Авлигын хэргээр албан тушаалаасаа огцорч, шоронд хоригдож буй БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд нэмэлт хэрэг үүсгэсэн тухай Сөүлийн тойргийн прокурорын газраас мэдэгдсэн байна. Түүнийг төрийн тэргүүний алба хашиж байх хугацаандаа тагнуулын байгууллагаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Шинээр үүсгэсэн хэргийг өмнөх авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгтэй нэгтгэн шалгах эсэхийг хараахан шийдээгүй байгаа гэнэ.
Пак Гын Хэг БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны тавдугаар сараас 2016 оны долдугаар сарын хооронд Үндэсний тагнуулын албанаас сар бүр 200 сая вон хүртэлх хэмжээний авлига авсан гэж сэжиглэж байгаа юм. Дээрх хугацаанд нийт 3.8 тэрбум вон авч, тодорхой хувийг нь улс төрийн хууль бус үйл ажиллагаанд зарцуулсан байж болзошгүй гэж прокурорын байгууллагаас мэдэгджээ.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Пак Гын Хэ өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон юм. Улмаар түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахууль авсан зэрэг 18 зүйл ангиар буруутган, саатуулсан билээ.
Тагнуулын байгууллагаас авлига авсан гэх нэмэлт хэрэгтэй холбогдуулан прокурор, мөрдөн байцаагчид Пак Гын Хэгээс байцаалт авахаар хоёр ч удаа шоронд очсон боловч тухай бүрт нь экс-ерөнхийлөгч байцаалт өгөхөөс татгалзсан юм.
Энэ хэрэгт холбогдуулан Үндэсний тагнуулын албаны даргаар ажиллаж байсан хоёр эрхэм, мөн Пакийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг шалгаж, саатуулаад байгаа аж.
С.ЦЭЛМЭГ