогийн дуулж байгаа энэ “Хоёр түшмэлийн ятгалга” дуусахаар энэ хоёрыг дуулуултал цаг ч болох байх гэж хэлэв. Ван Фүрэнь:

-Тиймээ тийм. Ах, бэргэн эгч энэ тэр чинь эртхэн амарсан дээр. Тэдний сэтгэл бас тайван биш шүү гэсэнд Ёу хатан:

-Тайтай нар энд дандаа ирээд байх биш дээ. Нэгэнт ирсэн юм жаал суувал сууг л дээ. Нар ч бас эрт байна… гэтэл Фөн Же ийш тийш хараад, энэ ноёдууд хаашаа орчихвоо гэсэнд нэг зарц “Тэд хөгжимчдийг дагуулан Нинши Шюэвань өргөөнд архи уухаар явсаан” гэв. Фөн Же тэд энд болохгүй гээд далд газар юу хийхээр очсон юм бол хэмээн үглэв. Ёу хатан инээж: “Хаанаас л цөмөөрөө тантай адил төв хүн байхав даа” гэв. Ийн ярилцаж, инээж хөхрөлдөж байтал ший дуусаж, архийг хураамагц хоол авчрав. Дараа нь хүрээлэнгээс гарч дээд байшинд орцгоож цай уугаад Ю хатны ээжийг үдэж мордуулав. Ёу хатан, олон эмс охид, зарц татвар, бэрүүдээ дагуулан гарч ирэхэд Жя Жэнь олон хүүхэд ач нартайгаа тэрэгний дэргэд хүлээж байв. Шин, Ван хоёр Фүрэнийг хараад: “Хоёр авга болон ээж маргааш бас ирж зугаацах уу” гэж асуусанд Ван ФүРэнь: “Сайхан боллоо. Өнөөдөр бүтэн өдөр ядартлаа суулаа. Маргааш амаръя” гэсэнд цөм тэргэнд сууцгаав. Энэ үед Жя Рүй Фөн Жэгээс нүд салгаж чадахгүй байв. Жя Жэнийг орсоны дараа Ли Гүй морь хөтөлж иртэл Бао Юй мордоод Ван Фүрэний хойноос явав.

Жя Жэний төрөл садны олон хүн, бас нэг өдөр наргисныг үл өгүүлэн өгүүлэх нь: энэ үеэс хойш Фөн Же байнга Чинь авхайг эргэж ирдэг болов. Авхай ч хэдэн өдөр засраад хэдэн өдөр дордож байв. Үүнд нь Жя Жэнь, Ёу хатан, Жинь Рун нар маш их зовно.

Жя Рүй, Рун фүгийнд хэд дахин ирсэн боловч Фөн Жэгийн Нин Гуофүгийнд очсон үетэй таарчээ. Энэ жил, арван нэгэн сарын гучинд өвлийн туйл болов. Улирал солигдох тэр хэдэн өдөр Жя Му, Ван Фүрэнь, Фөн Же нар өдөр бүр хүн явуулж Чинь авхайг эргүүлнэ. Очсон хүмүүс “Энэ хэдэн өдөр өвчин нь нэмэгдсэн ч үгүй. Сайжирсан ч үгүй” гэж ярина. Ван ФүРэнь: “Энэ өвчин энэ улиралд хүндрэхгүй бол даруй эдгэж болно” гэхэд Жя Мү: “Тиймээ, хөөрхий охин минь, хэрэв ийм тийм болбол цөмөөр зовж үхэх бишүү” гээд уярна. Тэгээд Фөн Жэд “Таны эх бэр хоёр сэтгэл таарч ханилсан улс. Маргааш шинийн нэгэн. Маргаашийг өнгөрөөгөөд чи дахин очиж үз. Чи түүний байдлыг нарийн ажиглаад, овоо засарсан бол надад хэл. Тэр охины идэх дуртай юмыг нь хүнээр хүргүүлж, өгч байгтүн” гэв.

Шинийн хоёрны өглөө хоолоо идчихээд Нин Гөфүгийнд очиж Чинь авхайн байдлыг үзэхэд өвчин нь нэмэгдээгүй боловч тураад яс арьс болжээ. Тэднийд хагас өдөр сууж Чинь авхайтай энэ тэрийг ярилцаж байхдаа Фөн Же: “Энэ өвчин гайгүй болно” гэж тайвшруулан сэтгэлийг засаж байлаа. Чинь авхай: “Миний сайн болох хавар л мэдэгдэнэ. Одоо өвлийн туйл өнгөрөөд байхад яах ч үгүй байгааг бодоход сайн болох ч магадгүй. Авга эх та Лао Тайтай болон бусад Тайтайд сэтгэлээ амар байлга гэж хэлж өгөөрэй. Өчигдөр Лал Тайтайгийн хайрласан чавгатай боорцогийг хоёр дахиж идлээ. Шингэж байна” гэв. Фөн Же:

-Би маргааш бас авчирч өгнөө. Би одоо хадам эхтэй чинь уулзаад дараа нь хариад Лао Тайтайд хэлнээ гэлээ. Чинь авхай: “Та миний өмнөөс Лао Тайтайгийн амрыг эрээрэй” гэж захив. Фөн Же, Ёу хатны дээд өрөөнд орж ярилцав.

-Чиний гярхай нүдэнд миний бэр ямар харагдав?

-Энэ ч бараг тусгүй болсон бололтой. Чи одоо хойтын явдлыг нь бэлтгэвэл таарна. Домнож өгвөл тус болж магад.

-Би далдуур бэлтгүүлж байгаа. Ганцхан сайн мод олдохгүй байна. Аажуухан бэлтгэж л байна.

-Би одоо хурдан харьж, Лао Тайтайд хэлье.

-Чи аятайхан хэлээрэй. Настай хүнийг айлгачихав.

-Би мэдэлгүй дээ.

Тэр хоёр ийн ярилцаж, цай ууж жаахан суув. Фөн Же тэндээс гараад гэртээ хариут Жя Мутай уулзав. Тэгэхдээ: “Жя Руний бэр, Тайтайгийн амрыг айлтган, мөргөж байна. Баахан дээрджээ. Тайтай таныг сэтгэлээ битгий чилээ. Биеэ сайжрахаар очиж амрыг нь эрнэ гэж хэлүүллээ” гэв. Жя Му:

-Чамд ямар санагдав гэж асуухад Фөн Же,

-Түр гайгүй. Сүр сүлд нь ч зүгээр байна гэв.

Жя Мү хэсэг бодлогоширсноо “Чи харьж хувцсаа сольж амар даа” гэв.Фөн Жэг гэртээ ороход, Пин Эр гэр зуур өмсдөг хувцсыг нь өмсүүлэв.

-Манайхаар ямар нэгэн учир явдал гараагүй биз гэсэнд Пин Эр цай аягалж өгөх зуураа,

-Онцын юмгүй. Тэр гурван зуун лан мөнгөний хүүг Ван Эр бэргэн хүргэж ирснийг би хүлээж авсан. Бас Жя Рүй дае хүн зарж найнайгийн гэртээ байх эсэхийг асуулгасан. Тэр ирж амрыг чинь эрж, ярилцах гэнээ гэж хэлэв. Фөн Же сонсоод хн гэж дуугараад “Тэр малын үхэх цаг нь болжээ. Тэр ирээд юү болохыг үзээрэй” гэхэд нь Пэн Эр,

-Энэ Рүй дае ирээд байдаг нь ямар учиртай вэ гэсэнд Фөн Же, есөн сард Нин Гуофүгийнд уулзсанаа, түүний хэлсэн ярьсныг хүртэл цөмийг Пин Элд хэлэв. Тэрбээр сонсоод, “Худагт байх хуумаа мэлхий, хун галууны маханд дурлана” гэгчээр хүний үнэргүй адгуус л ийм санаа бодно. Үхлийн муугаар үхүүл гэв. Фөн Же,

-Ирсэн хойно нь, би мэдье гэлээ.

Жя Рүй эднийд ирээд юу болсныг хойт бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Руо Егийн горхи-Зэ Жиян мужийн Шю Шингийн өмнүүр Рүвэ Еэ уулнаас урсдаг горхи

  2. Ди Ди зам-Зө Жян мужийн Тяньтай хошууны Тянь Тайшан уулын замыг хэлнэ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж