Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтанаар “BSB” сервис компанийн Хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорсон. Түүнд 500 сая төгрөгийн батламжийг 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өгсөн. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг зэргийг худалдан аваад азтан болсон бүсгүйн дансанд өнөөдөр /2018.01.03/ 500 сая төгрөг оржээ.
Энэ талаар тэрбээр “Би НӨАТ-ын сугалааны журмыг боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бид өмнө нь татварын хоёр хувийн буцаан олголтыг авч чаддаггүй байсан. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хийгдэж авч чаддаг болчихлоо. Бас Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл монголчуудын татварт төлсөн мөнгийг би авчихсан байгаа шүү дээ. Би энэ мөнгийг улс эх орондоо хэрэгтэй зүйлд зарцуулж, эргээд татвараа төлдөг болохыг мөрөөдөж байгаа. Тэр мөрөөдөлдөө хүрэх байх” гэжээ.
Э.Бурам