Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд 40-80 саяыг өгөх санал гарав

Хуучирсан мэдээ: 2018.01.03-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд 40-80 саяыг өгөх санал гарав

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд 40-80 саяыг өгөх санал гарав

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.03) 14 цаг 57 минутад 52.9 хувийн ирцтэй эхэллээ. 

Хамтарсан хуралдааныг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Нөхөн олговрын мөнгө энэ оны төсөвт тусгагдаагүй, 2019 оноос эхэлж улсын төсөвт суулгана. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговроос ямар нэг суутгал, татвар хураамж авахгүй байх зохицуулалттай аж. 

Урьд нь хэлмэгдэгчдэд нэг сая болон таван зуун мянган төгрөг, зарим хүмүүст орон сууц, гэр олгож ирсэн байдаг. Энэ удаагийн өөрчлөлтийн нэг онцлог нь орон сууц олгоход чиглэж байгаа учраас хууль санаачлагчдын гаргасан тооцоо үндэслэл, зах зээлийн бодит үнэ ханш, нөхцөл байдалтай уялдуулан улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгохоор тусгах нь зүйтэй гэсэн саналыг гишүүд хэлэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд өмнө нь нөхөх олговрын мөнгө, бас орон сууц, гэр олгох зэргээр олон арга хэмжээ авч, хохирлыг нь барагдуулахад төрөөс зохих ёсоор анхаарч ирсэн. Энэ удаагийн зохицуулалтыг сайн нарийвчилж зааж өгөхгүй бол маргаан гарах, буруу ташаа ойлгоход хүрч мэдэх учраас нухацтай хандах шаардлагатай гэв. 

Харин ажлын дэд хэсгийн гишүүн, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь:

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл, гомдол гаргах хугацаа дууссан тул гомдол, мэдээлэл хүлээж авах ажиллагаа явагдахгүй байгаа. Одоогоор шалгагдаж байгаа 1030 хэрэг, баримт мэдээлэл нь олдохгүй байгаа шалтгаанаар түр зогсоосон 120 хэрэг, мөн зарим аймагт шалгагдаж байгаа хэрэг материалууд гээд нийтдээ 3000 орчим хэргийг шийдвэрлэх шаардлага үүсэх магадлалтай байна. 

Тэгвэл Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар өргөдөл гомдол гаргагч нь нэхэмжлэлийн бүрдлийг хангаж байх үедээ нас барсан тохиолдолд нөхөх олговор авах эрх нь түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжих хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа гэдгийг тодотгосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж