Б.Цогтгэрэл:Чөлөөлөгдсөн газарт вокзал барина

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл:Чөлөөлөгдсөн газарт вокзал барина

Б.Цогтгэрэл:Чөлөөлөгдсөн газарт вокзал барина

Баянгол дүүрэг Төмөр замын вокзалын хажууд байрлах 1000 машины авто зогсоолыг нүүлгэн шилжүүлэхийг худалдаа эрхлэгчид эсэргүүцэн, цагдаа иргэдийн дунд үл ойлголцол үүссэн. Энэ газар нь “Улаанбаатар  төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн эзэмшлийн газар юм. Үүсээд байгаа асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-1000 машины зогсоолын газар чөлөөлөхтэй холбогдуулан цагдаа, худалдаа эрхлэгчдийн дунд үл ойлголцол үүссэнээс болж олон нийтийн анхаарлыг татаад байна. Ямар учраас энэ газрыг чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байгаа юм бэ?

-2006 онд “Даяар хас” ХХК  “Улаанбаатар  төмөр зам” ХНН-тэй гэрээ хийж, төмөр замын газар дээр авто  машины зогсоолын түрээсийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Түрээсийн үйлчилгээний гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос “Даяар хас” ХХК түрээсэлж байсан газраа өөрийн өмч болгохоор шүүхэд хандсан. Шүүх өргөдлийн нь дагуу авч хэлэлцээд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар өөрөө шийд гэсэн шийдвэр гаргасан байдаг. “Улаанбаатар  төмөр зам” ХНН-ын зүгээс  2013 оноос хойш маш олон удаа хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдүүлэхээр үе үеийн дарга, удирдлагууд явж байсан. Сая шүүх дээр энэ бол “Улаанбаатар  төмөр зам” ХНН-ын талд шийдвэр гаргасан. “Даяар хас” ХХК-ны зүгээс дээд шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг үндэслэж Хотын дарга шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх хүрээнд авто худалдааны төв болон захуудыг хотоос нүүлгэх шийдвэр гаргаж, тэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Энэ тогтоолын хүрээнд авто зогсоолыг чөлөөлөх шийдвэр гарсан. “Даяар хас” ХХК гэхэд авто машины түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлгүй.

-Газар чөлөөлөх сануулгыг тухайн компанид өмнө нь өгсөн үү?

-Өмнө нь газраа чөлөөлөх сануулга өгч байсан. Албан чөлөөлөх үйл ажиллагааг Газрын тухай хуулийн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг цагдаагийн байгууллага хангаж өгнө гэж заасны дагуу Хотын даргын захирамжаар цагдаагийн байгууллага албадан чөлөөлсөн. “Даяар хас” ХХК 2013 оноос хойш нэг ч удаа түрээсийн мөнгө төлөөгүй.

-Одоо энэ газрын гэрчилгээ “Улаанбаатар  төмөр зам” ХНН-ийн нэр дээр байгаа юу?

-“Улаанбаатар  төмөр зам” ХНН 2017 онд анх удаа газраа гэрчилгээжүүлж авсан. Олон улсын хэлэлцээрийг үл хэрэгсэн үе үеийн удирдлага, компаниуд шийдэж чадахгүй байсаар маш олон газраа алдсан. Том том компаниуд газрыг нь аваад олон барилга барьсан. Одоо “Улаанбаатар  төмөр зам” ХНН нэг ч газраа алдахгүй. Харин ч байгаа газраа баталгаажуулж авна. 1949 оны хэлэлцээрийн дагуу “Улаанбаатар  төмөр зам” ХНН-ийн эзэмшиж байгаа газруудад зөвшөөрөлгүй  үйлчилгээ эрхэлж байгаа олон газар бий. Цаашид энэ мэтчилэн газар чөлөөлөх ажил үргэлжилнэ. Би энд ажиллаж байх хугацаандаа төмөр замын газраас нэг см-ийг бусдад өгөхгүй.

-Чөлөөлж байгаа газарт юу барих вэ. Зураг төсөл, төсөв хөрөнгө нь шийдэгдсэн учраас газар чөлөөлж байгаа гэж ойлгож болох уу?

-Чөлөөлөгдсөн талбайд барууны орнуудын дэвшилтэт технологи бүхий вокзал барина. Кино театр, хүүхдийн тоглоомын төв, дэлгүүр гээд гадны орнуудын томоохон вокзалууд шиг тохилог, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх цогцолбор барина. Өнөөдрийн ашиглаж байгаа төв вокзал бол 1950 оны барилга ашиглалтаас гарсан, нурах эрсдэлтэй барилга болсон. Тиймээс бид түүх болгон авч үлдэж, музей хэлбэрээр ашиглах боломжтой. Бид өнөөдрийн зорчигчдын урсгалд тохируулсан том өртөө барих ёстой“Улаанбаатар  төмөр зам” ХНН маш гоё вагонууд худалдаж авсан, тохилог болсон. Тиймээс тохилог, орчин үеийн өртөө барихаар бэлтгэж байна. Хөрөнгө санхүүгийн хувьд шийдэгдэх шатандаа явж байна“Улаанбаатар  төмөр зам” ХНН-ийн 50 хувийг ОХУ-ын тал эзэмшдэг учраас хамтран шийдвэр гаргана.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж